/2024.04.16/: Эрүүл мэндийн яам НҮБ-ын Хүн амын сантай хамтран гамшгийн үеийн бэлэн байдлыг үнэлэх зорилгоор үндэсний хэмжээний “Эх барих, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлын үнэлгээ” семинарыг энэ сарын 11-12-нд зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал эрс нэмэгдэж, давтамж нь олширч, газар хөдлөлт, зуд, шороон болон цасан шуурга, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд нэмэгдсээр байгаа юм.
Манай улсад л гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдэл хэт халалт, ган, аадар бороо, хүчтэй салхи, их цас, үер мөндөр, зудын эрсдэл сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, жилд дунджаар 50-иас дээш удаа тохиолдсон. Тиймээс гамшиг ослын үед эх, хүүхдийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах, мэргэжилтнүүдэд тодорхой мэдлэг олгож чадавхжуулах шаардлага байгаа юм гэдгийг семинар зохион байгуулагчид онцолж байлаа.
Семинарт нийслэлийн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн найман байгууллагын 41 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдав.
Эх сурвалж: ЭМЯ