Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны дөрөвдүгээр сарын 04-ний үдээс хойших нэгдсэн хуралдаан болсон.

Хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар нээж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир илтгэсэн юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталж, цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 2018 онд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 4 дэх удаа сунгасан. Уг өөрчлөлтийн үр дүнд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг; улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор хуульчилсан.

Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд олон иргэн цагаатгуулах тухай гомдол гарган, материал бүрдүүлэн өгч, цагаатгагдаж, нөхөх олговор авсан хэмээн танилцууллаа. Хуулийн төслөөр цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгохоор тусгасан бөгөөд дэлхийн бусад оронд ийм төрлийн хуулийн хугацааг хязгаарлаж тогтоодоггүй онцлогтой гэв.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Санал, дүгнэлтийг танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир хуулийн төслийг хугацаагүй болгох боломжтой эсэхийг асуулаа. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа сүүлийн гурван жилийн хугацаанд ирсэн хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч, нийт 44 тэрбум төгрөгийг нөхөх олговорт олгосон талаар танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, 36 орчим мянган хүн хэлмэгдсэн хар түүхийн тухай бид ярьж байна. 1990 оноос хойших хэлмэгдүүлсэн хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуухад, төрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах олон улсын тунхагийг соёрхон батлах ёстой гэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, хар бараан түүх, хэлмэгдэгсдийн сэтгэлийн шархыг эдгээх боломжгүй. Үнэнийг хэлж, дуугарсных нь төлөө сэтгүүлчдийг хорьдог. Үгээ хэлснийхээ төлөө хоригддог, цагаатгадаг явдал гарч байна. Тэдний эрхийг хэрхэн хамгаалах талаар асуухад Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа 30 жилийн хугацаанд 31 мянган хүнийг цагаатгасан. Уг хуулинд хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Хугацаа тогтоох боломжгүй. Цаашид хэрхэхийг нухацтай хэлэлцэх шаардлагатай гэсэн хариултыг өгөв.

Хуралдаан ийн үргэлжилж, гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар дээрх хуулийн төслийг ихээхэн чухал ач холбогдолтой хэмээн онцлоод хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар ирэх 7 хоногт буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар хойшлууллаа.

Мөн баталсан тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Эх сурвалж: УИХ

Боршоо боомт ухаалаг хяналтын систем, рентген, тоног төхөөрөмж, лаборатори бүхий орчин үеийн боомт болж шинэчлэгдлээ
Боршоо боомт ухаалаг хяналтын систем, рентген, тоног төхөөрөмж, лаборатори бүхий орчин үеийн боомт болж шинэчлэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.