/2024.03.22/: Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга О.Нарандэлгэртэй ярилцлаа.
-Боомтын бие даасан хуультай болохын ач холбогдол юу вэ?
-Монгол Улс 2013 онд Боомтын тухай хуультай болж, 2019 онд хүчингүй болгосон. Энэ хуулийн онцлог нь хил дээр үйл ажиллагаа явуулдаг Гаалийн байгууллага, Хилийн цэрэг, Гадаадын иргэн харъяатын алба зэрэг хяналт шалгалтын байгууллагуудын боомт дээрх үйл ажиллагааг зохицуулсан, аюулгүй ажиллагааг хангасан, хяналтын чиглэлийн хууль байсан. Тэгвэл энэ Засгийн газраас Боомтын сэргэлтийн хүрээнп боомтын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, боомтуудын хүчин чадлыг нь 3-4 дахин нэмгдүүлэх зорилт тавин 2023 онд 8 боомтыг хөгжүүлэн ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо боомтуудад боомтын авто зам, төмөр зам, олон төрөлт чингэлэг тээврийн терминал, хил хяналтын байгууллагын ажилтан албан хаагчдын орон сууц зэрэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн.
Үүнийг товчлон дүгнэвэл БНХАУ-тай хиллэж байгаа байнгын ажиллагаатай 13 боомтоос 8 боомт, ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай 10 боомтоос 4 боомтод нь боомтын бүтээн байгуулалтын ажил хийж, сайжруулалт хийлээ. Мөн 2024 оноос Цагааннуур, Хавирга, Булган боомтуудад бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ажиллалаа.
УИХ-ын 2023 оны 8 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлт”- ийн бодлогод тусгасан “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хилийн боомтуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, боомт дагасан суурьшлын бүсүүдийн дэд бүтэц, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх Боомтын тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр даалгасны дагуу Боомтын тухай хуулийн төслийг боловсруулах судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Боомтын тухай хуулийг ийнхүү 8 жилийн дараа шинэчлэн боловсруулснаар эдийн засагт үзүүлэх боомтын үр нөлөөг дээшлүүлж, боомтын үйл ажиллагаа шуурхай явуулах нөхцөлөөр хангах юм.
-Хуулийн ач холбогдол нь юу вэ?
-Боомтыг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэх, төлөвлөлтийг зөв зүйтэй хийх юм. Энэ төлөвлөлт нь байшин барилгын асуудал биш, бүс нутгийн интеграци, худалдааны олон улсын бодлоготой яаж холбогдох вэ, хөрш улс орнуудын дэд бүтцийн сүлжээтэй хэрхэн уягдах вэ зэрэг өргөн хүрээтэй асуудлыг зохицуулна. Мөн боомтын санхүүгийн нөхцлийг хангаж байгаа гурван эх үүсвэр байна. Нэгдүгээрт, Засгийн газар хөрөнгө оруулж байна, хоёрдугаарт, гадны улс орнуудын буцалтгүй тусламж, гуравдугаарт, олон улсын байгууллагуудын зээлээр санхүүждэг.
Боомт нь санхүүгийн эх үүсвэрээ өөрөө шийдвэрлэдэг, хөрөнгөө босгодог, бүтээн байгуулалтаа өөрөө хийдэг байх боломжийг энэ хуулийн төслөөр бий болгохоор зорьж байгаа. Менежмент, засаглалын олон хэлбэрийг бий болгох нь зүйтэй гэж үзэж, энэ боломжийг эрэлхийж байгаагаараа онцлогтой.
-Боомт компани хэлбэртэй ч байж болох нь ээ?
-Тийм боломж бий. Манай улс 39 боомттой. Боомт бүхэн өөр, өөрийн онцлогтой. Үйл ажиллагаа нь жигдэрсэн боомтуудад үе шаттайгаар бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг шийдэн ажиллаж байна. Харин үлдсэн хувьд нь тухайн боомтын онцлог дээр тулгуурлан хөгжүүлэх төлөвлөлтүүдийг хийж байна. Ингээд боомтын менежментийг хувийн хэвшилд өгөх үү, төр хувийн хэвшил хамтарсан байдлаар шийдэх үү, концессын гэрээгээр шийдвэрлэх үү гээд олон хувилбар бий болно. Энэ нь тийм шинэ ч зүйл биш. Өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг төрөөс барьж, хувийн хэвшлийн менежментээр үйл ажиллагаа нь явж байгаа. Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшилтэй хоршин ажиллаж байгаагийн жишээг эндээс харж болно. Энд Гаалийн газар, Гадаадын иргэн харъяат гээд төрийн байгууллага үйл ажиллагаагаа хэвийн л явуулж байна.
-Боомтын үйл ажиллагаа хоёр улс орны бодлогын огтлолцох бүс юм болов уу. Энэ бодлогыг хэрхэн тусгасан бэ?
-Нийт боомтын 60 гаруй хувьд нь төлөвлөлт хийж байгаа. Энэ нь хоёр хөрш орны аль боомттой хиллэж байна гэдгээс шалтгаалж, тухайн боомтын төлөвлөлт нь нөгөө талтайгаа зайлшгүй уялдах ёстой. Өмнө нь бид алдаатай явж ирсэн. Хятадын тал өөрсдийн төлөвлөлтөө хийчихсэн байхад бид үүнтэй нь уялдуулахгүйгээр өөрсдийн төлөвлөлтөө хийдэг байснаас үүдэлтэй төмөр замын цэг нь таарахгүй гэх мэт алдаанууд үүссэн. 2023 оны . Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын тавдугаар хуралдаанаар хоёр тал төлөвлөлтүүдээ ил болгож, уялдаатай хамтын ажиллагааг бүрдүүлэх нь зөв гэдэгт саналаа нэгтгэсэн.
-Хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
-Хуулийн төслийг боловсруулаад дуусч байна. Хууль батлах процессийн дагуу явна. Зохих байгууллагуудаас санал авах, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, санал авах зэрэг үйл ажиллагаа явагдана. Энэ хаврын чуулганд арай амжихгүй болов уу.