/2024.03.21/: Уулзалтад Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Ж.Энхбат нар оролцож, “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци”-аас уул уурхай, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар танилцуулж, нээлттэй санал солилцлоо.
Тус ассоциаци нь 30 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Эрдэс баялгийн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн 75 хувь, төсвийн орлогын 30 орчим хувь, нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, цаашдын өсөлтийг бий болгох тулгуур салбар болоод байна.
Уулзалтын үеэр Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр түшиглэж байгаа, тиймд та бүхний ажил хэрэгч саналууд, бодлогын санал, санаачилгууд шаардлагатай байгаа бөгөөд ирүүлсэн саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж ажиллахаа илэрхийллээ.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциациаас дараах саналуудыг илэрхийллээ;
- Хайгуулын үйл ажиллагаа сүүлийн 10 жилийн хугацаанд зогсонги байдалтай байна. Цаашид эдийн засгаа тэлэх боломжуудыг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тааз дуусаж байгаа учир хайгуулын ажлыг хийх,
- Олон улсын дэвшилтэт туршлагуудыг бий болгох, хариуцлагатай уул уурхайн жишгийг бий болгох, хэн дуртай нь ирээд лиценз авдаг биш бодлогын хувьд шинэчлэл хийх,
- Олборлож байгаа эрдэс баялгаа боловсруулан экспортод гаргах үйлдвэрлэлийг бий болгох,
- Эрчим хүчний хомсдолын улмаас уул уурхайн салбарын үйл ажиллагаа зогсож байгаа тул Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хангамжийн асуудлуудаа шийдэх,
- Татварын орчин, төрийн өмчийн компани, аж ахуй нэгжүүдийн засаглалыг сайжруулах, төрийн хэвшлийн компаниуд, түүний тодорхой зохицуулалтуудыг зөв хийх хэрэгцээ шаардлага үүсэж байгааг онцоллоо.
Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: Хайгуулын лицензийг либералчлах боломжийг нь нээж өгөхийг дэмжиж байгаа бөгөөд эрчим хүчний хувьд 100 хувь хараат байх гэрээг монголчуудаар өөрсдөөр нь хийлгэсэн. Эгийн голын цахилгаан станц зэрэг томоохон бодлого тодорхойлж байгаа төсөл дээр улс төрчдийн популизм бий болж үр ашиг бүхий бодлогын шийдлүүд зогсонги байдалд ороод байгаа талаар илэрхийллээ.
Эх сурвалж: Ардчилсан нам