3900 гаруй объект шар усны үерт өртөх эрсдэлтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3900 гаруй объект шар усны үерт өртөх эрсдэлтэй байна

/2024.03.14/: Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон "Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя" аяны талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, үерийн эрсдэлийн индексийг арифметик дунджаар тооцож, өмнө жилүүдэд хийгдэж байсан судалгааны ажлууд болон бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан тодорхойлоход нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу “Маш их” түвшинд байгааг албаныхан мэдээллээ.

Иймд НОБГ, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт халиа тошинд өртсөн, шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд урьдчилан сэргийлэх, цас мөсөө цэвэрлэх, шуудуу татах, далан босгох зэрэг сэрэмжлүүлэг өгч байна. Мөн шар усны үерийн эрсдэл бүхий газар зөвшөөрөлгүй суурьшсан айл өрхүүдэд нүүх мэдэгдэх хуудас хүргүүлж, шилжин суурьших бүсийг тогтоох ажлыг зохион байгуулж байгаа юм.

НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат:

-Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн. Үүнд холбогдох хариу арга хэмжээг цаг алдалгүй авч байна. Өнгөрсөн оны 7, 8 дугаар сард үерийн эрсдэл үүсэж, есдүгээр сард олон жилийн дунджаас 1-1.5 дахин их хур тунадас, 11-12 дугаар сард олон жилийн дунджаас 2-3 дахин их цас орж, Улаанбаатар хотод 17-19 см, гуу жалга хэсэгтээ 30-40 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Эдгээр шалтгаан нөхцөлөөс гадна цаг агаар дулаарч байгаа тул шар усны үер буух эрсдэл үүсээд байна. Судалгаагаар 3900 гаруй объект шар усны үерт өртөх эрсдэлтэй байгаа. Мөн жил тутам нийслэлд 40 мянга гаруй өрх шинээр суурьшиж байгаа гэх судалгаа бий. Үүнээс 75 гаруй хувь нь хөдөө орон нутгаас ирж суурьшдаг. Ингэхдээ мэдээлэлгүйн улмаас үерийн гамшиг үүсэх эрсдэлтэй бүсэд суурьшин, үер уснаас үүдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:

-Энэ жил хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг өмнөх онуудаас эрт эхлүүлж буй. Тодруулбал, үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах хүрээнд хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlets” дэлгүүрийн газрыг чөлөөлж, голын голдирлыг өргөсгөх ажлыг эхлүүлсэн. Мөн Сэлбэ, Толгойт голын үерийн хамгаалалтын сувагчлалыг нээсэн. Үерийн барилга байгууламжийн мөсний түвшин нэмэгдсэн найман байршилд хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 6-н хүртэл 350 ажилтан, 235 техник хэрэгсэлтэй ажиллан, 11,091 рейсээр 221,820 тонн мөсийг зөөвөрлөн Туул гол руу буулгасан. Түүнчлэн Нарны гүүрнээс Дунд голын гүүр хүртэл үерийн хамгаалалтын далан барих тендерийг ирэх долоо хоногт зарлахаар төлөвлөж байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар:

-Өнөөдрийн байдлаар шар усны үерт өртөх эрсдэлтэй 1339 нэгж талбарт 1487 айл өрх байгаагаас 1097 буюу 74 хувь нь газрын гэрчилгээтэй. Үлдсэн 390 буюу 26 хувь нь зөвшөөрөлгүй суурьшиж байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нийт 1277 айл өрхөд мэдэгдэх хуудас хүргүүлэн, гурван айлыг нүүлгэн шилжүүлж, 35 айлын хашааг татуулах ажлыг зохион байгуулсан. Мөн онцгой байдлын газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу халиа тошинд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх байршлыг тодорхойлсон. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 155, Сонгинохайрхан дүүрэгт 145, Хан-Уул дүүрэгт 28, Налайх дүүрэгт 20 айлын байршлыг тус тус бэлдэж, гамшгийн үед түр суурьшуулах нийт 348 айлын нэгж талбарыг бэлдээд байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

-Нийслэлд шар усны үер болон уулын уруйн хавсарсан үер болох эрсдэл өндөр байна. Иймээс хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлын төлөө “Нэг хот, нэг гэр бүл” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд үүнд иргэд, албан байгууллагууд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын 470 гаруй ажилтан, алба хаагч, 126 техник хэрэгсэлтэй гараар болон тусгай зориулалтын механизмаар 26,456.1 шоо метр суваг шуудуу татан, 7,463 тонн мөсийг зөөж, Туул, Гүнт, Ногоон нуурын далан руу тээвэрлэсэн. Түүнчлэн 500 метр шороон далан босгож, 273 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлээд байна. Есөн айл, өрх хашаандаа байх боломжгүй болж, үүнээс долоон айл өөрсдөө нүүн шилжиж, хоёр айлыг НОБГ-ын албан хаагчид нүүлгэн шилжүүлээд байна.

Ташрамд, өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны 23:09 цагт "Дарь-Эхийн 29 дүгээр хороо, Дунд буудлын замд шар усны үер үүссэн байж болзошгүй нөхцөл байдалтай байна" гэх дуудлага мэдээлэл Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст бүртгэгдсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц орчимд шар усны үерийн нөхцөл байдал үүссэн. Ийнхүү дуудлагын дагуу холбогдох албаныхан газар дээр нь ажилласан бөгөөд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бригад ажиллан, зам талбайд хальсан усыг соруулаад байна. Түүнчлэн ойр орчмын цас хайлж, шар ус тогтсон байршил дахь шугам хоолойн бөглөрлийг гаргах ажил үргэлжилж байгаа юм.

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа, шар усны үерт өртөж болзошгүй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын цасаа цэвэрлэн, үерийн далан, борооны ус зайлуулах суваг шуудууг цэвэрлэн, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Х.Эрдэнэбилэг: Зарим иргэд суурьшлын бүс рүү удаа дараа мал оруулж байна
Х.Эрдэнэбилэг: Зарим иргэд суурьшлын бүс рүү удаа дараа мал оруулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.