/2024.03.11/: БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо 2024 оны гуравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд дэд сайд Г.Амартүвшин БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-той гуравдугаар сарын 11-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хэлэлцээний эхэнд дэд сайд Г.Амартүвшин цар тахлын дараа хоёр улсын түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд энэхүү айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгааг тэмдэглэв.
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо элэгсэг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд Зүүн хойд Азид зэрэгцэн оршиж буй Монгол Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэв.
Хэлэлцээний үеэр талууд өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа түүхэн сорилт, шалгуурыг даван туулж, тогтвортой хөгжиж ирснийг онцлоод цаашид хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бодит хамтын ажиллагаагаар бэхжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаатай санал нэгдэв.
Хоёр тал, 2023 онд тохиосон Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 35 жилийн түүхэн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлснийг өндрөөр үнэлж, хоёр улсын боловсрол, соёл, урлаг, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, төлөөлөгчид солилцоог бүхий л түвшинд сэргээн идэвхжүүлэхээр тогтов. Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов.
Эх сурвалж: ГХЯ