Л.Цог: Үндсэн хуулийн цэц үүргээ гүйцэтгэхгүй, эрх баригчдад үйлчилж буй нь хамгийн ТОМ НҮГЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Цог: Үндсэн хуулийн цэц үүргээ гүйцэтгэхгүй, эрх баригчдад үйлчилж буй нь хамгийн ТОМ НҮГЭЛ

/2024.1.13/ Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан 32 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ өдөртэй холбогдуулан ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их хурал, Улсын бага хурлын гишүүн асан Л.Цогтой ярилцлаа.

-Үндсэн хуулийн үүрэг, ач холбогдлын талаар товчхон дурьдахгүй юу?
-Үндсэн хуулиараа аливаа улс үндэстэн нийгмийн ямар тогтолцоотой байх вэ, Үндсэн хуулиа биелүүлэх-хянах механизм, төрийн удирдлагын, өмчийн ямар хэлбэртэй байх вэ, ард иргэд нь ямар эрхтэй байх вэ гэх мэт тухайн нийгмийн оршин тогтнох үндсийг заасан улс төр-нийгмийн том бичиг баримт юм. Ард түмэн, төрийн хооронд байгуулсан гэрээ ч гэж нэрлэж болно. Хууль бол хүний амьдрал эхлэхээс, хорвоогоос халих хүртэлх нийгмийн бүхий л харилцааг зохицуулдаг зүйл.

-Тухайн 1992 онд монголчууд тэс өөр “ертөнцөд” хөл тавих гээд сэтгэл түгшин та бүхнийг анзаарч байсан байх. Та бүхэн ч бас цоо шинэ нийгмийн байгууллыг бий болгох гээд маш олон өдөр хуралдаж, ажилласан. Хэрэв алдвал алдааны нэг хэсэг болно, оновол мөн онооны нэг хэсэг болно. Хувь хүнийхээ хувьд та “Алдааны нэг хэсэг болох вий” гэж айж, эмээж байсан уу?
-Социалист систем 1990 онд задрахад “Одоо бид ямар замаар явах вэ” гэж монголын ард түмэн бүгдээрээ түгшсэн. Биднээс хүссэн хүсээгүй, асуусан асуугаагүй тогтолцоо нь нурчихаар “Бид яаж амьдрах вэ” гэдэг асуулттай тулгарсан нь энэ. Миний хувьд монголд анх удаа ардчилсан сонгуулийн дараа бий болсон Ардын их хурал, байнгын ажиллагаатай Улсын бага хурал аль алинд нь гишүүн байлаа. Монголын байнгын ажиллагаатай парламентын анхны Хууль зүйн байнгын хорооны дарга, Үндсэн хууль боловсруулах, хэлэлцэх улсын комиссын гишүүн гээд маш хариуцлагатай албан тушаалыг хашиж байв. “Өмнөхөөс нь дордуулчих вий” гэсэн айдас үнэхээр байсан. Үндсэн хуулийн төслийг ард түмнээрээ хэлэлцүүлж, 900 мянган санал авч байлаа. Энэ бүхнээс харвал нийгмээрээ л ямар нийгэм байгуулах вэ, ямар замаар явах вэ гэсэн хэлэлцүүлэгтэй байсан учир түгшээгүй монгол хүн байгаагүй байх. Ямар нийгэм байгуулах бол гэдэг нь ч бас сонин байсан байх.

-Маш олон хоног хуралдсан гэдэг.
-Улсын бага хурал төслийг хэлэлцэхдээ нийт 40 орчим улс орны Үндсэн хуулийг харьцуулан судалгаа хийсэн. Анх бодохдоо 10 гаруй хоног хуралдаад баталчихна гэж төлөвлөсөн. Гэтэл 76 хоног Ардын их хурлын чуулган хуралдсаны 66 хоногт нь Үндсэн хуулиа хэлэлцэж байж баталсан. Үүнээс өмнө Улсын бага хурал дөрвөн удаа хэлэлцэж, ард түмнээс санал авсныг Ардын их хуралд өргөн барьж, 435 депутат хэлэлцсэн хэрэг. Мэдээлэл, мэдлэгийн зөрүүтэй олон хүн байсан учир нэг талаараа танин мэдэхүйн том туршлага болсон. Үндсэн хуулийг “нурааж” буцаах бүрт түүнийг дахин тайлбарлаж, ойлголтыг бий болгохын тулд маш их цаг хугацаа зарцуулсан.

-Үндсэн хуулийн бусад хуультай харилцах харилцаа ямар байх ёстой юм бэ. Жишээ нь, Үндсэн хуульд Улсын Их Хурал нь 76 гишүүнтэй байна гээд заачихсан. Гэтэл өнөөдөр УИХ 72 гишүүн байна. Энэ байдлыг Үндсэн хуулиа УИХ нь өөрөө зөрчиж байна гэж харах юм уу, эсвэл УИХ-ын тухай хуулиараа “Хуралд оролцож болно, болохгүй” гээд явчихна гэж ойлгох юм уу?
-Монгол Улсын Үндсэн хуульд нийгэм, эдийн засаг, оюун санаа гээд бүх харилцааны хамгийн гол цөм зарчмыг зоосон учир дараагийн хуулиуд нь түүнд яв цав нийцсэн байх ёстой. Үндсэн хуульд заасан томъёоллыг амьдрал дээр гуйвуулж байна гэдэг бол хуулийн алдаанаас гадна төрийн эрх барьж буй хүмүүсийн бодлогын алдаанаас болж буй хэрэг. Энэ нь амьдралд сөргөөр бууж, гуч гаруй жилийг өнгөрөөлөө. Энэ гучин жилийн сургамж нь бусад хууль төдийгүй хуулийг даган гардаг журам болон тогтоол, захирамж гээд бүгд Үндсэн хуульдаа нийцсэн байх ёстой гэдгийг хууль тогтоох байгууллага, төр засгийн удирдлагууд нь ойлгох юм байна гэдэгт орших байх. Энийг ойлгоход их цаг хугацаа зарцуулах нь. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Чимэд гуайн хэлсэн “Үндсэн хуулийн үг бүрийн цаана багц санаа байгаа. Үүнийг нарийн ухаж ойлгох ёстой” гэсэн үг бий.

Үндсэн хууль бол уран зохиолын ном биш. Энэ бол шинжлэх ухааны нарийн эрэмбэлэгдсэн мэдлэг. Үүнийг хийж чадсан нь хойч үедээ өвлүүлсэн бидний өв юм гэж бодож байна.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг та юу гэж боддог вэ?
-Гурван удаа оруулсан нэмэлт өөрчлөлтийн алийг нь ч хүлээн зөвшөөрдөггүй хүний нэг бол би. Нэмэлт хийснээ тайлбарлахдаа олон түмний тархийг угаагаад байдаг. Гэтэл Үндсэн хуулийн манаач байх ёстой Үндсэн хуулийн цэц нь эрх барьж байгаа хүмүүсийн талд орж, тэдний хүссэнээр байгаа нь хамгийн том нүгэл гэж бодож байна.

-Хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ тайлбарлахгүй юу?
-“Дордуулсан долоон заалт” гэж нэрлэдэг 1999-2000 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт нь тэр үеийн УИХ-д байсан улс төрийн намуудын үйл ажиллагаанаас шалтгаалсан буюу өөрсдийн эрх мэдлийг тэлэх гэсэн хүслээ шингээсэн. УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд болж болно гэснээр Монгол Улсын парламентыг гүйцэтгэх засаглалтай хольж хутгасан. Төрийн хоёр том эрх мэдэл болох хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хооронд нь хутгасан, эрх мэдлийн төлөөх шуналын илэрхийлэл болсон гэж хэлж болно. Дараагийн орсон хоёр нэмэлт өөрчлөлт бас л төрийн эрх мэдлийн төлөө хийгдсэн.

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гээд, нэмээд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болно гэчихээр нам нь төрийг удирдах болчихоод байна. Сонгуулийн өмнө “Ийм санал өгөхгүй бол чамайг дахин сонгуульд дэвшүүлэхгүй” гэдэг асуудал гаргадаг, өмнө нь ч гарч байсан.

Оюутолгойн гэрээг байгуулах үеэр тэр үеийн намын дарга С.Баяр “Та хэдийг дараагийн сонгуулиар нэр дэвшүүлэхгүй” гэж байж тэр гэрээг батлуулж байсан. Тэгэхээр Монгол Улсын төрийн байгуулал нь өөрөө намын эрх мэдэлд орчихоор ийм аюултай механизмыг бий болгодог. Сүүлийн хэд хэдэн сонгуулиар бүрдсэн УИХ-ын чуулганы хуралдаан нь намын хурал шиг болсон. Ард түмний эрх ашгийн төлөө явах зарчим алдагдсан. Энэ мэт будилааныг мэргэшсэн хүмүүс нарийн харж, судалж байх ёстой юм.

-Сүүлийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний тоог 126 болгож нэмэгдүүлсэн.
-Би бол гишүүний тоог нэмэхээр монголын парламентын хууль тогтоох чадвар нэмэгдэнэ гэж огт бодохгүй байна. 76 гишүүн цөөдөөгүй гэсэн үг. Харин 76 гишүүний мэдлэг ур чадвар, эх орноо гэсэн сэтгэл дутсан учир Үндсэн хуулийн эсрэг, иргэдийн эрх ашигт нийцээгүй хуулиудыг гаргасаар ирсэн. Хүн ам нэмэгдсэн гэх хууль зүйн үндэслэл болохгүй шалтгаан хэлсэн. Миний санаж байгаагаар, яг жилийн өмнө ард түмнээс санал асууна гээд их том хэлэлцүүлэг хийсэн. Олон санал гаргасны дотор “УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй” гэсэн санал давамгайлсан байсан. Гэтэл УИХ-ын чуулганд оруулахдаа гуйвуулаад, ингэж баталж байгаа юм. Ард түмний саналыг засаж, гуйвуулж болохгүй.

-УИХ-ын гишүүний тоог нэмж байгааг төлөөлөх чадварыг нэмэгдүүлнэ гэж тайлбарласан. УИХ-ын төлөөлөх чадвар гэж юуг хэлдэг вэ?
-Хууль зүйн утгаараа засаг захиргааны нэгжийг төлөөлөхийг хэлж байгаа юм. Бүх аймаг, бүх сумаас төлөөлөлтэй байна. Энэ нь хуульд бий. Нийгмийн бүлгүүдийн төлөөлөл гэх юм бол шар айраг уудаг хүмүүсийн төлөөлөл ч багтах шаардлага бий болно. Ний нуугүй хэлэхэд, 126 гишүүн болгосон шалтгаан нь одоо байгаа УИХ-ын гишүүд дахин сонгогдох ёс зүйн эрхгүй, нэмээд идсэн уусан гэх хэрэгт орооцолдсон хүмүүс тойрогтоо очихоор гаргахгүй гэж бодсондоо тоог хүчээр нэмсэн гэж бодож байгаа юм. Энэ мэт булхайг хэлэхээс өөр аргагүй, хэлэхээр тоохгүй. Гэтэл Үндсэн хуулийн цэц нь “тэдний” талд орж байгаа. Дунд суудлын хуралдаанаар ярих байсан маргааныг хуралдааныхаа товыг зарласан мөртлөө хүчингүй болгоод, Их суудлын хуралдаанаар бүгдээрээ сууж байгаад олонхоороо эрх баригчдын саналын талд шийдсэн байгаа юм.

-Ер нь яавал төрийн үйл ажиллагаа цэгцрэх ёстой гэж та бодож байна?
-Гурван зүйл бий. Монголын төрд зөв явахын тулд эрх мэдэл, мөнгө хоёрыг тусгаарлах ёстой. Мөнгөтэй хүн төр рүү гардгийг болиулах ёстой. Мөн нам, төр хоёрыг салгах шаардлагатай. Засгийн газар, Улсын Их хурал холилдсон байдлыг болиулах ёстой буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд болдгийг таслан зогсоох хэрэгтэй.
УИХ-ын гишүүд сайд болохыг их олон жил мөрөөдөж, ийм өөрчлөлт хийхийг удаа дараа оролдож байсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хуульд эхэлж оруулахад, Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Дараа нь УИХ-ын дэгийн тухай хуульд оруулсныг дахиад хүчингүй болгосон. Ингээд байн байн хийсээр байгаад эцэст нь барьцаа хангалаа. Яамгүй баахан сайд гарч ирэх боллоо, парламенттай холилдлоо. Монгол Улсын Их хурал төрийн эрхийг барих дээд байгууллага. Гэтэл Засгийн газар нь Их хуралдаа тайлагнадаггүй, сайд нараа Засгийн газар нь өөрөө байгуулдаг гэх мэт хуулийг баталсан. Засгийн газрын тэргүүн нь намын дарга байна гэх мэтээр намыг төрийн дээр гаргачихсан.

Ер нь УИХ-ын гишүүн болж, тангараг өргөснийх нь дараа гишүүдэд Үндсэн хуулийн хичээл ордог баймаар. Үндсэн хуульд салаа утгатай нэг ч өгүүлбэр байхгүй. Гэтэл Үндсэн хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг “дон” монголд тархаад байна. Ингэвэл учир нь олдохгүй шүү дээ.

-Цэц удаа дараа зарчимд үл нийцэх шийдвэрийг гаргалаа. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хэрхэн, яаж хариуцлага тооцох ёстой юм бэ?
-Тараах ёстой. Саналаа нууцаар өгдөг тул хэн, ямар шийдвэр гаргасныг мэдэх аргагүй. Ноцтой шийдвэр гаргасан тохиолдолд цэцийн гишүүдийг томилж байгаа УИХ, Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүх гэсэн гурван субъект нь хариуцлага тооцож, гишүүдээ буцаан татдаг тогтолцоо байхгүй бол болохгүй юм байна. Үндсэн хуулийн цэц бол шүүх шүү дээ. Энд хуулийн мэдлэгтэй хүмүүс очих болохоос улс төрийн томилгоо хийж болохгүй нь харагдлаа. Монголын төрд хамгийн их гай болж байгаа нэг зүйл Цэц болоод байна.

-Өнөөдрийг хүртэл хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь дандаа төрийн эрх баригчдын эрх мэдлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч ирлээ. Гэтэл Засаг захиргааны нэгжийн тухай хэсэгт өөрчлөлт оруулах цаг болсон санагддаг. Та юу гэж бодож байна?
-Маш сайн судалж, бодох ёстой юм. Гэхдээ энэ хэсгийг харж, өөрчлөх цаг болсон уу гэвэл болсон. Үндсэн хуулиас урган гарсан Засаг захиргааны нэгжийн тухай хуулиудад гуйвсан заалтууд их бий шүү. Тэдгээрийг мөн сайн харах ёстой. Өнөөдрийг хүртэл хийсэн өөрчлөлтүүд төрийн эрх мэдлийг хэнд илүү хуваарилах вэ гэдэг дээр л үндэслэсэн гэдэг нь бол үнэн.

-Ер нь Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт хийгээд байж болдог юм уу?
-Үндсэн хууль, энгийн хуулийн ялгаа энэ дээр л байдаг. Үндсэн хууль бол байнга тонгочуулдаг энгийн хууль биш. Өөрөөр хэлбэл, нийгмийн суурь ойлголтуудыг оруулсан учир Үндсэн хуулийг байнга хөндөөд, өөрчлөөд байж болдоггүй.

-Таны ярьж байгаагаас дүгнэвэл Монгол төрийн чадавх суларч байна уу?
-Суларч байна гэж дүгнэнэ. Амьдрал мэдэхгүй, мэргэшээгүй, барууныг үг дуугүй дуурайгаад байхаар биш болдог юм байна. Монголын тусгаар тогтнол гэдэг чинь эрх чөлөө, хараат бус байдал мөн биз? Гэтэл байгалийн баялгаараа дамжин бусдын мэдэлд очих гээд байна. Хүн бүхэн төрөөс эдийн засагт оролцох хэрэггүй гэж ярьдаг боллоо. Гэтэл бид Үндсэн хуульдаа монголын онцлогийг харгалзаад, төр аюулгүй байдлын үүднээс, зарим тохиолдолд эдийн засгийг зохицуулна гээд заачихсан байгаа. Өнөөдөр хэдхэн хүн байгалийн баялгийг хувааж идэж байна. Ийм тэгш бус хуваарилалттай, иргэд нь эдийн засгийн баталгаагүй цаашаа яваад байж болохгүй шүү дээ. Дараагийн 30 жилийг хэрхэх вэ гэдэг том даваан дээр бид зогсож байгаа гэдгээ ухаарах шаардлагатай. Эдийн засгийн баталгаагүй иргэдтэй байгаа тохиолдолд хэчнээн мянган хууль гаргаад нэмэргүй.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан
ВИДЕО: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.