/2024.01.11/: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг тогтоох, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын хууль тогтоомж
2.1. Хөрөнгө оруулалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчаас хийж байгаа хөрөнгө оруулалтыг дэмжих, урамшуулах, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг тогтоох, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцаанд хамаарна
3.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу төрийн байгууллага, албан газарт улсын болон орон нутгийн төсвөөс хийх хөрөнгө оруулалтад энэ хууль хамаарахгүй.
3.3. Олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн өмчит аж ахуйн нэгж, иргэнээс арилжааны нөхцөлгүйгээр олгох хандив, буцалтгүй тусламжид энэ хууль хамаарахгүй.
3.4. Хувьцаа, бонд, үнэт цаас болон бусад санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийг тодорхой хугацаанд өсгөж үр өгөөжийг нь хүртэх зорилгоор санхүүгийн деривативуудад байршуулсан шууд бус хөрөнгө оруулалтад энэ хууль хамаарахгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “хөрөнгө оруулалт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг;
4.1.2. “хөрөнгө оруулагч” гэж энэ хуульд заасан хэлбэрээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг;
4.1.3. “дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг;
4.1.4. “Монгол Улсад байнга оршин суугч гадаадын иргэн” гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3.1 дэх заалтад заасан нөхцөл хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
4.1.5. “гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа хувь хүн /гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/, гадаад улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг;
4.1.6. “гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцаа, хөрөнгө, саналын эрхийн 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа компани, нөхөрлөлийг;
4.1.7. “шууд бус хөрөнгө оруулалт” гэж хувьцаа, бонд болон бусад санхүүгийн хөрөнгийн өгөөжийг хүртэх зорилгоор тэдгээрийг нээлттэй зах зээлээс худалдан авч тодорхой хугацаанд эзэмшихийг (үнэт цаасыг нь эзэмшиж буй хуулийн этгээдийн удирдлагад оролцдоггүй, эрх, үүрэггүй);
4.1.8. “хөрөнгө оруулалтын урамшуулал” гэж хөрөнгө оруулагчид төрөөс үзүүлэх татварын хувь хэмжээг тогтворжуулах болон татварын бус урамшууллыг;
4.1.9. “татварын хувь, хэмжээг тогтворжуулах” гэж энэ хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ эсхүл хөрөнгө оруулалтын гэрээний хүчинтэй хугацаанд тогтвортой мөрдөгдөхийг;
4.1.10. "татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ" гэж энэ хуулийн 18.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд энэ хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг /цаашид "тогтворжуулах гэрчилгээ" гэх/;
4.1.11. "тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч" гэж энэ хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан хуулийн этгээдийг;
4.1.12. “хөрөнгө оруулалтыг дэмжих” гэж хөрөнгө оруулалтыг шинээр татах, хадгалах, нэмэгдүүлэх зорилгоор маркетинг, мэдээллийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.13. “хөрөнгө оруулагчийн гомдол” гэж төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг;
5 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын хэлбэр, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа
5.1. Хөрөнгө оруулагч нь дараах хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж болно:
5.1.1. хөрөнгө оруулагч дангаараа, эсхүл хамтран аж ахуйн нэгж байгуулах;
5.1.2. энэ хуулийн 4.1.7-д зааснаас бусад хэлбэрээр хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах;
5.1.3. үйлдвэр, машин механизм, технологи дамжуулах, барилга байгууламж зэрэг үндсэн хөрөнгөд биет байдлаар хөрөнгө оруулалт хийх;
5.1.4. компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх;
5.1.5. төр, хувийн хэвшлийн түншлэл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах;
5.1.6. санхүүгийн түрээс /лизинг/-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх;
5.1.7. оюуны өмчийн эрхийг холбогдох хуульд заасны дагуу эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулалт хийх;
5.1.8. хөрөнгө оруулагчаас өөрийн хөрөнгө оруулсан хуулийн этгээдийн хувьцаанд хөрвөх зээл олгох;
5.1.9. хөрөнгө оруулалтын тодорхойлолтод хамаарах хуулиар хориглоогүй бусад хөрөнгө оруулалтын хэлбэр.
5.2. Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад салбар, нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийж болно.
5.3. Төрөөс үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжоор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хязгаарлаж болно.
5.4. Энэ хуулийн 5.3-т заасны дагуу Монгол Улсын хууль тогтоомжоор гадаадын шууд хөрөнгө оруулалт хийхийг хориглосон, хязгаарласан хөрөнгө оруулалтын салбар, үйлдвэрлэл, үйлчилгээний жагсаалт болон нутаг дэвсгэрийн мэдээллийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэр гарснаас хойш 10 хоногт багтаан нийтэд тогтмол мэдээлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАТАЛГАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
6 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын нийтлэг баталгаа
6.1. Төрөөс хөрөнгө оруулагчийн дараах нийтлэг баталгааг хангана:
6.1.1. хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
6.1.2. Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 27, 62.1-д зааснаар хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэрийн талаар урьдчилан мэдээлэх, хэлэлцүүлэх, саналаа илэрхийлэх боломж олгох, албан ёсоор хэвлэн нийтэлж нээлттэй болгох;
6.1.3. төрийн байгууллага, албан хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, учирсан хохирлыг хуульд заасны дагуу барагдуулах;
6.1.4. төрийн байгууллага, албан хаагч нь хөрөнгө оруулагчийн оюуны өмчийн эрх, оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасны дагуу хамгаалах;
6.1.5. хөрөнгө оруулагчийн хөрөнгө, орлогыг хууль бусаар дайчлан авахыг хориглоно.
6.2. Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс үл ялгаварлах зарчмаар, зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөхөн төлөх нөхцөлөөр дайчлан авч болно.
6.3. Энэ хуулийн 6.2-т заасны дагуу хөрөнгийг дайчлан авах бол нөхөх олговрыг бүрэн хэмжээгээр бодитоор тооцож, зохих ёсоор шуурхай олгох бөгөөд энэхүү нөхөх олговорт ирээдүйд олох ашиг, орлогыг тооцохгүй.
6.4. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6.2-т заасны дагуу дайчлан авсан хөрөнгийн нөхөх олговрыг тухайн хөрөнгийг дайчлан авсан үеийн буюу энэ тухай хөрөнгө оруулагчид, эсхүл нийтэд мэдэгдэх үеийн зах зээлийн үнэлгээг холбогдох хууль тогтоомжид тусгасан аргачлалын дагуу тооцож, үнийн хамт төлнө.
6.5. Үнэлгээний шалгуурт хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ, хөрөнгийн татвар төлсөн үнэлгээг оролцуулсан хөрөнгийн үнэлгээ болон зохистой гэж үзвэл бодит зах зээлийн үнэлгээг тооцох бусад шалгуурыг оролцуулна.
6.6. Нөхөх олговор нь хуульд өөрөөр заагаагүй бол бүрэн хөрвөх чадвартай, чөлөөтэй шилжүүлж болохуйц байна.
6.7. Хөрөнгө оруулагч дараах өөрт ногдох хөрөнгө, орлогыг гадаад улсад саадгүй гаргах баталгааг эдэлнэ. Энэ хэсэгт заасан баталгааг эдлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүргээ бүрэн биелүүлж, хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэрийн дагуу тогтоогдсон бусдад төлөх мөнгөн төлбөрийн үүрэг, төлбөр, хураамж, торгууль зэргийг бүрэн барагдуулсан байна:
6.7.1. үйл ажиллагаанаас олсон ашиг, ногдол ашиг;
6.7.2. энэ хуулийн 5.1-д заасан үйл ажиллагаанаас бий болсон аливаа орлого, төлбөр;
6.7.3. гадаад улсаас олгосон зээлийн үндсэн төлбөр болон хүү;
6.7.4. аж ахуйн нэгжийг татан буулгасны дараа өөрт ногдох хөрөнгө;
6.7.5. хуулийн хүрээнд олсон буюу өмчилж байгаа бусад хөрөнгө;
6.7.6. энэ хуулийн 6.3-т заасан нөхөх олговор.
6.8. Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 6.7-д заасан хөрөнгө, орлогыг мөнгөн хөрөнгө хэлбэрээр гадаад улсад гаргахдаа хуульд өөрөөр заагаагүй бол өөрийн сонгосон валютад хөрвүүлэн шилжүүлэх эрхтэй.
7 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчийн эрх
7.1. Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан баталгаанаас гадна дараах нийтлэг эрхтэй:
7.1.1. хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах;
7.1.2. хөрөнгө оруулах төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаад улсаас бараа, ажил, үйлчилгээ импортлох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг экспортлох;
7.1.3. Монгол Улсад бүртгэлтэй банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гадаадын мөнгөн тэмдэгт худалдан авах, худалдах зэргээр өөрийн гадаад валютын хэрэгцээг хангах;
7.1.4. хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг удирдах буюу удирдахад оролцох, бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх, үүргээ шилжүүлэх;
7.1.5. санхүүжилт, зээл, тусламж, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх;
7.1.6. төрийн үйлчилгээг эрх тэгш хүлээн авах;
7.1.7. хууль тогтоомжид заасан бусад эрх.
8 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчийн үүрэг
8.1. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах үндсэн үүргээс гадна дараах нийтлэг үүрэгтэй:
8.1.1. үйлдвэрлэж байгаа бараа, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын стандартад нийцсэн байх;
8.1.2. нягтлан бодох бүртгэлийг Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын стандартад нийцүүлэн хөтлөх;
8.1.3. татварын байгууллага болон бусад төрийн байгууллагаас хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор шаардсан мэдээллийг заасан хугацаанд гаргаж өгөх;
8.1.4. хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж, зах зээлд шударгаар өрсөлдөх, байгаль орчинд ээлтэй байж, хүний хөгжлийг дэмжих;
8.1.5. хууль тогтоомжид заасны дагуу татвар, ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, тайлагнах;
8.1.6. удирдлагын сайн засаглалын зарчмыг нэвтрүүлэх, удирдлага, менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлэх, хүний эрхийг хангаж ажиллах төлөвлөгөө боловсруулах, тогтмол дүн шинжилгээ хийх, ажилтны мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх;
8.1.7. Монгол Улсын үндэсний түүх соёл, өв уламжлал, ёс заншлыг хүндэтгэх;
8.1.8. хөрөнгө оруулалтаа бодитоор хийсэн байх;
8.1.9. эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, хөдөлмөрийн стандартыг хангаж ажиллах;
8.1.10. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
8.2. Энэ хуулийн 8.1.8-д заасан хөрөнгө оруулалтыг бодитоор хийсэн эсэхийг доор дурдсан шалгуурыг харгалзан тогтооно:
8.2.1. тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны шинж чанар, зорилгод нийцсэн байх;
8.2.2. бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хугацаа, хууль тогтоомжийн дагуу төлсөн татварын хэмжээ;
8.2.3. хөрөнгө оруулагчийн үйлчлүүлэгчийн тоо эсхүл бий болгосон ажлын байрны тоо;
8.2.4. эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн байдал.
8.3. Хөрөнгө оруулагч нь аливаа дэмжлэг, урамшуулал, зөвшөөрөл, эрх авах, гэрээ байгуулах зорилгоор эрх бүхий албан тушаалтанд мөнгөн төлбөр, бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл санал болгох, амлах, олгохыг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
9 дүгээр зүйл. Засгийн газрын чиг үүрэг
9.1. Засгийн газар хөрөнгө оруулалтын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1. хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэрэгжилтийг хангах;
9.1.2. энэ хуульд заасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх олгох;
9.1.3. хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар шийдвэр гаргах;
9.1.4. хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын баталгааг хангах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох төрийн байгууллагад чиглэл өгөх.
9.2. Засгийн газар энэ хуулийн 24.4, 25.6, 30.5-д заасан журмыг тус тус баталж, мөрдүүлнэ.
10 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
10.1. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1. хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих;
10.1.2. хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, урамшуулал, арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;
10.1.3. хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудлаар Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;
10.1.4. тогтворжуулах гэрчилгээ олгох, эрх бүхий бусад төрийн байгууллагатай хамтран хэрэгжилтэд хяналт тавих;
10.1.5. энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай тайлан, мэдээллийг холбогдох төрийн байгууллага, хөрөнгө оруулагчаас гаргуулан авах;
10.1.6. энэ хуулийн 9.2-т заасан журмын төслийг боловсруулах;
10.1.7. хуульд заасан бусад чиг үүрэг.
10.2. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 11.1.7-д заасантай холбоотой журмыг баталж мөрдүүлнэ.
11 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
11.1. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1. хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, өргөжүүлэх зэрэг хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн цогц үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
11.1.2. хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцөлийг хөрөнгө оруулагчид сурталчлах, мэдээллээр хангах;
11.1.3. хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, өргөтгөх, хадгалахад мэдээлэл, зөвлөгөө өгөх замаар дэмжлэг үзүүлэх;
11.1.4. хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;
11.1.5. хөрөнгө оруулалттай холбоотойгоор төрийн бусад үйлчилгээний талаар зөвлөх болон цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх;
11.1.6. хөрөнгө оруулалт татахад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, сонирхогч этгээдийг мэдээллээр хангах;
11.1.7. хөрөнгө оруулалтын орчны чиглэлээр төв банк, төсөв, санхүү, хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэл, гадаадын иргэн, харьяат, газар, чөлөөт бүс болон шүүхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас хөрөнгө оруулалттай холбоотой статистик мэдээллийг улирал, хагас, бүтэн жилээр гаргуулж, нэгдсэн статистик мэдээллийг гаргах;
11.1.8. хөрөнгө оруулалтын асуудлаарх мэдээллийн санг хөтлөх;
11.1.9. хуульд заасан бусад.
11.2. Энэ хуулийн 11.1.8-д заасан мэдээллийн сан нь нийтэд ил тод байх ба дараах мэдээллийг агуулсан байна:
11.2.1. хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтыг хамгаалах талаарх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц;
11.2.2. хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай төслийн мэдээлэл;
11.2.3. татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал авсан хөрөнгө оруулагч, түүний оруулсан хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл;
11.2.4. Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөлд ирсэн, шийдвэрлэсэн хөрөнгө оруулагчийн гомдлын статистик мэдээлэл, (ямар байгууллагад, ямар асуудлаар ирсэн талаарх мэдээллийг гомдол гаргагчийн мэдээллийг таних боломжгүйгээр харуулсан байна);
11.2.5. хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэсэн талаарх Засгийн газраас гаргасан шийдвэр;
11.2.6. энэ хуулийн 11.2.5-д заасан гомдлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл;
11.2.7. нууцад хамааруулснаас бусад тохиолдолд хөрөнгө оруулалттай холбоотой төрөөс хариуцагчаар татагдсан хэрэг маргааны талаарх мэдээлэл;
11.2.8. хөрөнгө оруулалтын талаарх статистик мэдээлэл;
11.2.9. гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн талаарх статистик мэдээлэл;
11.2.10. хуулиар хориглоогүй бусад мэдээлэл.
11.3. Хөрөнгө оруулагчийн талаар мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах, хууль тогтоомжийг сурталчлан таниулах журмыг хөрөнгө оруулалтын болон холбогдох асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран батална.
12 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын талаар төрийн бусад байгууллагын чиг үүрэг
12.1. Хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангаж, шаардлагатай мэдээлэл, хэрэгжилтийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад тухай бүр гаргаж өгнө.
12.2. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төрийн хяналт шалгалтыг давхардалгүй төлөвлөж, хэрэгжүүлнэ.
12.3. Хуульд зааснаас бусад тохиолдолд хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо жилд хоёроос ихгүй байна.
12.4. Хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалттай холбоотой гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэхэд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар тайлбар, мэдээлэл, санал, зөвлөмж гаргана.
12.5. Бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн, эсхүл эрх бүхий байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн хөрөнгө оруулагчаас гаргасан санал, гомдлын талаарх мэдээллийг энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээллийн санд бүртгүүлнэ.
12.6. Хууль бус үндэслэлээр хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг аливаа хэлбэрээр зогсоох, түдгэлзүүлэх, саад учруулахыг хориглоно.
12.7. Хөрөнгө оруулагчийг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай зөвшөөрөл, эрх авах, гэрээ байгуулах зэрэгт үндэслэлгүйгээр татгалзах, эс үйлдэхүй гаргахыг хориглоно.
12.8. Энэ хуулийн 12.6, 12.7-д заасныг зөрчиж үндэслэлгүйгээр хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашгийг хохироосон нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон бол хууль бусаар хөрөнгө дайчлан авсанд тооцох үндэслэл болно.
12.9. Энэ хуулийн 12.8-д заасан үндэслэлээр хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хохироосон бол хөрөнгө оруулагч нь уг хохирлыг холбогдох шийдвэр гаргах төрийн байгууллагаас нэхэмжлэх эрхтэй.
12.10. Энэ хуулийн 12.6, 12.7-д заасан үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч нь гомдол, нэхэмжлэл гаргаж, хүчин төгөлдөр шүүх, арбитрын шийдвэрээр төрөөс хохирлыг нөхөн төлөх шийдвэр гарсан бол буруутай албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, хөрөнгө оруулагчид учруулсан хохирлыг (төрөөс гаргасан шүүх, арбитрын төлбөр зэргийг хамруулна) буруутай этгээдээр төлүүлэх үндэслэл болно.
12.11. Сонсох ажиллагаа хийлгүйгээр хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой шийдвэр гаргасан бол энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу уг шийдвэр хүчингүй болох үндэслэл болно.
12.12. Энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу хууль тогтоомж, эрх зүйн актын төсөл боловсруулах тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээд болон хөрөнгө оруулагчаас санал авах, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт боловсруулна.
13 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын талаар нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг
13.1. Хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газар, эрх бүхий этгээдийн шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулна.
13.2. Харьяалах нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдад хуульд заасан дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тайлан, мэдээллийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр хүргүүлнэ.
13.3. Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасныг нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан мөрдөж ажиллана.
14 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтыг дэмжих талаар Дипломат төлөөлөгчийн газрын бүрэн эрх
14.1. Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин, дотоод зах зээлийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төсөл, хөтөлбөрийг сурталчлах, холбох, дэмжлэг үзүүлэх зэрэг хуульд заасан бусад чиглэлээр ажиллана.
14.2. Энэ хуулийн 14.1-д заасныг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллана.
14.3. Дипломат төлөөлөгчийн газар энэ хуулийн 14.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэх журмыг хөрөнгө оруулалтын болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УРАМШУУЛАЛ
15 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын урамшуулал
15.1. Хөрөнгө оруулагчид төрөөс татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал болон татварын бус урамшууллыг үзүүлж болно.
15.2. Энэ хуульд заасан татварын хувь хэмжээг тогтворжуулахаас бусад төрлийн татварын урамшууллыг татварын хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
15.3. Тамхи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, галт зэвсэг, сум үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын урамшуулал үзүүлэхгүй.
16 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын татварын бус урамшуулал
16.1. Хөрөнгө оруулагчид дараах хэлбэрээр хөрөнгө оруулалтын татварын бус урамшууллыг холбогдох хууль тогтоомжийн дагуу үзүүлж болно:
16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;
16.1.2. чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;
16.1.3. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх;
16.1.4. экспортод чиглэсэн инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, инновацын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
16.1.5. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг олгох;
16.1.6. хуульд заасан бусад урамшуулал.
17 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал
17.1. Хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар доор дурдсан татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшууллыг олгоно:
17.1.1. аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
17.1.2. гаалийн албан татвар;
17.1.3. нэмэгдсэн өртгийн албан татвар;
17.1.4. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.
17.2. Тогтворжуулах гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулна.
17.3. Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 17.1-д заасан татварын хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй.
17.4. Ашигт малтмалын үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд энэ хуулийн 17.1.4-т заасан тогтворжуулах урамшуулал хамаарахгүй.
18 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээ олгох нөхцөл, тавигдах шалгуур
18.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт таваас доошгүй жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын хэмжээ, нутаг дэвсгэрээс хамаарч доор дурдсан хугацаагаар тогтворжуулах гэрчилгээг олгоно:
№ |
Хөрөнгө оруулалтын хэмжээ /төгрөг/ |
Тогтворжуулах гэрчилгээний хугацаа /жил/ |
|
Улаанбаатар хот |
Бусад |
||
1 |
20,000,000,000-50,000,000,000 |
10,000,000,000-50,000,000,000 |
10 |
2 |
50,000,000,001-100,000,000,000 |
15 |
|
3 |
100,000,000,001-ээс дээш |
20 |
18.2. Тогтворжуулах гэрчилгээний загварыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд уг гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:
18.2.1. тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар;
18.2.2. хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нэр, хөрөнгө оруулалтын хэмжээ, хэрэгжих хугацаа;
18.2.3. тогтворжуулах гэрчилгээ олгосон он, сар, өдөр, хүчинтэй байх хугацаа;
18.2.4. энэ хуулийн 17.1-д заасан татварын хувь, хэмжээ.
18.3. Тогтворжуулах гэрчилгээг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх, шилжүүлэхийг хориглоно.
18.4. Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдахад тогтворжуулах гэрчилгээ нь шинээр бий болсон буюу эрх залгамжлан авсан хуулийн этгээдэд дараах шаардлагыг хангасан тохиолдолд үлдсэн хугацаанд багтаан шилжинэ:
18.4.1. хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
18.4.2. хөрөнгө оруулалтын төсөл нь энэ хуулийн 18.1-д заасан шалгуурыг хангаж байх.
19 дүгээр зүйл. Тогтворжуулах гэрчилгээ авах тухай хүсэлт гаргах
19.1. Энэ хуулийн 18.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээд нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтээ хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар гаргана.
19.2. Тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтэд доор дурдсан бичиг баримтыг хавсаргана:
19.2.1. энэ хуулийн 18.1-д заасан шалгуурыг хангасан тухай хүсэлт гаргагч хуулийн этгээдийн баталгаа;
19.2.2. хүсэлт гаргагч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн баримт бичгийн хуулбар;
19.2.3. хөрөнгө оруулагчийн бизнес төлөвлөгөө, хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл;
19.2.4. хуульд заасан бол байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ.
20 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээ олгох
20.1. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт, холбогдох бичиг баримтыг цахимаар хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хүсэлтийг судалж, тогтворжуулах гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хугацааг 15 хоногоор сунгаж болно.
20.2. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтворжуулах гэрчилгээнд холбогдох бичилтийг хийж, гэрчилгээг төсөл хэрэгжүүлэгч Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд олгоно.
20.3. Хөрөнгө оруулалтын төсөл нь энэ хуулийн 18.1-д заасан шалгуурыг хангаагүй нь төслийн техник, эдийн засгийн үндэслэл эсхүл энэ хуулийн 19.2-т заасан бичиг баримтын бүрдэл дутуу тохиолдолд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох үндэслэл бүхий гэрчилгээ олгохоос татгалзсан хариуг энэ хуулийн 20.1-д заасан хугацаанд цахимаар хөрөнгө оруулагчид хүргүүлнэ.
20.4. Энэ хуулийн 18.2-т заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтворжуулах гэрчилгээнд өөрчлөлт оруулна.
20.5. Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын хэлбэрээс хамаарч тогтворжуулах гэрчилгээг дараах этгээдэд олгоно:
20.5.1. Хөрөнгө оруулалтын төслийг нэг хуулийн этгээд дангаар хэрэгжүүлэх бол тухайн хуулийн этгээдэд;
20.5.2. хөрөнгө оруулалтын төслийг харилцан хамаарал бүхий хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хэрэгжүүлэх бол тэдгээрийн толгой компанид.
21дүгээр зүйл. Тогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгох
21.1. Тогтворжуулах гэрчилгээг доор дурдсан үндэслэлээр хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр хүчингүй болгоно:
21.1.1. тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд хүсэлт гаргасан, эсхүл татан буугдсан;
21.1.2. тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд Монгол Улсад оруулсан хөрөнгөө Монгол Улсын нутаг дэвсгэрээс бүрэн татаж, шилжүүлсэн;
21.1.3. тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь хууль бус бичиг баримт бүрдүүлсэн, эсхүл гэрчилгээ авахтай холбоотой авлига өгч тогтворжуулах гэрчилгээг авсан болох нь тогтоогдсон;
21.1.4. эрх залгамжлагч нь энэ хуулийн 18.4-т заасан шалгуурыг хангаагүй;
21.1.5. энэ хуулийн 18.3-т заасныг зөрчсөн;
21.1.6. тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.
21.2. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 21.1-д заасан үндэслэлээр тогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ ажлын таван өдөрт багтаан тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдэд болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
22 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ
22.1. Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтын урамшууллыг олгох зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх олгоно.
22.2. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн төлөх энэ хуулийн 17.1-д заасан татварын хувь, хэмжээ нь хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд тогтвортой мөрдөгдөнө.
22.3. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан этгээдэд энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан татварын бус урамшууллыг олгоно.
23 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргах
23.1. Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
23.2. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлтийг хянан үзээд холбогдох хууль тогтоомжид заасан татгалзах үндэслэл тогтоогдоогүй бол хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээнд урих талаар Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авна.
23.3. Ерөнхий сайдын захирамжаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулж, хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажиллагааг эхлүүлнэ.
23.4. Хэлэлцээний үр дүнд харилцан тохиролцсон хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
23.5. Засгийн газар тухайн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэн дэмжсэн бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрх олгоно.
24 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах
24.1. Энэ хуулийн 23.5-д зааснаар эрх олгогдсоны дагуу холбогдох Засгийн газрын гишүүд нь хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.
24.2. Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулалтын зорилго, үндсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, эх үүсвэр, хөрөнгө оруулах хугацаа, үе шат зэргийг харгалзан тогтворжуулах гэрчилгээний дээд хугацаанаас доошгүй хугацаагаар байгуулна.
24.3. Хөрөнгө оруулалтын гэрээнд хөрөнгө оруулалтын зорилго, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулах хэлбэр, хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацаа, төрөөс үзүүлэх хөрөнгө оруулалтын урамшуулал, баталгаа, талуудын хүлээх эрх, үүрэг, хамтын ажиллагаа, зохицуулах хууль, маргаан шийдвэрлэх журмыг заавал тусгасан байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тусгаж болно.
24.4. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргах, хэлэлцээ хийх, гэрээ байгуулахад тавигдах шаардлага, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, хяналт тавихтай холбоотой журам, хөрөнгө оруулалтын гэрээний загварыг Засгийн газар батална.
24.5
25 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулах гэрчилгээний хэрэгжилтэд хяналт тавих
25.1. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болон тогтворжуулах гэрчилгээ авсан этгээдийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж, хяналт тавьж ажиллана.
25.2. Хөрөнгө оруулагч энэ хуулийн 25.1-д заасан хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны болон санхүүгийн аудитаар баталгаажсан тайланг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.
25.3. Энэ хуулийн 25.1-д заасан хяналтыг холбогдох төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.
25.4. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулах гэрчилгээний хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах талаар зөвлөмж, чиглэл өгч, тайлбар, тодруулга авч болно.
25.5. Хөрөнгө оруулагч энэ хуулийн 25.4-д заасан зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж, энэ талаарх тайлан, мэдээллийг заасан хугацаанд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
25.6. Энэ хуулийн 25.1-д заасан үйл ажиллагааг зохицуулах журмыг Засгийн газар батална.
ТАВДУГААР БҮЛЭГХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
26 дугаар зүйл. Хөрөнгө оруулагч гомдол гаргах, гомдлыг хүлээн авах
26.1. Хөрөнгө оруулагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тухай гомдлыг Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-д гаргаж болно.
26.2. Гомдлыг төрийн албан ёсны хэлээр цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана.
26.3. Хөрөнгө оруулагч нь гомдолд дараах мэдээллийг тусгасан байна:
26.3.1. хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаарх мэдээлэл, нотлох баримт;
26.3.2. гомдол гаргагчийн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар, гарын үсэг;
26.3.3. гомдолд холбогдож байгаа төрийн байгууллага, албан тушаалтны мэдээлэл.
26.4. Зөвлөл нь хөрөнгө оруулагчийн гомдол, түүнд хавсаргасан нотлох баримтыг хүлээн авч бүртгэх ба уг бүртгэл нь хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх хөрөнгө оруулагчийн мэдээллийн сангийн цахим систем /цаашид “Систем” гэх/-д бүртгэгдэнэ.
26.5. Зөвлөл нь гомдлыг хүлээн авч, харьяаллын бус гомдлыг үндэслэл бүхий тайлбарын хамт хөрөнгө оруулагчид ажлын 5 өдрийн дотор буцаана.
26.6. Зөвлөл дараах тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзаж, буцаана:
26.6.1. Үндсэн хуулийн цэц, шүүх, мөрдөн шалгах ажиллагааны шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол;
26.6.2. гадаад улсын арбитр, эсхүл гадаад улсын шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой гомдол;
26.6.3
26.6.4. тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой гомдол;
26.6.5. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хянан шалгаж байгаа хүний эрхийн зөрчлийн талаарх гомдол;
26.6.6. татварын маргаан таслах зөвлөлөөр хянагдвал зохих татварын акттай холбоотой гомдол;
26.6.7. хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл хамаарах гомдол.
27 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл, түүний ажиллах журам
27.1. Зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүдийг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр томилж, чөлөөлнө.
27.2. Зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус байх ба хараат бус гишүүнийг 2 жил тутам, нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж, хамгийн өндөр санал авсан, нөхцөл, шалгуурыг хангасан хүнийг томилно.
27.3. Зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах болон Зөвлөлийн ажиллах журмыг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
27.4. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх ба хуралдаанаас гаргах шийдвэр нь зөвлөмж, санал хэлбэртэй байна.
27.5. Зөвлөлийн хуралдаан нь гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчинтэй болох ба шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана.
27.6. Зөвлөл нь ажлын албатай байх ба ажлын албаны чиг үүргийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
27.7. Зөвлөл нь шаардлагатай тохиолдолд хэлэлцэх асуудалтай холбоотой шинжээч томилж, дүгнэлт гаргуулж болно.
28 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчийн гомдлыг хянан магадлах
28.1. Зөвлөл энэ хуулийн 26.1-д заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт холбогдох төрийн байгууллагад уламжлан, гомдлын талаар дараах утга бүхий тайлбар, мэдээллийг авахаар хүргүүлнэ:
28.1.1. хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудлын талаарх төрийн байгууллага, албан тушаалтнаас авч хэрэгжүүлж байгаа нөхцөл байдлын талаарх мэдээлэл;
28.1.2. цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл, үүнд асуудлыг судлан шийдвэрлэх хугацааны талаарх мэдээллийг хамруулсан байна.
28.2. Төрийн байгууллага, албан тушаалтан нь энэ хуулийн 28.1-д заасан мэдээллийг ажлын 5 хоногт багтаан боловсруулж Зөвлөлд хүргүүлнэ.
28.3. Зөвлөл нь уг хариу мэдээллийг авч, ажлын 5 хоногт хуралдаж, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдвол холбогдох төрийн байгууллагад зөвлөмж өгч, энэ талаар хөрөнгө оруулагчид мэдэгдэнэ.
28.4. Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 28.3-т заасан зөвлөмж, мэдээллийг хүлээн авснаас хойш асуудлыг шийдвэрлэхээр заасан хугацаанд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгүй, эсхүл уг хугацаа нь хэт урт буюу хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахаар бол энэ талаар шийдвэр гаргуулахаар Зөвлөлд дахин хандана.
29 дүгээр зүйл. Хөрөнгө оруулагчийн гомдлыг эцэслэн шийдвэрлэх
29.1. Зөвлөл нь энэ хуулийн 28.4-т заасан гомдолтой танилцан, асуудлыг ажлын 5 хоногт багтаан хэлэлцэж, үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол энэ талаарх шаардлагатай бүхий л мэдээллийн хамт авах арга хэмжээний санал, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг боловсруулж, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ.
29.2. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөлийн саналд, гомдолд хамаарах асуудал хариуцсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагыг шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтны саналыг авч асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох асуудлыг шийдвэрлүүлнэ.
29.3. Гомдолд хамаарах асуудал хариуцсан төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага нь энэ хуулийн 29.2-т заасан асуудалд 14 хоногт багтаан заавал санал өгсөн байх ба санал өгөөгүй нь уг асуудалд тусгайлсан саналгүйд тооцох үндэслэл болно.
29.4. Засгийн газраас гаргасан шийдвэрийг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан нь заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү биелүүлээгүй нь тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болно.
29.5. Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 29.2-т заасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж, биелэлтэд хяналт тавина.
ЗУРГАДУГААР БҮЛЭГХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРГААН
30 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын маргаан
30.1. Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулагч болон Монгол Улсын төрийн байгууллага хооронд үүссэн хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг талууд хэлэлцээний замаар шийдвэрлэнэ.
30.2. Энэ хуулийн 30.1-д заасан маргааныг 6 сарын дотор хэлэлцээний замаар шийдвэрлэж чадаагүй, талууд өөрөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг зохицуулах олон улсын төвийн арбитрын журмын дагуу шийдвэрлүүлж болно.
30.3. Энэ хуулийн 30.1-д заасан маргаанд холбогдох асуудлыг хуулиар шүүхийн онцгой харьяалалд хамааруулсан бол маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
30.4. Гадаадын хөрөнгө оруулагч болон Монгол Улсын хувь хүн, хуулийн этгээд хооронд үүссэн хөрөнгө оруулалтын маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу арбитрт хандан шийдвэрлүүлж болно. Хэрэв ийм тохиролцоогүй бол маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
30.5. Энэ хуулийн 30.1-д заасан хэлэлцээний замаар маргаан шийдвэрлэх журмыг Засгийн газар батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
31 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
31.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
31.2. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
32.1. Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тогтворжуулах гэрчилгээ авсан хуулийн этгээдийн тогтворжуулах гэрчилгээний хугацаа, нөхцөл нь тухайн гэрчилгээний хугацаанд хүчинтэй байна.
32.2. Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа, нөхцөл тухайн гэрээний хугацаанд хүчинтэй байна.
32.3. Энэ хуулийн 32.1, 32.2-т заасан татварын урамшуулал авсан хөрөнгө оруулагч хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор энэ хуулийн дагуу татварын хувь, хэмжээг тогтворжуулах урамшуулалд хамрагдахгүй.
32.4. Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ нь тухайн хүсэлт гаргах үеийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу төлнө.
32.5. Тогтворжуулах гэрчилгээ авах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэх явцад энэ хууль хүчин төгөлдөр болсон бол ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хүсэлтийг шинэ хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.
32.6. Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө төрийн хяналт шалгалтын тухайн жилийн нэгдсэн хуваарь батлагдсан бол хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд тухайн жилд 2-оос дээш удаа хяналт шалгалт хийж болно.
32.7. Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө шүүх, арбитрт хандсан хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалттай холбоотой маргааны хэргийн харьяалалд энэ хууль хамаарахгүй.
33 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
33.1. Энэ хуулийг 2023 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.