/2023.12.28/ Өнгөрөн одож буй 2023 онд технологийн салбарт өрнөсөн онцлох 10 үйл явдлыг хүргэж байна.
1. ХИЙМЭЛ ОЮУН УХААН (AI) ЭРЧИЙГ АВАВ
Өнгөрч буй жилийн онцлохгүй байхын аргагүй нэг салбар бол AI байсан гэдэгтэй маргах хүн цөөн гарах биз. Урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хүн төрөлхтөн AI салбарын хөгжил дэвшилтэй танилцаж, GPT-4, Google Bard + Gemini, Meta Llama 2 зэрэг хүчирхэг AI моделиудтай нүүр тулсан жил байлаа.
Эдгээр моделиудад суурилсан Generative AI буюу бүтээлч хиймэл оюун ухааны олон программуудыг бид өдөр тутмын ажил, амьдралдаа хэрэглэсэн бол дэлхий даяар хиймэл оюуны программууд оюуны өмчийн зөрчил, худал мэдээлэл үүсгэсэн буюу өрөөсгөл хандлага (bias) гаргасан асуудлуудад орооцолдож хэл аманд орсон билээ.
2. AI-Д ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ АСУУДАЛ ЯРИГДАВ
Энэ оны 3-р сард технологийн салбарын томчууд, тухайлбал, тэрбумтан Илон Маск, Apple-ийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк тэргүүтэй хүмүүс хиймэл оюуны хөгжүүлэгч лаборатори, компаниудад хандлаа.
Тэд GPT-4-өөс илүү хүчтэй модель бүтээх нь хүн төрөлхтнийг томоохон эрсдэлд оруулж болзошгүй учир бүх хөгжүүлэлтээ 6 сараар түр зогсоож, эрсдэлүүдээ ярилцах, хөндлөнгийн экспертүүдээр хяналт тавиулж, зохицуулалт хийлгэх асуудлыг анх хөндсөн.
Мөн AI-н “загалмайлсан эцэг” гэгддэг судлаач Жеффри Хинтон 2023 онд Google компаниас гарч, “хиймэл оюуны хөгжил хүний оюуны чадавхиас давсан учир удалгүй хяналтаас гарах буюу дайсагнасан хандлага гаргаж магадгүй, энэ эрчимтэй хөгжил нь ажилгүйдлийг нэмэгдүүлж, улмаар нийгмийг тогтворгүй байдалд хөтөлнө, хиймэл оюун цахим халдлага, цахим дайнд ашиглагдах нь цаг хугацааны асуудал болоод байна” гэхчлэн энэ салбарт санаа зовинож буйгаа илэрхийлсэн юм.
3. AI-Г ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ АНХНЫ ОРОЛДЛОГУУД
Хиймэл оюуны салбарыг төрийн зохицуулалтад оруулах нь ийнхүү энэ оны хамгийн халуун сэдэв байсан бол эхнээсээ албажиж, хууль эрхзүйн зохицуулалтууд гарч эхлэв.
Европын холбоо ‘EU AI Act’ баталж, Европын хиймэл оюуны асуудал эрхэлсэн зөвлөл байгуулж, бодлогын зохицуулалт, хяналт тавих ажлыг эхлүүлсэн бол АНУ-ын ерөнхийлөгч зарлиг гаргаж, AI-н талаар баримтлах стратегиэ батлав. Тус улс хиймэл оюуны инноваци, судалгаанд хөрөнгө оруулалт хийх, боловсон хүчин бэлтгэх, хиймэл оюун ухаантай холбоотой аюулгүй байдлын дүрэм журам батлах, мөрдүүлэх, зохицуулах эрх бүхий байгууллагуудыг шинээр бий болгох гэхчлэн олон асуудлыг санаачлаад байгаа.
Мөн 27 орны төр засгийн тэргүүнүүд Их Британид уулзаж, цаашид шинээр бүтээгдэх AI программуудад аюулгүй байдлын хөндлөнгийн хяналт хийж байхаар тохирсон гээд маш олон үйл явдал өрнөж байна.
4. ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ХАЛАА СЭЛГЭЭНИЙ АСУУДАЛ
Цар тахлын үеэр бүүм болж байсан технологийн салбарын үйл ажиллагаа өнгөрсөн оноос эхлэн удааширч, зарим тохиолдолд бүр зогсонги байдалд орсноор энэ салбарт 2022 оны намраас эхлэн өргөн хүрээтэй цомхотгол явагдаж эхэлсэн.
Тэгвэл энэ үзэгдэл 2023 онд ч үргэлжилж, томчууд болох Amazon 18000 хүн, Google/Alphabet компани 12000, Microsoft 10000, Salesforce 6000, Dell 5000 хүн халж, орон тооны цомхотгол хийсэн нь тун таагүй мэдээ байлаа.
Гэхдээ оны хамгийн дуулиантай халаа сэлгээ нь яах аргагүй OpenAI компанийн Удирдах зөвлөл хуралдаж, УЗ-н дарга болон компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Олтмэнийг гэнэт халсан явдал байв. Гэвч дараа нь түүнийг ажилд нь буцааж авч, харин удирдах зөвлөл нь огцорсон үйл явдал байсан билээ.
5. ОНЫ ХАМГИЙН ИХ АНХААРАЛ ТАТСАН КОМПАНИУДЫН НЭГДЭЛ БА ХУДАЛДАН АВАЛТ
Энэ жилийн хамгийн том худалдан авалтуудын нэг нь он дамнан яригдсаар эцэстээ зөвшөөрөгдсөн Microsoft компани Activision Blizzard-н худалдан авалт байсан болов уу. Үнийн дүн нь 68,7 тэрбум ам.доллар, тэгээд бэлэн мөнгөөр гэхээр ямаршуухан том наймаа яригдаж буй нь ойлгомжтой биз ээ.
Үүний араас чип үйлдвэрлэгч Nvidia компани чипний дизайн бүтээгч Arm компанийг 40 тэрбум ам.доллараар, Cisco – Splunk бэлэн мөнгөөр 28 тэрбум доллар, Silver Lake & CPP – Qualtrics компанийг 12,5 тэрбум доллараар гэхчлэн амжилттай худалдан авч, нэгтгэж чадлаа.
Харин нөгөө талд хамгийн амжилтгүй худалдан авалтаар 20 тэрбум ам.долларын үнээр Figma компанийг авах гэсэн Adobe-н оролдлого байв. Гол саад болсон этгээд нь мэдээж хэрэг монополийн эсрэг хууль журам, эрх бүхий байгууллагууд байсан.
6. КРИПТО САЛБАРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Крипто салбар нь санхүүгийн ертөнцөд хамаардаг ч технологи суурьтай тул яах аргагүй tech industry news-т багтаж таарна. Он гараад л FTX биржийн луйвар, дампуурал, шүүх хурал зэрэг олныг шуугиулсан үйл явдлууд өрнөсөн бол дэлхийн хамгийн том крипто бирж Binance-г ч мөн асуудал тойрсонгүй.
АНУ-ын эрх бүхий байгууллагуудаас тэднийг буруу гарын мөнгө угаах болон олон улсын санхүүгийн хоригоос зайлсхийхэд зарим этгээдэд тусалсан хэргээр шалгаж, эцэстээ бирж тэдэнтэй буулт хийн тохиролцож салсан бол биржийн удирдлага буюу крипто ертөнцөд CZ нэрээрээ алдаршсан Чанпен Жао ажлаа өгсөн.
Мөн хоёр жил шахуу “шал арчсан” биткойны ханш оны сүүлч рүү огцом өсч, 40 мянган долларын босго алхсан нь хөрөнгө оруулагчдад найдварын оч бэлэглэсэн гээд олон сонирхолтой үйл явдал боллоо. BlackRock, Fidelity, VanEck, ARK 21Shares зэрэг томоохон сангууд Bitcoin ETF арилжаалах хүсэлт гаргаад байгаа нь үнийн өсөлттэй холбоотой таатай мэдээлэл юм.
7. ОНЦЛОХ АРГА ХЭМЖЭЭ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг CES, Apple, Samsung, Google event-үүд хугацаандаа зохиогдож, олон шинэ төхөөрөмж, шинэ технологиудыг танилцуулсан тул тэр бүрийг энд тоочих нь цагаа гарзадсан хэрэг болох болов уу. Эдгээрээс миний хувьд хамгийн их сонирхол татсан нь OpenAI DevDay 2023 байлаа. Хиймэл оюуны хамгийн нөлөө бүхий компани хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ анх удаа зохиож, GPT-4 Turbo модель, хүн бүр хүссэн чатботоо бүтээж, байрлуулах боломжтой GPT Store, Assistants API, DALL-E 3 API зэргийг танилцуулсан нь программ хангамжийн салбарт нилээн том эргэлт хийх хэмжээний үйл явдал болсон гэж үзэж байна.
8. ИННОВАЦИ, ШИНЭ ТЕХНОЛОГИ
Технологийн салбарт шинэ нээлт, инноваци тасралтгүй хийгдэж, 7 хоног тутам шинэ төхөөрөмж олны хүртээл болж байдаг тул цөөн хэдэн салбар дээр төвлөрч ярих боломжтойгоос биш бүхэлд нь хамруулж ярина, бичнэ гэвэл ганц newsletter байтугай, бүтэн сэтгүүлийн хуудсууд ч цөөдөх буй за. Оны хамгийн том ололт дэвшлүүд гэвэл:
- Generative AI,
- Immersive technology(үүнд Apple Vision Pro, Meta Quest 3, Meta Ray Ban орно.),
- Cуперкомпьютерууд (Frontier supercomputer),
- Квант компьютерууд (IBM’s Quantum System Two),
- Мэдээж хэрэг ухаалаг төхөөрөмжүүд (Google Pixel 8 Pro, Apple iPhone 15 Pro, Ray-Ban Meta гээд төгсгөлгүй үргэлжилнэ)
9. ОНЦЛОХ ХҮН
2023 оныг технологийн чиглэлээрх бүх мэдээллийг шүүрдэж үзэхэд хамгийн их нэр нь дурдагдсан хүн бол Илон Маск байв.
Мань хүн 2022 оны сүүлээр Твиттерийг худалдан авснаас хойш дуулиан шуугианаас нэр нь салахаа байсан. Угаасаа ч шуугиулдаг хүн л дээ. Твиттерийн ажилчдын бараг 70-80 хувийг халж, олон тооны зар сурталчилгаа байршуулагч том компаниудтай түнжин хагарч, намтар ном нь хэвлэгдэж, тэрбумтан Марк Зукербергийг халз тулаанд дуудаж, Орос-Украйны дайнд нэр нь холбогдож, үйлдвэрлэсэн 2 сая автомашин нь буцаан татах асуудалд орж, Grok нэртэй AI модель бүтээж, хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том пуужинг хөөргөх оролдлого хийх зэргээр технологийн салбарын сэтгүүлчдийг бүтэн жил “хоолтой байлгасан” гэвэл хилсдэхгүй.
Хоёр биенийхээ сансрын хөтөлбөрийг байнга шоглож, “доош нь хийж” байдаг Жефф Безос, Илон Маск хоёр оны бөгсөн дээр хоорондоо найрамдаж, Безосын хиймэл дагуулууд Илоны пуужинд дайгдаж, сансарт нисэх болсон нь бас л сонирхолтой мэдээ байлаа. Сайн, муу янз бүрээр хэлэгддэг ч энэ цаг үеийн хамгийн инновацилаг бизнесмэн гэвэл яахын аргагүй Илон Маскаас өөр хүний нэр санаанд буухгүй юм байна.
10. ДАЙН ба ТЕХНОЛОГИ
Нэг жил 10 сар гаруй үргэлжилж буй Орос Украйны дайныг ийм урт хугацаанд сунжирна гэдгийг 2022 оны 2-3 сард хичнээн хүн таамагласан бол?
Хүчирхэг Орос орон, дэлхийд 2-т орох хүчирхэг цэрэг арми гэсэн төсөөлөлтэй байсан дэлхий нийт өдгөө энэ төсөөллөөсөө бага ч болов салж, хэн их цэрэгтэй, олон танктай, олон онгоцтой нь дайнд ялна гэсэн хэвшмэл ойлголтоосоо ангижирч байх шиг байна. Учир нь аливаа дайн, сөргөлдөөнд технологийн гүйцэтгэх үүрэг цэрэг армийн биет хүчин чадлаас илүү чухал гэдгийг 20-р зуунд болж өрнөсөн дайн тулаанууд хангалттай харуулсан.
Энэ удаа ч мөн тэр явдал давтагдаж, зөөврийн танк эсэргүүцэгч Javelin, бага болон дунд оврын дронууд болох Bayraktar TB2 болон Shahed 136, далай тэнгист үүрэг гүйцэтгэх дронууд, тэр ч бүү хэл энгийн хэрэглээний зориулалттай DJI дрон хүртэл дайнд чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн дайн тулаан тал хөндий, хотын гудамжин, ой мод, тэнгис далайгаас гадна цахим орчинд эрчтэй өрнөдөг гэдгийг нотлон харуулсан гэхэд болно.
Оросууд халдан довтолсон өдөр Украйны амин чухал дэд бүтэц, төрийн байгууллагуудын цахим сүлжээ халдлагад өртөж ажилгүй болсон, Старлинк хиймэл дагуулын интернэт дайны хувь заяанд нөлөө үзүүлсэн зэрэг дээр нэмээд энэ онд Израйль Хамасын сөргөлдөөн эхлэх үеэр талуудыг дэмжигч хакерын бүлэглэлүүд цахим орчинд халдлага дайралтыг маш өргөн хүрээтэйгээр хийсэн.
Цаашид дайны үйл ажиллагаа сансар огторгуйд хүрч өргөжинө гэдгийг Старлинк хиймэл дагуулууд, хиймэл дагуулын долгионд нөлөөлөгч Оросын хамгаалалт зэрэг нь харуулсан бол тун удахгүй хиймэл оюун ухаанд суурилсан аливаа технологи дайн байлдааны үйл ажиллагаанд ашиглагдах нь үнэхээр л цаг хугацааны асуудал болоод байх шиг.
Эх сурвалж: https://technosphere.beehiiv.com