ЭМЧ: Зажлуур багатай хүнс хүүхдийн зажлах чадварыг бууруулдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Зажлуур багатай хүнс хүүхдийн зажлах чадварыг бууруулдаг

When Do Babies Start Teething? | Parents

Хүүхдийн шүд арчилгаа, шүд цоорохоос сэргийлэх, амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахих талаар мэдээлэл зөвлөгөө хүргэхээр "Мон Дент" шүдний эмнэлгийн Нүүр амны их эмч Б.Болорчимэгтэй ярилцлаа.

Хүүхдийн шүд хэзээнээс яаж ургадаг вэ?

Ураг байх үеээс л шүдний эх үүсвэр тавигдаж, төрсний дараа 6-8 сартайд нь эхний цахиур ургаж эхэлдэг.

Сүүлийн үед хүүхдийн шүд эмзэг, амархан цоордог болжээ. Ингэж хэврэгших нь юутай холбоотой вэ?

Хүмүүсийн хооллолтын дэглэмд маш их өөрчлөлт гарсан. Олон төрлийн амттай, чихэрлэг зүйлс өдөр тутамдаа идэж байна. Тахиа, гахай, пицца зэрэг зөөлөн, зажлуур багатай хоол хүнс түлхүү хэрэглэх нь хүүхдийн зажлах чадвар буурахад нөлөөлдөг. Уламжлалт хоол хүнс болох мах, ааруул, цагаан идээ гээд харьцангуй хатуу төрлийн хоол зажилж идэхэд шүд цэвэрлэгдэж, бэхжиж, элдэв гажиг үүсэхээс сэргийлж, хэвийн хөгжих сайн талтай. Ажиглаад байхад сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд нэгнийх нь төрсөн өдөр болж байна гээд л, баяр ёслол бүрээр амттан их өгдөг болж. Энэ ч бас шүдний цоорол, өвчлөл үүсэх шалтгаан болж байна.

Surviving Baby's First Tooth | Methodist Health System | Omaha, Council  Bluffs, Fremont

Сүүн шүд ургаж эхлэх үед загатнахаас гадна хүүхдийн зан ааш өөрчлөгддөг гэх нь бий. Шүд нь ургах үеийн зөв арчилгаа юу вэ?

Сүүн шүд ургах дөхөхөөр шүлс гоожимтгой болж, юм хазаж зуух гээд байдаг. Шүд нь буйлаа цоолж түрж гарч ирдэг учраас сар сард нь тохирсон зөөлөн, зажлуулж болох тоглоомоор тоглуулбал сайн. Хүүхдийнхээ шүдийг ургаж гарч ирэхээс нь өмнө ургахад нь бэлдэж арчлах хэрэгтэй.

4-6 сартайд нь дээш харуулж хэвтүүлээд хацар, завжинд нь хүрэх, амны хөндийг нь марлаар арчих, буйлийг нь цэвэрлэх зэргээр тодорхой хэмжээнд бэлтгэл хийх хэрэгтэй.

Ингэж арчилвал хүүхэд шүдээ ургах үед хэдийн арчлуулаад сурчихдаг. Шүд нь ургах үед гэнэт л шүдийг нь угаахаар хүүхэд айгаад угаалгах дургүй болчихдог.

Шүдний хэлбэр, бүтэц удамшдаг уу? Ямар нэг шүд, эрүү амны гажиг байвал бага насанд нь засах боломжтой юу?

Эцэг эх эсвэл хамаатан садны хүмүүс дунд нь шаймий хүн байвал хүүхэд түүнийг нь дуурайх төлөвтэй байдаг. Гурван сар тутамд хүүхдийнхээ шүдийг тогтмол үзүүлж насанд нь таарсан угаалга, арчилгаа цэвэрлэгээ хийж байх нь маш чухал. Ингэснээр ямар нэг гажиг үүсэхээс эрт сэргийлж чадна. Шүд ургаад эхлэнгүүт л мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Хүүхэд хуруу гараа амандаа хийгээд байнга амаараа оролдоод байдаг нь амны хөндий, шүдний бүтцэд ямар нөлөөтэй вэ?

Гажиг үүсгэх том шалтгаан болдог. Хамар нь байнга битүүрдэг, амаараа амьсгалдаг хүүхэд орсгой шүдтэй болох, хуруугаа байнга хөхөх юм бол шүд орсойх, зайлхай болох зэрэг гажиг үүсгэдэг. Тиймээс эдгээр муу зуршлуудыг хүүхдэд аль болох үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Монгол хүүхдүүд мөөмөө их удаан хөхдөг учраас харьцангуй муу зуршил багатай.

Мөөмнөөс эрт гарсантай холбоотойгоор стрессдэх үедээ хэл, уруул, хуруугаа хөхөх муу зуршлуудтай болдог.

Шүд ургахаас өмнөх арчилгаа их чухал гэж ойлголоо. Гэрийн нөхцөлд ээжүүд хүүхдийнхээ буйл, амны хөндийг яаж арчилж цэвэрлэх вэ?

Амны хөндийг тогтмол цэвэрлэх нь хүүхэд шүдээ арчлуулахад дасгаж байгаа зөв дадал. Гэрийн нөхцөлд буцалсан усанд марл дүрээд хуруундаа ороож байгаад буйлнуудыг нь арчих, хэлний өнгөрийг нь араас нь урагш зөөлөн арчих зэргээр цэвэрлэж болно. Эмийн сангуудаар зарагддаг амны PH-ийг хэвийн болгодог салфетикуудаар цэвэрлэж ч болно. Манайд хандаж байгаа эцэг эхчүүдийн буруу ойлголт нь хүүхдийнхээ шүдийг ургатал огт угааж цэвэрлээгүй, цэвэрлэх шаардлагагүй гэсэн бодолтой байдаг.

Сүүн шүд зайтай ургах нь юутай холбоотой вэ? Цоорсон эсвэл ломботой шүдийг яаж арчлах вэ?

Сүүн шүдний хувьд гажиг төдийлөн яригддаггүй. Байнгын шүдэнд шилжих үед нь илүү сайн залж анхаарах шаардлагатай. Сүүн шүд ургаж байх үед нь хоолыг сайн зажлуулж идүүлбэл гурван наснаас аяндаа өсөлт хөгжилтийн зай гардаг. Ингэж зай гарах нь хэвийн үзэгдэл бөгөөд зургаан насанд байнгын шүднүүд нь тэр зайгаар багтаж гарч ирдэг. Өсөлт хөгжилтийн зай сайн тавигдаж байж л шүднүүд багтаж тэгш сайхан ургана.

Сүүн шүд цоорсон бол цооролт зогсоох түрхлэг түрхэх, эмчилгээ цаг тухай бүрт нь хийлгэх хэрэгтэй. Хүүхдийн сүүн нэгдүгээр араа 11 настайд солигддог.

Сүүн шүд өвчлөл багатай байвал байнгын шүднүүд эрүүл ургадаг. Хоолоо сайн зажилж идэж сурвал эрүү нүүрний хөгжил ч хэвийн явагдана.

Хүүхэд шүд нь өвдөхөөр том хүн шиг шууд хэлээд, эмчлүүлж чадахгүй, нэг тал нь өвдвөл нөгөө талаараа аргалж идээд, хатуу биш зөөлөн хоол сонгоод байдаг. Тиймээс эцэг эхчүүдийн арчилгаа анхаарал маш чухал. Шүд цооруулдаг бактерууд нь бөөр, зүрхийг гэмтээх аюултай. Шүдний цоорол үүссэн бол яаралтай арга хэмжээ авах ёстой.

Хүүхдийн шүд толботох, шарлах үед ямар арга хэмжээ авах вэ?

Өнгөрийг удаан хугацаанд цэвэрлэхгүй байхаар шүдний пааланг эрдэсгүй болгож, сийрэгшэн цоорлын цагаан толбо үүсдэг. Өдөр тутмын хоолны дэглэмд анхаарах хэрэгтэй. Хичнээн шүдээ угаасан ч хоол идэх давтамж их байвал цоорох эрсдэл нэмэгдэнэ. Ялангуяа иштэй чихэр удаан хүлхэж идэхэд хүчтэй хүчил үүсэж шүдийг хайлуулдаг. Идэж дууссаны дараа ч хүчил нь байсаар байдаг. Тиймээс хооллохдоо ундаа торт, чихэр жүүс хамт өгөхгүй, чихэр өгсөн бол ус уулгах зэргээр амны хөндийн хүчиллэг орчинг тэнцвэржүүлж байх хэрэгтэй.

Шүд ургаж, хөгжих үед нь ямар хоол хүнс хэрэглэвэл сайн бэ?

Хүүхэддээ ямар хоол идүүлж хоолонд оруулснаас шалтгаалан тийм төрлийн хоол хүнсэнд дуртай болдог. Эхнээс нь чихэрлэг биш хоол өгөх тараг, кашыг нь чихэргүй идүүлж сургавал сайн. Чихэрлэг зүйл идэж сураагүй хүүхэд тэр бүр амттай зүйл идэх гээд байдаггүй. Хүүхдийн амтлах чадвар маш өндөр. Томрох тусам амтлах чадвар буурдаг.

Томчууд өөрсдийн иддэг хоолноосоо 50 хувийн амт султай хоол өгөхөд хангалттай гэж хоолны эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Бага насны хүүхдийг бор хоолонд оруулахдаа давс чихэрийг өөрсдийн иддэг шигээ хийх шаардлага байхгүй.

Аав ээжүүд хүүхэддээ хоолыг нь жижиглэж, хөргөж өгч байна гээд амаараа дамжуулж өгөөд байдаг. Энэ нь амны хөндийн ямар халдвар дамжих эрсдэлтэй вэ?

Хүүхэд төрөхдөө шүд цооруулагч бактериар огт халдварлагдаагүй байдаг. Тухайн гэр бүлийн асран хамгаалагчид тэр бактерийг хүүхэддээ халдаадаг. Хүүхдээ шүд цооруулагч бактериар халдварлуулахгүйн тулд аяга халбагыг тусд нь байлгаж, долоохгүй, угжны халуун хүйтэнг шалгахдаа гарын шууны дотор талын хэсэг болох нимгэн арьсан дээрээ дусааж үзэх хэрэгтэй. Амьсгаагаар үлээхэд хүртэл бактер дамждаг.

Хүүхдийн шүд ургасан л бол хоолоо өөрийнхөө шүдээр зажилж идэх ёстой. Хоол зажилж хүүхэддээ өгөх нь амны хөндийн өвчин үүсгэгч бактери халдаадаг.

Pick the Best Toothpaste for Your Baby: 5 Non-Toxic Options

Оо сойзны сонголт, зөв хэрэглээний тухай зөвлөөч?

Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг Японоос суралцах нь илүү тохиромжтой гэж үзэх болсон. Адилхан ази хүн учраас сойзны том жижиг, үсний урт богино нь сайн таардаг. Гадуур зарагддаг сойзнууд европоос орж ирсэн, эсвэл стандарт бус толгой томтой, том хүний гэмээр сойзнууд их байна. Өндөр нам үстэй сойз хүүхдийн шүдэнд тохиромжгүй, өнгөр авч чадахгүй илээд байдаг.

Хүүхдийн сүүн шүдний сойз сонгохдоо үүдэн хоёр шүдний хэмжээтэй толгойтой, жигд тэгшхэн үстэй сойз тохиромжтой бөгөөд гурван сар тутамд солих хэрэгтэй.

Сойз сонголтоос гадна зөв угаах нь чухал. Ээжүүд шүд нь эмзэглэчихнэ гээд завсар ховил буйлыг нь угаахгүй орхидог. Тэгсэн хэрнээ угаагаад байхад шүд нь цоороод байна гэдэг. Сойз сонголт болон угаалт маш чухал. Эхний ээлжинд хүүхдийнхээ шүдийг оогоор угаах хэрэггүй. Буцалсан ус стаканд хийж байгаад хүүхдээ өвөр дээрээ хэвтүүлж бүх шүдийг, дотор гадна гадаргууг нь угааж өгөх хэрэгтэй.

Хоёр наснаас эхлээд хүүхэд амаа зайлж сурсан байвал сайн. Эхлээд амаа цэвэр усаар зайлж, сойзоор цэвэрлэж угаачихаад дараа нь оогоо түрхэж угаана. Шууд оо түрхэж угаахаар ам хөөсөрч шүдний гадаргуунууд харагдахгүй, цооруулагч бактери шүдний гадаргууг бүрхэж ооны хэрэгтэй бодис шингэдэггүй. Тиймээс бактеруудыг нь авч, өнгөрийг нь цэвэрлэчихээд дараа нь оогоор угаахад хэрэгтэй бодисууд нь шүдэндээ тэжээл болж үлддэг.

Сүүн шүд унаад байнгын шүд ургахад юуг анхаарах вэ?

Байнгын шүд ургаж гарч ирсэнийхээ дараа хоёр жил маш зөөлөн байдаг учраас амархан цоорох гээд байдаг. Зургаан насанд ургадаг зургаа дахь шүдийг онцолмоор байна. 6-8 насанд байнгын шүд ургах үед хүмүүс үүдэн шүдийг нь л хараад байдаг. Гэтэл ард араа шүд буюу зургаа дугаар шүд арчилгаа дутуу хийгдсэнээс болж амархан цоордог. Бусад шүднээс намхан нэг шүдний доор юм шиг гардаг учраас угаагдахгүй үлдэх талтай. Тиймээс эмчид үзүүлж зөв угаалтаа заалгахыг зөвлөе. Мөн ховилууд нь бүрэн гарч ирсний дараа ховил хамгаалах ломбоор ломбодуулбал шүд эрдэсжиж хатууран цооролд өртөх эрсдэл буурдаг.

Хүүхдүүд эмнэлэг, эмчид шүдээ үзүүлэхээс айж, уйлдаг. Эцэг эхчүүд яахаа мэдэхгүй бөөн юм болдог шүү дээ. Энэ айдсыг яаж багасгах вэ?

Өвдсөн хойно нь эмнэлэгт ирэх хандлага их байна. Хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандахад хүүхэд өвдөлтийг мэдэрчихсэн болохоор айх уйлах нь мэдээж. Эмч аль болох амттан бага идүүлэх, шүдээ сайн угаахыг зөвлөөд явуулахаар, аав ээжүүд хүүхдээ үгэнд оруулахын тулд эмч нараар айлгадаг. “Чи их чихэр идээд байвал тэр эмчид чинь аваачиж өгнө шүү, эмч шүдийг чинь тайрана шүү” гээд айлгаад буруу ойлголт өгөөд байдаг. Эмч бол чиний найз, чамд тусалж байгаа гэх мэтээр зөв талаас нь ойлгуулж, тайлбарлабал эмнэлэгт очихоос айхгүй.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу аж ахуйн журмыг боловсруулж байна
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу аж ахуйн журмыг боловсруулж байна
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.