/2023.11.29/: ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын дэд захирал асан, Дэлхийн банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол мах төслийн олон улсын зөвлөх Мэтью Стон болон холбогдох албан хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Олон улсын санхүүгийн корпорацитай байгуулсан санамж бичгийн хүрээнд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу хамгаалалттай аж ахуйн журмыг нийцүүлэн боловсруулж байна.
Уулзалтын үеэр тухайн журмын боловсруулалт, хамгаалалттай аж ахуйг баталгаажуулах, хянах SPS эрсдэлийн удирдлагын баталгаажуулалтын механизмын талаар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шинжээчид олон улсын туршлага хуваалцаж, санал солилцов.
Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, экспортыг тогтвортой явуулах зорилгоор “мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах зорилт дэвшүүлэн засгийн газрын 2022 оны 424 дүгээр тогтоолоор батлуулж, хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ