/2023.11.17/: Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Оюутолгой компани 2022 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн буюу тус компанийн мөнгөний урсгалд манай улс руу орж ирсэн мөнгөний хэмжээ 200 сая ам.доллараар илүү байна гэж Монголбанкны ерөнхийлөгч танилцуулаад, энэ оноос гүний уурхайн одоо олборлолт эхлээд явж байгаа учир борлуулалтын хэмжээ нэмэгдэж, ирээдүйд 5.0 тэрбум ам.доллар хүрнэ гэсэн юм.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын ардын банктай 2011 онд нийт 15.0 тэрбум юанийн своп хэлцлийг байгуулсны 12.0 тэрбум юанийг 2016 он хүртэл хэрэглэсэн гээд, уг өрийг төлөх хугацааг 2026 он хүртэл сунгахаар ярилцаж байна гэсэн юм. Монгол Улсын валютын нөөц 4.0 тэрбум ам.доллароос дээш тогтвортой байх тохиолдолд дээрх төлбөрийг тодорхой хэмжээгээр барагдуулаад явах бодлогыг Монголбанк баримталж байгаа ажээ.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулав.
Тогтоолын төсөлд нэмэх хоёрдугаар заалтад, “ЗГ-аас эрх зүйн орчныг бүрдүүлж орон сууцын ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэн авах хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж зээлийн эргэн төлөлтөө санхүүжүүлэх” гэсэн зүйл оруулсан нь хуулийн зөрчилтэй байна хэмээн үзэж буйгаа хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлэн, гүйцээн боловсруулах чиглэл өглөө.
Мөн, тогтоолын төслийн хоёрдугаар заалтад, “Агаар орчны бохирдлыг бууруулах төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, гэр хорооллын барилгажуулалтад олгох ипотекийн зээлийн хэмжээг хөтөлбөрийн нийт эх үүсвэрийн 20 хүртэлх хувьд хүргэх арга хэмжээ авах” гэсэн агуулгатай гуравдугаар дэд заалт нэмэх тухай Ажлын хэсгийн саналаар санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Харин Ажлын хэсгээс гаргасан, бизнесийн зээлийг нэмэгдүүлж, хэрэглээний зээлийн хэт өсөлтөөс сэргийлэх, жижиг дунд бизнест олгож байгаа зээлийн ангиллыг дээшлүүлэх, дахин санхүүжилтийг эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчимд тулгуурлан уян хатан болгох, төрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй зээл санхүүжилтийн хөтөлбөрүүдийн багцын тодорхой хэсгийг органик хүнсний тариалалт, үйлдвэрлэлийн ногоон зээлд зориулах зэрэг саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Санал хураалт дууссаны дараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Эх сурвалж: УИХ