/2023.11.13/ Цэргийн албанд татагдан очоод ердөө 20 хоносон шинэхэн цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Зэвсэгт хүчний 326-р ангид цэрэг амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабаас хэвлэлийн хурал зарлалаа. Энэ цэргийн ангид 2021 оны гуравдугаар сард 19 настай цэрэг салаан даргадаа зодуулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн амиа алдсан хэрэг гарч байв.
Мөн энэ оны зургаадугаар сарын 22-ны өдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид мөн 21 настай цэрэг амиа алдсан хэрэг гарсан.
2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаагч амиа хорлож нас барсан хэрэг гарсан. Ийнхүү ердөө энэ онд гурван цэргийн алба хаагч амиа алдлаа.
ШУУД МЭДЭЭ
Хэвлэлийн хуралд Зэвсэгт хүчний жанжин штабын Бригадын генерал Цогтжаргал, Зэвсэгт хүчний хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга Баярт-Очир нар оролцлоо. Бригадын генерал Цогтжаргал:
-Юун түрүүнд талийгаачдын ар гэр, төрөл саданд гүн эмгэнэл илэрхийлье. Өглөө 06.30 цагийн үед командлагч над руу "Талийгаач команд өгсний дараа алба хаагч босохгүй байсан тул ангийн эмч, албаныхан үзэхэд нас барсан байлаа. Эмч, цагдаа дуудсан байна" гэж мэдээлсэн. Байлдагч амрах цагтаа амарсан байна. Өглөө 6 цагт босох дохио өгөхөд босохгүй байсан учир байлдагч амиа алдсаныг үүрэг гүйцэтгэгч, албан хаагчид мэдсэн байна. Бүх үзлэгийг ном дүрмийн дагуу хийж явуулсан.
Хэрэг мөрдөн байцаалтад шилжсэн учир бид үүнээс дэлгэрэнгүй мэдээллийг хийх боломжгүй байна. Шүүх шинжилгээний байгууллага бүх ажлаа хийж, цогцсыг авч явсан. Хууль хяналт, цагдаагийн байгууллага шалгаж дүгнэлт гаргах хүртэл бид ямар нэгэн мэдээлэл, дүгнэлт хийх боломжгүй.
Дараагийн мэдээ тодорхой болохоор бид мэдээлэл өгье. Одоо бид цэргийн анги руу очиж, тэнд байгаа хүмүүст мэдээлэл өгөх шаардлагатай байна. Болсон үйл ажиллагааг тухайн үед нь шуурхай мэдээлэл өгч ажиллана гэлээ.
ӨМНӨХ СУДАЛГААНУУДААС
ХЭҮК-оос 2011-2022 оны хооронд цэргийн алба хаагчтай холбоотой 124 хавтаст хэргийн материалд дүн шинжилгээ хийхэд хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 9, эрүүл мэнд хохирсон 44 хэрэг байжээ.
(ЗХ-ний ...дугаар ангид 2021 онд хугацаат цэргийн алба хаасан иргэний ярилцлагаас)
...Эхэндээ 100 шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг... Ялангуяа шинэхэн офицерууд ахлагч нараа, ахлагч нар хал цэргүүдийг, хал цэргүүд шинэ цэргээ дарамталдаг.. Гол нь халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно... цустай нь хутгана шүү дээ, тэгээд л маргааш нь халуунд шинэ цэргүүдийг дарамтална.. Алчуураар гараа ороож байгаад нүүр рүү цохино, тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй... Мөн алчуур эрчлэн ороож байгаад толгой руу шавхуурдахад чих дүүрээд л, толгой манараад л ухаан алдсан байдаг... Нэг удаа шавхуурдахад ухаан алдаагүй “шийртэй” нөхрийг ухаан алдтал нь шавхуурдана. Үүнийг нь “хоохордох” гэдэг. Ёстой аймаар шүү дээ, шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, дүйнгэтээд чих шуугиад байдаг юм билээ. Мөн “тугны иш” гэдэг дэглэлт байдаг. Тэр нь гар дээр нь тулж хэвтүүлээд өгзөг рүү нь гуталны өсгийгөөр цохих эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй, маш их өвдөөд байж ядаад дороо дэвхцэх эсвэл хаашаа ч хамаагүй хар тэнхээгээрээ гүйж өгнө дөө... Бас том сав, аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг, тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд 1 км орчим газарт гүйлгэнэ, тэгэхээр шууд бөөлжинө шүү дээ.. зарим нь өмдөндөө “авчихна”, тэгэхээр нь ахиад л зодно.. Бойтог цэргүүд л их дарамтлуулна...
(Прокурорын ... дугаар тогтоол)
...2019 оны ... дугаар..-ны өдөр Хилийн цэргийн ... дугаар ангийн ... дугаар заставт ...... гэх газарт хугацаат цэрэг модноос боож нас барсан гэмт хэрэг гарсан. ...гэрчийн мэдүүлгээр “Цэргийн албанд хэрэггүй иржээ, ард амьдралаар амьдрах юмсан, би ямар газар ирчихвээ, ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ, нуугаад яахав үнэхээр шантарч байна.” гэж ярьж байсан.....
Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн төлөв байдлыг тодорхойлоход 107 нь тайван, 73 нь тайван бус, 20 нь зовуурьтай, 12 нь шаналгаатай, 3 нь маш их шаналгаатай төлөвийг тус тус сонгосноос 108 нь их бага хэмжээнд сэтгэл зүйн төлөв байдал нь тайван бус байв.
Сэтгэл зүйн таагүй төлөв байдлыг тодруулахад офицер, ахлагч нарын дэглэлт, дарамт, ирээдүйд санаа зовнисон байдал, алба хааж буй газар орон, орчин нөхцөл, хүмүүс хоорондын таарамж, ар гэрээ санах зэрэг шалтгаантай холбоотой байлаа.
Хэргийн түүвэр судалгаанаас үзэхэд амиа хорлосон 5 тохиолдлын 3 нь ямар нэгэн байдлаар офицер, ахлагч нарын дүрмийн бус харьцаа, цэргийн алба хаахтай холбоотой үүссэн сэтгэл гутралын хам шинжээс шалтгаалжээ гэж ХЭҮК-ын судалгаанд дурдсан байна.