Дэлхийн удирдагчид хиймэл оюуны программуудад аюулгүй байдлын шалгалт хийж байхыг дэмжив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн удирдагчид хиймэл оюуны программуудад аюулгүй байдлын шалгалт хийж байхыг дэмжив

Их Британи улс AI технологийн чиглэлээрх анхны дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, уулзалтад оролцсон Европын холбоо тэргүүтэй 27 орны төр засгийн тэргүүнүүд хиймэл оюуны моделиудыг бүрэн хэмжээгээр ашиглаж эхлэхийн өмнө болон ашиглалтын дараа аюулгүй байдлын үүднээс хяналт шалгалт хийж байх шийдвэр дээр санал нэгдэв.

Энэхүү шийдвэр нь AI-ийн хэт хурдацтай хөгжил нь хүн төрөлхтөнд аюул занал учруулж болзошгүй гэж үзэж, эрх баригчдад хандаж байсан Илон Маск, Сэм Олтмэн зэрэг технологийн салбарын лидерүүдийн хүсэл биелснийг харуулж байна. Гэвч дээр дурдсан хоёр эрхэм өөрсдөө энэ салбарын томоохон хөгжүүлэгчид гэдгийг бид мэдэх билээ.

Британийн засгийн газар дэлхийн AI аюулгүй байдлын төв зангилаа болгохоор байгуулсан Лондоны Блечли дэх AI аюулгүй байдлын хүрээлэндээ АНУ, Хятад, Энэтхэг, Япон, Европын холбооны удирдагчдыг урьж, хамтын шийдвэрт хүрч чадсан нь тэдний хувьд томоохон амжилт юм.

Тэдний батлан гаргасан бодлогын баримт бичигт “хүчирхэг AI моделиудын зүгээс санаатай болон санамсаргүй байдлаар ноцтой, сүйрлийн аюултай үйлдэл гаргахаас сэргийлэх зорилготой” гэжээ. OpenAI, Google Deep Mind, Microsoft, Meta болон бусад AI салбарын компаниуд уг баримт бичигт харилцан үүрэг хүлээхгүй байдлаар нэгдэж гарын үсэг зурцгаасан байна.

“Одоог хүртэл AI модель хөгжүүлэгчид өөрсдөө аюулгүй байдлын шалгалтаа хийж ирсэн. Бид хүмүүсээр өөрсдөөр нь гэрийн даалгаварт нь дүн тавиулдаг байх учиргүй” гэж Британийн ерөнхий сайд Сунак уулзалтын хаалтын мэдэгдэл дээр хэлсэн бол АНУ-ын дэд ерөнхийлөгч К.Харрис АНУ-ын AI аюулгүй байдлын хүрээлэн нь AI салбарын эрсдэлийн удирдлагын суурь зарчмуудыг тодорхойлон, батлуулах замаар саяхан гаргасан ерөнхийлөгч Байдены AI-тай холбоотой гаргасан зарлигийн хэрэгжилтийг хангуулна гэжээ.

Гэсэн хэдий ч уулзалтын үр дүнд яг аль AI модель дээр, хэзээ нь аюулгүй байдлын туршилт, шалгалт хийгдэх талаар тодорхой шийдвэр гараагүй нь сонирхол татаж байгаа юм.

Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг, дунд хэмжээтэй, нээлттэй хувьцаат компаниудын удирдлагууд дээд хэмжээний уулзалтад оролцож, дуу хоолойгоо гаргаж чадаагүйдээ сэтгэл дундуур байна. Учир нь салбарын тоглогчдоос зөвхөн томоохон AI модель хөгжүүлэгч компаниудад л урилга гардуулсан ажээ.

Харин дээд хэмжээний уулзалтад урилгаар орж чадсан иргэний нийгмийн байгууллагууд төр засгийн тэргүүнүүдэд хандаж гаргасан мэдэгдэлдээ “AI салбарын зохицуулалтаа эрэмбэлж, нэн тэргүүнд хүний эрх болоод хүмүүсийн өдөр тутмын амьдралд учирч болзошгүй эрсдэл, аюулыг онилох нь зүйтэй” гэсэн бол технологийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэл ч мөн дээрх санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

AI салбарын аюулгүй байдлын чиглэлээр байгуулагдсан Frontier Model Forum-ын гүйцэтгэх захирал Крис Месерол “Хиймэл оюуны салбарт томоохон өөрчлөлт хийхээр энэхүү уулзалтыг зохион байгуулсан Риши Сунакийг магтах нь зүйтэй, одоо харин үг яриагаа үйл хэрэг болгож, энэ салбарын стандартуудыг тодорхой тогтоож, AI аюулгүй байдлын чиглэлээрх тэргүүн туршлагуудыг нэвтрүүлнэ гэсэн хүлээлттэй байна” гэжээ.

Харин дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцсон иргэний нийгмийн төлөөллүүдийн нэг AI Now хүрээлэнгийн захирал Амба Как AI моделиудыг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө хянаж, шалгадаг байхыг дэмжиж байгаа ч цаашид эдийн засаг, нийгмийн байгууллууд технологийн салбарын хэдхэн хувийн компаниудын атганд орох нөхцөл рүү орохоос сэргийлэх хэрэгтэй гэсэн юм.

Google болон Johnson & Johnson компаниуд тэргүүтэй Silicon Valley Leadership Group ч мөн “хүн төвтэй, хариуцлагатай AI хөгжүүлэх талаарх таван зарчим” нэртэй бодлогын баримт бичиг батлан гаргаж байгаа гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Хиймэл оюуны салбартай холбоотой дэлхийн хэмжээний хурал уулзалтууд цаашид ч хийгдэхээр байгаа ба эдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа нь 2024 оны хавар Өмнөд Солонгост, мөн 2024 оны 11-р сард Франц улсад зохиогдох уулзалтууд юм.

Эх сурвалж: axios.com

Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 тамирчнаас дөрөвт жагсжээ
Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 тамирчнаас дөрөвт жагсжээ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.