/2023.11.03/: Зайсан орчмын орон сууцнуудад цэвэр усны асуудал хүнд хэвээр байна.
Тэгвэл тухайн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийжээ.
Тэрбээр, Зайсан орчмын хотхонуудад оршин суудаг 16 мянган иргэний эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байна.
Зайсан орчмын хотхонуудыг цэвэр усанд холбох нь оршин суугчдын эрүүл амьдрах нэн тэргүүний чухал асуудал. Тус асуудал Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвшөөрөл авч чадаагүй, мөн Зайсангийн шинэ гүүрний зураг төсөлтэй уялдаагүй, барьцааны дансан дахь нэг тэрбумын хөрөнгө оруулалт нь буцаан татагдсан зэрэг шалтгаанаар ажил нь зогсоод байсан юм.
Асуудлыг эрчимжүүлж, шийдвэрлэхээр нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Намсрайжав, төслийн гүйцэтгэгч Бат Комплект компанийн инженер Г.Хүслэн нартай уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн автозамын хөгжлийн газартай гэрээ байгуулж, зам сэтэлж, ажлаа үргэлжлүүлэх зөвшөөрлөө авсан гэдгээ илэрхийллээ. Ажлын гүйцэтгэгч Бумба-Од компанийн ажил 85 хувьтай, Бат комплект компанийн ажил 25 хувьтай явагдаж байна.
Одоо ажлыг үргэлжлүүлэх гол асуудал нь хөрөнгө оруулалтын асуудал л болж үлдлээ. Тиймээс төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх хөрөнгийг 2024 оны улсын төсөвт суулгах, зарчмын зөрүүтэй санал оруулахаар бэлтгэж байна. Энэ бол Зайсан орчмын хотхонуудад оршин суудаг 16 мянган иргэний эрүүл мэндийн асуудал, эрх ашигтай шууд холбоотой. Төсөв шийдэгдсэн тохиолдолд цэвэр усны байгууламжийн ажлыг 2024 ондоо дуусгах боломжтойгоо компанийн төлөөллүүд мэдэгдлээ" гэжээ.