/2023.11.03/: Хотын дарга Х.Нямбаатар Урт цагааны дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр, Урт цагааны барилгыг өндөр худалдааны төв, барилга болгох асуудлаар өмнө нь шийдвэр гарч ажиллаж байсан юм байна. Миний бие энэ ажилд томилогдсоноос хойш Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах нэртэй анхдагч хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Энэ хуулийн төслийн үндсэн барьж байгаа зарчим бол нягтаршил хэт ихтэй байршилд өндөр орон сууц барих явдлыг хязгаарлаж, дэд төвүүдээ түшиглэн Их тойруугийн нягтаршлыг багасгах бодлого байгаа. Өнөөдрийн байдлаар нягтаршил ихтэй Их тойруугийн орчимд өндөр барилга барих 1500 зөвшөөрөл олгогдсон байна.
Нийслэл өөрөө нягтаршил багасгана, өндөр барилгыг хязгаарлана гэх бодлого барьчихаад өөрийн өмчийн Урт цагааны барилгыг нурааж өндөр барилга барина гэдэг нь барьж байгаа бодлоготойгоо нийцэхгүй гэж үзэж байна.
Тийм учраас 1960-1962 оны хооронд баригдсан нийтдээ 8000 орчим мкв талбай бүхий энэ барилгыг буулгаж нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж барих уу эсвэл нийслэл өөрийн өмчийн ашиглалтыг сайжруулж шинээр барилга барих нь зөв үү гэдэг асуудлаар өнөөдөр анх удаагаа нийслэлчүүдээсээ санал асуулга авья гэдэг шийдэлд хүрсэн.
Өнөөдрөөс эхлээд 7 хоногийн хугацаатай Ulaanbaatar.mn сайтад санал байршуулсан. Хурдан системийг ашиглан саналыг баталгаажуулж байна.
Энд байгаа түрээслэгчдийн дийлэнх нь 2020 оноос хойш түрээсийн төлбөр өгөөгүй, шүүхээр маргаан үүсгээд төлбөрөө төлөхгүй, өмчийн ашиглалтыг сайжруулахгүй байсаар байна. Мөн энэ барилга дотор хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүнүүдийг ашиглаж байгааг цагдаагийн байгууллагад нийслэлээс хандсан байгаа.
Аравдугаар сарын 10-ны дотор энэ байрыг суллах мэдэгдлийг өгсөн ч өнөөдрийг хүртэл суллаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тухайн байрыг албадан чөлөөлж өгөх хүсэлтийг хүргүүлсэн.