/2023.10.26/: Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол өчигдөр болж өнгөрлөө.
Уг сонсголд өмгөөлөгч Р.Булгамаагийн хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр, Монгол Улсад сүүлчийн 10 жилийн байдлаар 17036 хүүхэд гэмт хэргийг хохирогч болсон. Жилд дунджаар 1500-1700 хүүхэд гэмт хэргийг хохирогч болж байна. Сүүлийн 10 жилд 3108 хүүхэд гэмт хэргийн улмаас амиа алдсан. Золгүй байдлаар 1873 хүүхэд нас бардаг. Насанд хүрээгүй хүүхдүүдээс сүүлийн 10 жилд 10730 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн байна. Өнөөдөр хүүхэд хамгааллын хуулийн асуудал энд чиглэгдэх ёстой. Гэмт хэрэгт холбогдсон, хохирсон 20 гаруй мянган хүүхдийг цааш нь 200 мянга болгох юм уу? Энэ асуудлын яриасай гэж хүсч байна.
Сүүлийн 10 жилд 7500 хүүхэд гэмтлийн эмнэлгээр дамжаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эгнээ рүү явж байна. Ийм нийгмийг бид бий болгосон.
Надад хэд хэдэн санал байна:
Хуулинд шинэчлэл нэрээр битгий хуулийн хулгай хийгээч. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажил орон нутагт иргэдийн хурлаар дамжаад яваад ирсэн. Засаг даргаар дамжуулна, замын тэмдэг тэмдэглэгээнд зарцуулна гэж яриад байх юм.
Хүүхдийн салбарт боловсон хүчний бодлого алдагдсан байна. Хүүхдийн асуудал хариуцсан агентлаг 2023 оны нэгдүгээр сараас хойш үүрэг гүйцэтгэгч хийж байгаа гэнэ. Монгол Улсад энэ агентлагийг аваад явчих хүн байхгүй бол нээлттэй зарлаж байя. Одоо 500 гаруй нийгмийн ажилтныг хаанаас олж ирэх вэ? Хуулийн төслийн 2.7-д байна. Нийгмийн ажлаар сургалтанд хамрагдсан хүн нийгмийн ажилтан хийнэ гэнэ. Арай ядчихсан байна. Эсвэл эрхзүйч хүн тэр нийгмийн ажлыг хий. Хүүхдийн төлөө ажиллах боловсон хүчин монголд байхгүй байгаа биш байгаа. Заавал яагаад нийгмийн ажлын дээд боловсролтой, эсвэл сургалтанд хамрагдсан байх шаардлагатай гэсэн хатуу заалтыг хуульд оруулж өгөөд байгаа юм. Зүгээр хүүхдийн төлөө сэтгэлтэй хүмүүс энд хэрэгтэй байна" гэв.