Space Talk 1: Г.Эрдэнэбат: Мөрдөн шалгах ажиллагаа НУУЦ байх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Space Talk 1: Г.Эрдэнэбат: Мөрдөн шалгах ажиллагаа НУУЦ байх ёстой

/2023.10.22/ Mpress.mn сайт твиттерийн Space хэсэгт шууд ярилцлагуудыг хийж эхэллээ. Эхний ярилцлагыг хуульч Г.Эрдэнэбаттай “Мөрдөн шалгах ажиллагаа нууц байх ёстой юу, үгүй юу” сэдвээр ярилцлаа. Ярилцлагыг бүрэн эхээр нь сонсох боломжтой.

-Мөрдөн шалгах ажиллагаа хэзээ эхлээд, хаана хүрч дуусдаг вэ?
-Аливаа хууль бус ажиллагааг мөрдөж тогтоохын тулд “Тагнан турших” болон “Мөрдөх” гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Манай улсад үүнийг нэг малгайд оруулаад “Мөрдөн шалгах” гэж нэрлэдэг. “Тагнан турших” гэдэг ажлыг бол нууцаар л хийнэ. Харин мөрдөх ажиллагаа нь гэмт хэрэг гарчихсан тохиолдолд хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх, хэргийн ул мөрөөр мөрдлөг хийх ажиллагаа юм. Тодорхой түвшинд нууцаас гаргаж олон нийтэд зарлана. Жишээ нь, “Хүн хулгайлсан ийм хэргийг мөрдөөд эхэллээ” гэж зарлаж болно. Гэхдээ 100% ил байж болохгүй учир зарим хэсгийг нууцлана. Ингэхдээ гурван шалтгаанаар нууцална. Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагаа ямар явц, үр дүнтэй байна вэ гэдгийгээ зарладаггүй. Ингэвэл мөрдөгдөж байгаа этгээдүүдээс эхлээд мэдээллээр хангагдчихна. Тиймээс хэргийг илрүүлэхээр мөрдөж байх үедээ нууна. Хоёрдугаарт, аливаа хэргийг илрүүлэхэд хэрэглэдэг арга тактик байдаг. Утас чагнах, дагаж тагнах гэх мэт өөрсдийн арга хэрэгсэл бий. Энэ арга хэрэгслээ зарлахгүй. Хэрэв зарлачихвал “Ингэвэл баригддаг юм байна” гэдгийг хэрэгтнүүд мэдчихээд цаашдаа хэрэг илрүүлэхэд төвөгтэй болно. Гуравдугаарт, хэргийг илрүүлэхийн тулд хуулийн байгууллагаас тодорхой хүмүүстэй хамтарч ажилладаг. Гэрч, хохирогч гэх мэт. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийг зарлачихвал түүнд аюулд учруулна. Ийм гурван шалтгаанаар мөрдөн шалгах ажиллагааг нууцалдаг.

-Тэгвэл хэдийд хэргийн талаарх мэдээлэл ил болох вэ?
-Хэрэг илрээд прокурорт очиж, прокурор яллах дүгнэлт үйлдэх цагаас хэргийг ил болгохыг шаарддаг. Шүүх хэн нэгнийг цагдан хорих гэж байгаа бол нууцлах ёсгүй. “Ямар хүнийг барьсан, таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах гэж байна” зэрэг мэдээлэл ил байна. Хэрэв төрийн болон албаны нууц байгаа тохиолдолд тэр хэсгийг хаалттай хэлэлцэж болно, бусад бүх тохиолдолд ил байна гэсэн шаардлагыг дэлхий дахинд адилхан тавьдаг. Үүнийг бусад улс оронд “Шүүхийн ил тод байдал” гэж нэрлэдэг. Манай улсад бол “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” нь ил байх ёстой гэсэн үг.

Гэхдээ шүүхэд “Ямар аргаар мөрдсөн бэ” эсвэл “Гэрч нь энэ байна” гэж өмнө байсан мэдээллүүдийг ил болгож ярьдаггүй. Харин ямар хэрэг гарсан, яаж үйлдэгдсэн бэ, хэнийг энэ хэрэгт ямар үндэслэлээр буруутгаж байна гэх мэт мэдээллүүд л ил болно.

-Мөрдөн шалгах ажиллагааны нууц задарсан бол хариуцлага хүлээх тал нь хэн бэ?
-Мөрдөн шалгах ажиллагааны явцыг хууль бус аргаар олж мэдэж болдог. Жишээ нь, компьютерийг нь хакердах ч юм уу. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг бол мөрдөж шалгаж байгаа байгууллага, албан тушаалтан болон тэдний хамгаалвал зохих ажлын хариуцлагатай холбоотой асуудал. Аймаар хэрэг гарчээ гэж бодъё.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага дуулиантай хэргийн тухай эрэн сурвалжилж байгаад олж мэдэж байгаа тэр мөрдөн шалгах ажиллагааны нууц биш.

Тухайн байгууллагууд мөрдөх ажиллагааныхаа явц, үр дүн, арга техник, цуглуулсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаа өөрсдөө алдахгүй байх тухай л ярьж байгаа болохоос нэг сэтгүүлч гүйж яваад мэдээлэл олсныг “Чи мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулчихлаа” гэж ярьж огт болохгүй. Яаж мөрдөөд байна, ямар явц үр дүнтэй байна, алдагдсан хүнийг олсон уу үгүй юу гээд мэдээллийг хамаагүй задлаад бичээд байвал хэрэг илрэхгүй тийшээ явчих учир мэдээж эрсдэлтэй. Гэхдээ хариуцлага нь мөрдөж байгаа хүмүүстээ л байна.

-Мөрдөн шалгах ажиллагааны нууц задарлаа гэхэд ямар албан тушаалтнаас нь задарсан нь, тэгээд тэр албан тушаалтан нь хэн бэ гэдэг нь дорхноо ил болчих уу?
-Энэ их төвөгтэй, ганц нэгхэн хүнд шууд хамаарах эд биш. Нэг мөрдөгч ганцаараа л хэргийг мөрдөхгүй. Эрэн сурвалжлах ажиллагаанд нь олон хүн орсон байж болно. Нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол түүнд оролцсон хүмүүс ч байна. Жишээ нь, зөвшөөрөл өгсөн прокурор, мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байсан цагдаагийн хэлтсийн дарга эсвэл тасгийн дарга, үр дүнтэй нь танилцсан дарга байж болно, кримниластикийн газрын шинжээч олж мэдэж болно гэх мэт. Нэгжлэг хийсэн бол тэнд байлцсан хөндлөнгийн гэрч бас задруулж болно.

-Мөрдөн шалгах ажиллагааг нууц байлгаснаар үүний ард авлига, албан тушаалын хэргийг далдлах вий гэдэг хардлага байж болох уу. Энэ тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа ил байсан нь дээр гэдэг ч юм уу?
-Холбогдох байгууллагуудыг ил тод ажиллахыг шаардах нь зөв. Гэхдээ “Ийм хэрэг гарсан байна, гэрт нь нэгжлэг хийхээр орж байна” гэж мэдээллийн хэрэгслүүдийг дагуулж ордог нь өөрөө балмадаар хууль зөрчиж буй хэрэг. Нэг хүний өрөөнд нэгжлэг хийхээр орохдоо шууд камер тавиад л, бичлэг хийгээд л... Энэ бол буруу. Ингэж ил тод байдлыг хангаж байна гэж жүжиглэх хэрэг байхгүй.

Дэлхийн улс орнууд “Харилцан хяналт-тэнцвэр” гэдэг зүйлийг хангах ёстой л гэж үздэг. Нэгжлэг, үзлэг хийх байгууллага хөндлөнгийн өөр байгууллагын хяналтанд хийх ёстой. Ихэнх улс орон үүнийг шүүхийн зөвшөөрлөөр шийддэг.

Нэгжлэг хийсний дараа шүүхэд үр дүнгээ танилцуулна. Энэ бол цөөн хэдэн албан тушаалтнаас хамаарах тул цаашдаа нууцаа хадгалах бололцоотой. Зарим улсад прокурор, заримд нь өмгөөлөгч оролцдог. Гэх мэтээр хөндлөнгийн гэрчтэй байж хуулийн байгууллагыг хууль бус зүйл хийхийг хараад айхгүйгээр дуугарч чадах хараат бус субъект олж, хяналт тавиулна. Гэхдээ тухайн хүн мэдээллийг задруулахгүй гэдэг үүрэг хүлээж оролцдог.

-Шүгэл үлээгч энд байж болох уу?
-Бусад улсын жишгээр бол энэ дундаас хүн шүгэл үлээж болно, тийм тохиолдол ч байдаг юм билээ. Манай улсад Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль байхгүй “Чи амаа нээвэл чамд хуулийн хариуцлага хүлээлгэнэ шүү” гэдэг учир манайд бол болохгүй.

-Ер нь мөрдөн шалгах ажиллагааны нууц үнэхээр задарч байгаа юу?
-Шулуухан хэлэхэд мөрдөн шалгах ажиллагааны нууц задарч байна шүү. Шүүхээр шийдэгдээгүй байхад аль хэдийнээ мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг маш их бичиж байгаа. Энд сэтгүүлчид буруутай гэхээсээ илүү энэ нууцыг сэтгүүлчдэд гаргаж өгч байгаа албан тушаалтнууд буруутай л гэж үзнэ.

Манай улсад яагаад сэтгүүлч тогтмол мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээ сэлтийг олж аваад байдаг юм гээд бодвол сэтгүүлч олж авсан биш, харин тэдгээр материалыг хэн нэгэн хүн гаргаж өгөөд байгаа хэрэг. Хэрвээ ингэж гаргаж өгөөд байгаа бол гаргаж өгч байгаа хүнтэй л хариуцлага тооцох нь зөв. Тиймээс Б.Энхбаяр сайдын санаачилсан “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан албан тушаалтанд хариуцлагыг нь өндөрсгөнө” гэдэг суурь үзэл санааг дэмжиж байгаа юм.

Харамсалтай нь, буцаачих шиг боллоо. Ингэж хариуцлага ярихгүй бол арай дэндүү эмх замбараагүй болж, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж, шүүхээр очиход нь гэм буруутай гэж үзэж ял өгөхгүй л бол ямар ч утгагүй болтол нь нийгмийн санаа бодлыг чиглүүлж, шүүхэд нөлөөлж байгаа нь ч үнэн. Үүнийг хязгаарлая гэвэл мөрдөн шалгах ажиллагааг задруулаад байгааг болиулах нь зөв. Гэхдээ яг үнэндээ ял шийтгэл нь багадсандаа нууцыг задруулаад байна уу, эсвэл өөр асуудал байна уу гэдгээ судлах ёстой.

Баавгайн 3 ширхэг сарвуу тээвэрлэж явсныг илрүүлжээ
Баавгайн 3 ширхэг сарвуу тээвэрлэж явсныг илрүүлжээ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.