/2023.09.21/: Украины эрх баригчдын мэдээлснээр, ОХУ-ын арми улс Украин даяар пуужингийн цохилт өгсөн тул Украины зарим хэсэгт өнөөдөр ч агаарын дайралтын сэрэмжлүүлэг хэвээр үргэлжилж байна.
Украины Агаарын цэргийн хүчнийхэн пуужингийн аюул үргэлжилсээр байгаа гэж мэдэгдсэн бол Дотоод хэргийн сайд Игорь Клыменко Украинчуудыг "түгшүүр зарласан бүс нутагт аюулгүй байдлын дүрмийг даган мөрдөж", хоргодохыг уриалав.
Херсон: Оросууд шөнийн туршид пуужингаар довтолсны улмаас өмнөд хотод хоёр хүн амь үрэгдэж, таван хүн шархадсан гэж Украины албаны хүмүүс мэдэгдэв. Херсон мужийн цэргийн захиргааны дарга Олександр Прокудин Telegram хуудсандаа 29, 41 настай хоёр эрэгтэй дотуур байрандаа амиа алдсан гэж мэдэгджээ.
Киев: ОХУ нийслэл рүү агаараас халдлага үйлдсэний дараа шархадсан долоон хүний дунд 9 настай охин байгаа гэж хотын дарга Виталий Кличко мэдэгдэв. "Киевт хоёр дахь довтолгоо ирэх боломжтой. Пуужингийн аюул! Хамгаалах байранд байгаарай!" хэмээн анхааруулсаар байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ-ын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш Киевт агаарын дайралт хийх дуут дохио 1000 гаруй цаг дуугарсан гэж албаны хүн мэдэгдэв.
Харьков: Оросууд зүүн хойд хотод зургаан удаа цохилт өгсний улмаас хоёр хүн шархадсан гэж Украины албаны хүн мэдэгдэв. Халдлагууд Слобидский дүүрэг рүү чиглэж, иргэний дэд бүтцийг сүйтгэсэн гэж тэр нэмж хэлэв.
Черкассы: Оросын пуужингийн цохилтын улмаас хотын төв хэсэгт байрлах зочид буудал шатаж, гал гарсан гэж албаныхан мэдэгдэв. Долоон хүн шархадсан байна.
Львов: Оросын довтолгооны дараа гал гарч үйлдвэрлэлийн бүсэд бүтцийн гэмтэл гарсан гэж албаны хүмүүс мэдэгдэв. Одоогоор хүний амь нас эрсдээгүй байна.
Эх сурвалж: CNN