УИХ-ын ЕНБ-ийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Тамгын газарт ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын ЕНБ-ийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Тамгын газарт ажиллалаа

/2023.09.18/: ХБНГУ-ын Бундестаг эдүгээ түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр буюу 736 гишүүнтэйгээр ажиллаж байна.

Тус улсын хууль тогтоох байгууллага Бундестагийн сонгуулийн эрх зүйд яг хэдэн гишүүнтэй байхыг тодорхой заагаагүй бөгөөд үүнд шинэчлэлт хийж, гишүүдийн тоог 630-аас хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл боловсруулаад байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оноос Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн өргөжиж, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэх 126 гишүүнтэй болно. Үүнтэй холбогдуулан хийх шинэчлэлтийн талаар судлах, туршлага солилцох зорилгоор Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан тус улсад ажиллалаа. Тэрбээр Рейхстаг болон Бундестагийн Байнгын хороодын ордонд зочилж, ХБНГУ-ын төрийн тогтолцоон дахь парламентын үүрэг, бүтэц, үйл ажиллагааны талаар судлав.

May be an image of 5 people, newsroom, dais and text that says 'монголулсыниххурал'

Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Михаэл Шөфер Европын Холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэж буй бөгөөд уг сонгуульт ажлынхаа шугамаар эзгүй байсан тул түүнийг төлөөлөн Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Ланг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг хүндэтгэн угтав.

Тэрбээр Рейхстагийн ордны баруун жигүүр дэх Ерөнхий нарийн бичгийн даргын албан уулзалтын танхимд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж, Германы Бундестаг болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, намын бүлгүүд, гишүүдийн санхүүжилт, ёс зүйн дүрэм зэрэг олон асуудлаар санал солилцлоо.

May be an image of 3 people and text

Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 33 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, Монголын хууль тогтоох дээд байгууллагын бүтцээр дамжуулан Төрийн тогтолцоонд хийж буй шинэчлэлт, түүний зорилго, хүлээгдэж буй үр дүн болон бэлтгэл ажлын талаар товч танилцуулав. Үүний хүрээнд төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, хадгалахад гарч буй сорилт, туршлагыг судалж, мөн төсвийг төлөвлөх болон батлах явцад гарч буй өөрчлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар Герман болон парламентат ёс өндөр хөгжсөн бусад улс орнуудаас суралцах, Тамгын газрын үйл ажиллагаа, мэргэжил, арга зүйн чадавхыг дээшлүүлэх, техник, зохион байгуулалтын өөрчлөлтийг хугацаа алдахгүй хийх шаардлага тулгарч буйг тэрбээр дурдлаа.

Бундестагийн 20 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр хамгийн олон гишүүний бүрэлдэхүүнтэй парламент бүрдсэнийг хэрхэн цөөрүүлэх, хязгаар тогтоох талаар ид яригдаж, үүний хүрээнд төрийн байгууллын уламжлалт харилцаа, хандлагыг өөрчлөн шинэчлэх бодлогын зорилтуудыг хэрэгжүүлж буй энэ үед Монгол Улсын Их Хурал бүтэц бүрэлдэхүүнээ өргөжүүлж, парламентын төлөөлөх чадамж, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх шинэчлэлтийг эхлүүлж байгаа нь харилцан сорилт, туршлагаа солилцох боломж бүрдүүлж буйг Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан тэмдэглэв.

May be an image of 2 people and text

Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нар Бундестагийн болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын хэрэгжилт, тэдний ажлын албаны төсөв, намын болон намын бүлгийн санхүүжилт, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндөн ярилцав. Дэд дарга Рут Ланг Бунтестагийн захиргааны туршлагыг судлахаар ирсэнд нь талархал илэрхийлж, Ерөнхий нарийн бичгийн даргын хөндсөн асуудлуудад тодорхой хариулт өгсөн юм.

Ажлын албаа санхүүжүүлэх төсвийг Бундестагийн гишүүдэд тус бүрд нь баталж олгодог бөгөөд тухайн төсвөөрөө хэчнээн хүнийг, хэрхэн ажиллуулахаа гишүүд өөрсдөө шийддэг байна. Түүнчлэн Бундестагийн гишүүн аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдолд гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах боловч шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл түүний болон ажилтнуудынх нь цалин хангамж хэвийн үргэлжилдэг аж. Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд л бүрэн эрхийг нь хүчингүй болгох хуультай бөгөөд Бундестагийн түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй юм байна.

May be an image of 6 people and text

Эдүгээ Бундестагт маш олон гишүүн сонгогдон орж ирсэн учир тэдний харилцааны болон ёс зүйн дүрмийг шинэчлээд байгаа талаар хатагтай Рут Ланг танилцуулж, гишүүдийн халдашгүй байдал бол хувь хүний бус парламентын халдашгүй байдал гэсэн агуулгад зангидагддаг талаар ярьсан юм. Тэрбээр, парламентын гишүүдийн үйл ажиллагааг сайжруулахын тулд тэдний ажлын албаны албан хаагчдыг бүх талын чадавхжуулах сургалтыг тогтмол явуулдаг тухай дурдаж, сургалтын хөтөлбөр болон агуулгыг хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

May be an image of ‎2 people and ‎text that says '‎ة @ல. монголулсыниххурал‎'‎‎

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Михаэл Шөфертэй Олон Улсын Парламентын холбооны Ассамблейн чуулганы үеэр уулзаж, хоёр орны парламент болон Тамгын газрын харилцааны асуудлаар санал солилцож байснаа дурсан, түүнийг болон хатагтай Рут Лангийг тааламжтай цагтаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт зочлохыг урилаа.

Германы Бундестаг болон түүний Тамгын газрын туршлага, сорилт шийдэл, сургамжийг судлах хүрээд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан маш олон уулзалт хийв. ХБНГУ-ын парламентын бүтэц, эрх мэдлийн хуваарилалт, хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын харилцан хяналт-тэнцлийг хэрхэн хангадаг болон Бундестагийн үйл ажиллагааны зарчмуудын талаар Парламентын эрх зүйн хэлтсийн зөвлөх, доктор Биргит Рээзэ дэлгэрэнгүй танилцууллаа.

Бундестаг нь Холбооны хуулиудыг баталж, Засгийн газарт хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд Засгийн газрын тэргүүн, Үндсэн хуулийн дээд шүүхийн шүүгч нар болон Батлан хамгаалахын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилдог ажээ. Батлан хамгаалахын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр эдүгээ эмэгтэй гишүүн ажилладаг бөгөөд тэрбээр армитай холбоотой аливаа асуудлыг Бундестагт оруулж хэлэлцүүлэх үүрэгтэй юм. Харин тус улсын Ерөнхийлөгч бэлгэдлийн шинж чанартай боловч Засгийн газрын хямралын үед Бундестагт санал оруулж хэлэлцүүлэх эрх эдлэх бөгөөд Үндсэн хуулийн шүүх парламентаас баталсан хуульд хориг тавих эрхтэй ажээ.

May be an image of 4 people, people studying, newsroom and text

Бундестаг хяналт шалгалтын чиг үүргээ Хянан шалгах түр хороо байгуулах, Засгийн газарт асуулга тавих, Байнгын хорооны хуралдаанд сайд нарын мэдээллийг сонсох гэсэн үндсэн арга хэрэгслүүдээр хэрэгжүүлдгийг хатагтай Биргит Рээзэ дурдсан юм. Бундестагийн Байнгын хороод үндсэндээ хаалттай хуралдах боловч ил тод, нээлттэй ажиллах боломжтой юм.

Холбооны төсвийг боловсруулан төлөвлөх, хэлэлцэн батлах үйл явц тасралтгүй агаад давтагдан үргэлжилдэг тул энэ үйл ажиллагааны зохион байгуулалтыг Бундестагийн Төсвийн байнгын хороо, түүний 25 ажлын хэсэг болон бусад холбогдох бүтцүүдээр нарийвчлан зохион байгуулдаг тухай тус Байнгын хорооны Ажлын албаны орлогч дарга, хатагтай Соня Вюстник нэг бүрчлэн танилцууллаа. Төсвийн Байнгын хороо 45 гишүүнтэй, тэргүүнээр нь Бундестаг дахь хамгийн том сөрөг хүчний төлөөлөл ажилладаг байна.

May be an image of 2 people, people studying and text

Төсвийн хуулийг 25 багц төлөвлөлт, тэдгээрийн нэг бүрчилсэн төлөвлөгөөний багц, мөн бодит зарчимд суурилсан санхүүгийн төлөвлөгөө буюу Холбооны өрийн асуудал, зайлшгүй санхүүжүүлэх зардал зэргийг тусгасан багц, бусад гэсэн ангиллуудтайгаар батлан гаргадаг ажээ. Батлагдсан төсвийг хуулийн дагуу захиран зарцуулж байгаа эсэхэд Бундестаг дахь бүх намуудын төлөөлөл оролцсон Хяналтын хороо Холбооны аудитын газартай хамтран хяналт тавьдаг байна.

Энэхүү Хяналтын хороо бол Байнгын хороо биш бөгөөд Төсвийн тухай хууль батлагдмагц Төсвийн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд байгуулж ажиллуулдаг Дэд хороо болохыг тус хорооны Ажлын албаны дарга, ноён Александр Трохэ тодотгов. Хяналтын хорооны аливаа шийдвэрийг Төсвийн байнгын хороо хэлэлцэх бөгөөд Байнгын хороо шийдвэрийг тогтоол хэлбэрээр хэлбэржүүлэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлдэг байна.

May be an image of 4 people, people studying and text

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан энэ удаагийн ХБНГУ-д хийж буй туршлага солилцох ажлынхаа хүрээнд улсын төсөв, санхүүгийн тухай хууль, тогтоомжийнтөсөл, тэдгээрт хийж буй дүн шинжилгээ, дүгнэлт гаргах хүрээ хязгаар, аргачлал, үйл явцын талаар тухайлан судалж буй юм. Тиймээс Төсвийн Байнгын хороо болон Хяналтын хорооны Ажлын албаны төлөөлөгчидтэй уулзсаны дараа тэрбээр Бундестагийн Санхүүгийн байнгын хорооны Ажлын албаны дарга, доктор Оливер Фогттой уулзав. Санхүүгийн байнгын хороо үндсэндээ татварын эрх зүйн асуудлыг хариуцдаг хэмээн ноён Оливер Фогт тайлбарлаад, товчхондоо, Төсвийн байнгын хороо ямар зарлага гаргах вэ гэдгийг шийддэг бол манай Байнгын хороо яаж орлого оруулж ирэх вэ гэдгийг хариуцдаг хэмээсэн юм.

Эх сурвалж: УИХ

Г.Занданшатар: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхийг хангахад банк, санхүүгийн салбарын оролцоо чухал
Г.Занданшатар: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхийг хангахад банк, санхүүгийн салбарын оролцоо чухал
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.