/2023.09.07/: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Говьсүмбэр аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудад мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Тэрбээр, Боловсролын багц хуулиар сургуулийн захирал, эрхлэгч нарт улстөрөөс хараат бус, мэргэжлийн мерит зарчимд суурилсан, мэдлэг, чадвар, туршлагаас гадна хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байх гэдэг шалгуур тавина.
Боловсролын байгууллагын удирдлагууд бол хүүхэд бүрд тэгш боломж олгосон, сургалтын орчин бүрдүүлж чадсан, хүүхдийн эрхийг хамгаалсан, багшийнхаа ур чадварыг дээшлүүлэх боломж олгодог, хамт олныхоо төлөө ажиллаж чаддаг, эцэг, эхчүүдтэй эргэх холбоотой ажилладаг хүмүүс байх ёстой.
2023-2024 оны хичээлийн жилд багтааж улсын хэмжээний бүх сургуулийн цахим орчныг бүрдүүлэх дэд бүтэц, компьютер, тоног төхөөрөмжийг 100 хувь шийдвэрлэх, боловсролын багц хуулийн үндсэн 6 зорилтыг бодитой хэрэгжүүлж чадвал алслагдсан багш, алслагдсан сурагч гэдэг ойлголт үгүй болох ёстой юм.
Мөн багц хуулийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулж байгаа аргачлалыг эргэж харах, сайжруулах талаар багш нар санал хэлж байв.
3 ээлжээр хичээллэх эрсдэлд ороод байгаа Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн шинэ барилгын асуудлыг 2024 оны Улсын төсөвт тусгуулах, 2 дугаар сургуулийн зүгээс дотуур байртай болох, номын сан, ширээ сандлын хангамж, компьютер тоног төхөөрөмж олгуулах зэрэг хүсэлт, саналууд тавигдлаа.
Эх сурвалж: БШУЯ