/2023.09.05/: 12 дахь удаагийн “Mongolia Mining 2023” арга хэмжээний талаар Майнэкс Монголиа ХХК-ийн ерөнхий захирал Т. Баттулга-тай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
-Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тун удахгүй Уул уурхайн салбарын нэгдсэн хамгийн том арга хэмжээ болох “Mongolia Mining 2023” үзэсгэлэн 12-дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Юун түрүүнд энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог болоод зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Mongolia Mining 2023 үзэсгэлэн нээгдэхэд нэг сарын хугацаа үлдлээ. Өнөө жилийн хувьд уул уурхайн салбар хурдтай сэргэж, эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжиж байгаа үед зохион байгуулагдаж буй нь онцлог. Монгол улсын эдийн засаг оны эхний хагаст 6.2 хувийн өсөлттэй байсан нь уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой. Оны эхний 8 сарын дүнгээр Монгол улс нийт 40 гаруй сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн дүн юм. Ийм эрчтэй өсөлтийн үеэр болж байгаа учраас манай үзэсгэлэнгийн талбай эрэлт ихтэй байна, урьдчилан бүртгүүлж байгаа оролцогчдын идэвх ч урд урдынхаас өндөр байна.
-Mongolia Mining үзэсгэлэнд дан ганц Монгол улсын гэлтгүй, олон улсын уул уурхайн салбарын томоохон байгууллагууд төдийгүй Энэтхэгийн салбар яам ирж байгааг сонсоход таатай байна. Тэгвэл өнөө жилийн үзэсгэлэнгийн гол зорилго нь юу байх вэ?
-Mongolia Mining үзэсгэлэн уул уурхайн салбарын олон улсын үзэсгэлэн. Mongolia Mining үзэсгэлэнг анх 10 гаруй жилийн өмнө зохион байгуулж байхад Монгол, БНХАУ гэсэн хоёрхон орны компаниуд оролцож байсан бол одоо жил бүр дэлхийн 5 тивийн 20 гаруй орны төлөөлөл оролцдог, бүс нутгийн чухал арга хэмжээ болж өргөжсөн. Дэлхийн уул уурхайн салбарын тогтмол болдог үзэсгэлэнгүүдийн дунд нэр хүндтэй болж, өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн. Салбарын ханган нийлүүлэгчдийн тухайн жилийн бизнесийн төлөвлөгөөнд зүй ёсоор тусгагддаг чухал арга хэмжээ хэдий нь болсон. Олон орны төлөөлөл дундаас өнөө жил манай арга хэмжээнд БНЭУ-аас өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа бөгөөд тус улсын уул уурхайн яамны төлөөлөл ирж оролцох гэж байна.
Үзэсгэлэнгийн зорилго ямагт хэвээрээ. Бид уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчийг худалдан авагчтай, уурхайг шилдэг технологитой, Монголын уул уурхайн салбарыг дэлхий дахинтай холбох гүүр байхыг л зорьж ажилладаг.
-Уул уурхайн салбарын тэргүүлэгчээр БНХАУ, АНУ, ОХУ, Канад зэрэг улс багтдаг. Эдгээр улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшил рүү нэг алхам ойртоход үзэсгэлэн ямар нөлөө үзүүлж чадах вэ.
-Салбарын техник технологийг өндөр түвшинд хөгжүүлсэн орнуудын нийлүүлэгчид Mongolia Mining үзэсгэлэнд оролцож, технологио Монголын зах зээл дээр танилцуулдаг учраас тэдгээр орнуудын түвшин рүү алхам ч атугай ойртоход гарцаагүй хувь нэмэр оруулдаг. Технологи нэвтрүүлэхээс гадна тэдэнтэй бизнес хийх, хамтарч ажиллах, мэдээлэл солилцох, ноу хау олж авах гээд чухам энэ салбарын хөгжил дэвшилд хэрэгтэй бүхий л боломжийг Mongolia Mining олон улсын улсын үзэсгэлэн бүрдүүлдэг гэж хэлэхэд хилсдэхгүй.
-Манай улсын хувьд уул уурхай цаашдаа ч эдийн засаг голлох салбар байх болно. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг туршлагатай хүний хувьд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахын тулд ямар шийдэл, гаргалгаа бидэнд хэрэгтэй вэ. Энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?
-Энэ сэдвээр олон жил олон хүн ярьж байна даа. Сүүлийн 20-30 жил зөвхөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын чуулган жил бүр дотоодод бас гадаадад тасралтгүй хийлээ шүү дээ. Хөрөнгө оруулалт татах талаар онол дэвшүүлэх, чуулган хийх талаар манайх хэнээс ч дутаагүй. Хэргийн учир нь хөрөнгө оруулалт л хийгдэхгүй байгаад байна. Хөрөнгө оруулалт хийгдэх хамгийн чухал нөхцөл бол бодлогын тогтвортой байдал, хөрөнгө оруулагч хөрөнгөө оруулсны дараа үр ашигтай ажиллах нөхцөл шүү дээ. Гэтэл манайд нэг дарга гарч ирээд цоо шинэ санаа олоод түүнийгээ танилцуулах гэж яараад шинэ хурал, хөрөнгө оруулалтын чуулган хийгээд байвал яаж бодлогын тогтвортой байдал хангагдах билээ. Түүнээс гадна нийгмийн ихэнх нь гадаадын хөрөнгө оруулагч бүрийг Монголын баялгийг сорогч, шулагч, мөлжигч гэж хардаад, тэдний үр ашигтай ажиллах бүх нөхцөлийг иргэд нь ч, төр нь ч хаагаад байвал хэн Монголд бизнес хийх гэж орж ирэх билээ. Үүн дээр л их анхаарах хэрэгтэй дээ.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Харин үзэсгэлэнд бүртгүүлэх хүсэлтэй байгууллагууд хэрхэн холбогдох вэ, мөн талбайн захиалга дүүрсэн эсэх талаар ярилцаад асуултаа дуусгая гэж бодлоо. Мөн удахгүй болох 12 дахь удаагийн Mongolia Mining 2023 арга хэмжээнд нь амжилт хүсье.
-Эрэлт их байсан тул бид үзэсгэлэнгийн талбайг урьд жилийнхээс нэмэгдүүлж бэлдсэн. Буянт-Ухаа спорт ордны үндсэн нэгдүгээр танхим дүүрээд, гадна талд үзэсгэлэнгийн зориулалттай 2-р танхимыг барьж үзэсгэлэн гаргах хүсэлтэй уул уурхайн ханган нийлүүлэгчдэд боломж гаргаж байна. Үзэсгэлэн гаргах талбайн захиалга 95 хувьд хүрсэн. Mongoila Mining үзэсгэлэнгийн вебсайтаар, утсаар болон онлайн бүртгэл хийгдсээр байгаа. Манай баг үзэсгэлэнгийн бэлтгэл ажил дээрээ ид ажиллаж байна. Их баярлалаа.
Эх сурвалж: MongolianMiningjournal