Д.Амартүвшин: Эрх чөлөө, чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амартүвшин: Эрх чөлөө, чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төр

/2023.8.30/ Ярилцлагынхаа ээлжит зочноор Амараа либерти-г урьлаа. Түүний жинхэнэ нэр нь Д.Амартүвшин.

-Залуус МАН-ыг сонгочихож байгаа юм. Эрсдэлгүй, карьер өсөлт нь тодорхой гэх мэт. Гэтэл чиний хувьд өөрөө нам байгуулаад, арай илүү эрсдэлтэй нөхцлийг сонгож байна. Яагаад?
-Би өөрөө идеалист хүн. Прагматик байсан бол МАН-д ороод, жижиг газрын дарга болдог ч юм уу, эсвэл нэг ахын “доор” цүнхийг нь бариад явах нь илүү амар байсан биз. Гэтэл амьдралаа хангалттай аваад явчихдаг над шиг хүн яагаад ийм замыг сонгоно гэж? Монголд үзэл санааны нам гэж зүйл байхгүй. МАН, АН хоёулаа л сонгогдохын тулд юу ч хамаагүй амладаг. Хүн үзэл санаа нэгтэй хүмүүстэйгээ хамтарч болдог, үзэл бодолдоо тууштай нам байж болдог гэдгийг л харуулах гэсэн юм. Үүний тулд заавал сонгогчдод таалагдах гэх шаардлагагүй.

-Танай намын үзэл санаа юу вэ?
-Маш энгийнээр тодорхойлвол хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төр. Чөлөөт зах зээл гэдэг нь төр аль болох зах зээлд бага оролцъё, төрийн хяналт шалгалт, дарамтуудыг багасгая гэсэн үг. Хязгаарлагдмал төр гэдэг нь гуравхан сая хүнтэй атлаа ийм том данхайсан бүтэцтэй, түүнийгээ дагасан их хэмжээний ажилтан, төсөвтэй төртэй байхаа больё гэж байгаа юм. Ийм данхар төр нь авлига, хээл хахуулийг л ихэсгээд байна. Энэ хоёрыг хангаж чадвал хувь хүн эрх чөлөөтэй болно. Маш ойлгомжтой.

-Одоо манай улсад чөлөөт зах зээл, хувь хүний эрх чөлөө байхгүй гэж үзэж байна уу?
-“Байна, байхгүй” гэж цээжний пангаар хэлэх биш тоогоор илэрхийлмээр байна. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөний индексийг The Heritage Foundation, Fraser Institute гээд хоёр байгууллага гаргадаг. Эндээс гаргасан дүгнэлтээр Монгол Улс “Эдийн засгийн эрх чөлөөгүй” гэдэг ангилалд багтдаг. Ер нь манай улс анхнаасаа чөлөөт зах зээлтэй байсан уу гэвэл, хэцүү дээ.

Холимог эдийн засагтай гэж тодорхойлвол илүү дээр биз. Дундаж эрх чөлөөтэй гэдэг ангилалд 1996-2000 оны хооронд л орсон байдаг.

-Хувь хүний эрх чөлөөний хувьд?
-Өмчийн эрх чөлөө бол хүний суурь эрх чөлөө. Хүн өмчгүй байвал үг хэлэх эрх чөлөөгүй болно. Орон гэрийг чинь төр эзэмшдэг, эрхлэх гэж байгаа бизнесийг чинь төр зохицуулдаг байвал тэнд ямар юмных нь эрх чөлөө байхав дээ.

-Гэхдээ төр оролцож, зохицуулах зайлшгүй шаардлагатай асуудлууд бий шүү дээ. Монополийг хумих, экспортод хязгаар тавих, цалингийн доод хэмжээг тогтоох гэдэг ч юм уу?
-Хүмүүс биднийг “Төрийн оролцоог бүхэлд нь үгүй хийнэ” гэж андуураад байх шиг. Тийм биш, төрийн оролцоог хамгийн доод түвшинд нь байлгая л гэж байгаа юм. Төрөөс эдийн засагт оролцох оролцоо буюу ДНБ-д эзэлж байгаа төсвийн хэмжээ 15-25 хувь байх нь хамгийн оновчтой гэж үздэг. Үүнээс ихэсвэл эдийн засгийн өсөлтөө боомилно. Манай нам төрийн оролцоог ийм хувьд байлгая л гэж үзэж байгаа юм. Гэтэл одоо байгаа хэмжээ нь албан тоогоор 50 хувь, албан бус тоогоор бол бараг 70 хувь руу орчихсон. Социализмын үед ч төрийн оролцоо ийм өндөр байгаагүй. Бидний эзэмшиж байгаа нийт баялгийн 70 хувийг төр дангаараа эзэмшиж байна гэдэг төр хэт данхайсан л гэсэн үг. Ядаж л 30 хувь руу оруулъя л даа. Тэгэхгүй бол эдийн засгийн өсөлтийг боомилж, сүйрэл рүүгээ л явж байна.

-Өнөөдрийг хүртэл манай улсад тогтож бий болсон энэ системийг өөрчлөхийн тулд яах бодолтой байна?
-Би бол дотор нь орж өөрчлөх бодолтойгоор үйлдэл хийгээд эхэлсэн. Гаднаас нь шүүмжлээд яваад байж болох ч улс төр хийгээд, институци бий болгож, арай өөр түвшинд “үзэх гээд” байна. Магадгүй бид эхний дөрөв, таван жилдээ жулдах байх. Гэвч тодорхой хугацааны дараа институци тогтоно, хүмүүс биднийг ойлгоно гэх мэтээр өөрчлөгдөж явах болов уу. Өөрчлөлт гэдэг алга урвуулахын төдий бий болдог зүйл биш. Органик байх ёстой. Хүмүүсийг гэгээрүүлж, тэдэнд ойлгуулах замаар өөрчлөлтийг бий болгоё гэж бодож байна. Бид ням гараг бүрт иргэдэд сургалт хийдэг, манай сургалтад ихэнхдээ залуус ирдэг.

-Системд нэвтрэх та нарын найдлага юу вэ?
-Системийг иргэд л бий болгож байгаа. Түүнээс бурхан үүнийг бий болгочихоогүй. Бид өөрсдөө бий болгосон учир бид л өөрчилнө. Энэ системийг бий болгоод байгаа хүмүүсийн тодорхой хувийнх нь бодлыг өөрчилвөл, системийн тодорхой хувь өөрчлөгдөнө. Одоогоос тав, зургаан жилийн өмнө би ингээд ярьсан бол шүүмжлэлтэй хандах байсан биз. Одоо харин ойлгож, хүлээж авч байна гэдэг нь бид өөрчлөлтөд бэлтгэгдсэн гэсэн үг.

-Өөрийн чинь бодлоор манай улсад сөрөг хүчин бий юу?
-Институци бол алга. Ганц нэг хүмүүс бол байх шиг байна. Гэхдээ тэд нь бас ядахад цаанаа “ахтай”.

-Нам институци болж байж бодлогоо хэрэгжүүлэх боломж илүү бий болно. Энэ тал дээр танай төлөвлөгөө юу вэ?
-Институци системтэй мэдлэг дээр суурилж бий болно. Ийм биш тохиолдолд ямар нэгэн зүйлийн хуулбар болоод л дуусдаг. Жишээлбэл, тоталитар дэглэмийн МАХН гэдэг бүтцийг манай ихэнх намууд хуулчихсан. Аймаг, сум бүрт үүр байдаг нь намаар дамжуулж иргэдийг хянадаг байсан л бүтэц шүү дээ. Тэр бүтцийг ардчилсан нийгэмд хэрэгжүүлэх гээд оролдоод байна.

Энэ бүтэц чинь маш өндөр зардалтай. Тиймээс өнөөдөр намууд “тэжээсэн мангасандаа” идүүлэхэд хүрч байна. Харин манай намд Намын ерөнхий нарийн бичгийн дарга жишээ нь байхгүй.

Генсек гэдэг чинь тоталитар намд байдаг бүтэц болохоос либерал намд тийм бүтэц ямар ч хэрэггүй. Намд тийм олон үүр байх ч шаардлагагүй. Зүгээр онлайнаар ажиллаж яагаад болохгүй гэж. Жинхэнэ улстөрд явах хүмүүс нь л намынхаа татварыг төл, бусад нь зүгээр дэмжигч л бай. Заавал “Намын гишүүн” гээд л улаан батлах аваад байх шаардлагагүй. Гэх мэтээр либерал намын хувьд шал өөр бүтэцтэй ажиллах болно. Үйл ажиллагаа хариуцсан багуудтай байна. Манай нам анх Mises Mongolia нэртэй төрийн бус байгууллага байсан. Эдийн засгийн чиглэлээр ном орчуулдаг, сургалт, судалгаа явуулдаг байгууллага. Тэгэхээр хэдийнээ системчлэгдсэн мэдлэг дээр суурилсан нам учир хийх ажил, бүтэц нь маш тодорхой. Заавал том намуудыг хуулах шаардлагагүй.

-Танай нам 2024 оны сонгуульд оролцох тэр бодлогыг боловсруулж байгаа хэчнээн хүн байгаа вэ?
-Энэ намыг байгуулсан арав орчим л хүн байна. Нам байгуулах гээд 800 хүний гарын үсгийг бид цуглуулчихсан. Тэр үеэрээ либерал үзэлтэй, төрийн үйл ажиллагааг буруу гэж ойлгосон ч мэдлэгээ системчилж чадаагүй олон залуустай таарсан. Тэдгээр залуусаар багаа өргөтгөж байна.

-Сошиал орчинд бичсэн посттой чинь холбоотойгоор асуухад өөрөө бол жендэрийн квотын эсрэг хүн. Гэтэл хэвлэл мэдээллээр гарч байгаа эх сурвалжуудын 20 хувь нь л эмэгтэйчүүд, удирдах албан тушаалтнуудын 70-80 хувь нь эрчүүд байна гэх зэрэг тоон дунд эмэгтэйчүүд квотгүйгээр яаж систем рүү нэвтрэх вэ гэдэг нь төвөгтэй санагдаж байна. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?
-Жендэрийн тэгш эрхийг хангахын тулд квотыг нэвтрүүлэх гэдэг нь албадлага бөгөөд зүүний намын хөтөлбөр юм. Тэгш эрхтэй холбоотой асуудал дандаа л зүүний намын хөтөлбөрт багтдаг. Ихэнх тэгш эрхийн үзлүүд неомарксизм дээр суурилсан. Хүйсийн тэгш эрх, бэлгийн цөөнхийн тэгш эрх гэх мэт. Бид барууны нам атлаа яагаад зүүний намын бодлогыг дэмжих ёстой вэ. Логикийн хувьд зөрчил гарах тул бид үзэл санаандаа үнэнч баймаар байгаа юм. Ер нь хүчээр асуудлыг тэгшитгэх гэдэг оролдлогыг төрийн эрх мэдлээр дамжуулж хийдэг. Манай намын үнэт зүйл бол аливаа асуудлыг төвлөрсөн эрх мэдлээр дамжуулж, хүчээр хийж болохгүй гэдэгт л оршино. Маргарет Тэтчер хэзээ ч квотоор гарч ирээгүй. Квотоор гарч ирсэн хүмүүс өөрсдийн хүчээр гараагүй тул маш сул хүмүүс байдаг.

Жишээ нь, одоо ажиллаж байгаа УИХ-ын эмэгтэй гишүүд. Эрчүүдтэй алалцаад гараад ирж байгаа эмэгтэй хүн үнэхээр шилдэг удирдагч болдог. Квотыг эерэг ялгаварлал гэж нэрлэж болно. Зүүний үзэлтнүүд ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцдэг мөртлөө өөрсдөө байнга эерэг ялгаварлан гадуурхалтыг хийж байдаг.

-Нэлээд маргаан өрнүүлмээр байгаа ч ярилцлагын зорилго маань биш тул ингээд орхиё. Либерал шүүмжлэлт тал нь тэгш бус байдлыг гааруулдаг. Энэ талаа нөхөхийн тулд яагаад зарим нэг зүйл дээр уян хатан байж болохгүй гэж?
-“Яагаад чи хэтэрхий их идеологи яриад байгаа юм бэ, зүгээр амьдралд нийцүүлээд хүмүүсийн хүсэж байгаа зүйлийг л хийчихье л дээ” гэж байгаатай адил сонсогдож байна. Хэрвээ үнэхээр идеологийн нам хүсэж байгаа бол наадх чинь буруу асуулт. Энэ замаар явбал бид АН, МАН-аас ялгаагүй болно. “За сонгуульд ялахын тулд сая төгрөг тараачихъя” гэж эхлээд л, дараа нь “За за нийтийн тээврээ төрд авчихъя” гээд явсаар байгаад л бүх зүйлд төрийн оролцоог оруулах гэдэг болчихно. Ер нь 200 литр сүүн дээр ганцхан дусал тараг дусаахад л тэр сүү гашилна биз дээ? Одоо байгаа намууд бүгдээрээ л ийм болсон. Тийм учраас л үзэл санааны нам гэж яриад байгаа юм. Логиктой байя, үзэл санаан дээрээ хатуу зогсъё.

-Скандинавын орнууд социалист системтэй ч тэнд хөгжил цэцэглэлт хамгийн өндөр байна. Хэдийгээр татвар өндөр зэрэг зарим асуудал байгаа ч иргэд нь аз жаргалын индексээрээ дэлхийд үргэлж тэргүүлдэг. Энэ дээр юу гэж хэлэх вэ?
-“Америкчууд биднийг социализм байгуулсан гэдэг. Тийм биш ээ, эсрэгээрээ биднийг чөлөөт зах зээл ийм болгосон” гэж нордик орнуудын нэгнийх нь ерөнхий сайдын хэлсэн үг байдаг. Монгол хүн бүр л “Тэд социализмтай, гоё” гэж яриад байдаг. Дахиад тоо ярихад, тэдгээр орнууд эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ “Ихэнхдээ эрх чөлөөтэй” ангилалд багтдаг. Ихэнх нордик орнууд эхний 40 дотор байдаг. Гэтэл бид 73-т байгаа. Бид өөрсдийгөө гэтэл социалист гэж ярихгүй байгаа биз дээ? Бидний мэдэх социализмаар капитал нь төрд байх ёстой, гэтэл тэнд тийм биш, эсрэгээрээ байдаг юм байна.

-Либерал үзэлтнүүд төрийн оролцоог аль болох багасгах хэрэгтэй гэдэг. Гэтэл хувийн салбарынхан мега төслүүдийг, жишээлбэл, цахилгаан станц, төмөр зам гэх мэт дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чадамжгүй байна. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөдөр бид утаандаа баригдаад сууж байгаа нь дампуурсан төрийн л үйл ажиллагааны үр дүн шүү дээ. Дэлхий дээр утаагүй болох зөндөө олон санаа аль хэдийнээ бий болчихсон. Тэр санааг хэрэглэх гэхээр төр нь монополь болчихсон, дэндүү хямд үнэтэй цахилгаан хэрэглүүлээд л. Наанаа харахаар хүмүүс хямд цахилгаан хэрэглэж, хямд автобусанд суугаад байгаа атлаа тэр хямд үйлчилгээний алдагдлыг бид өөрсдөө л төлж байгаа гэдгээ мэддэггүй. Хүмүүс ихэнхдээ үнэгүй зүйл хэрэглээд байгаадаа л баярлаад байдаг болохоос түүний цаана хэн тэрийг өгч байгааг огт хардаггүй, харахыг ч хүсдэггүй. “Хүүхдүүдэд хоол үнэгүй өгөх хэрэгтэй” л гээд байдаг, тэгвэл тэр хоолны мөнгийг хэн өгч байгаа юм бэ? Бид өөрсдөө л өгнө. Төр бидний халааснаас 100 төгрөг хурааж, дундаас нь 50 төгрөгийг нь аваад хүүхдүүдэд 50 төгрөг өгчихнө. Үүний нэг жишээ нь төрийн компаниуд дээр явагдаж байгаа.

Хэрэв эдгээр дэд бүтцүүд хувьчлагдаад, үнэ нь чөлөөлөгдчихсөн байсан бол энэ агаарын бохирдлыг аль хэдийнээ шийдчих байсан. Төрийн монопольтой газар нөү хау, шинэ санаа ерөөсөө явагддаггүй. Яагаад гэвэл тэнд ямар ч өрсөлдөөн байхгүй. Тэнд авлига хээл хахууль, цавчаа л явагддаг. Эрчим хүчний салбарыг жижигхээн хатгахад л идээ бээр нь урсаад гарна.

Хамгийн багадаа тэрбум төгрөгийн алдагдалтай, хэзээ ч сэхэхээргүй болчихсон. Энэ салбар хэдийнээ дампуурчихаад байхад зомби болгоод явуулаад байгаа юм. Ийм салбар төрийн татаас, авлигаар л амьдарна. Тэнд ажиллаж байгаа хүмүүс аль хэдийнээ ажиллах ямар ч урам зориггүй болчихсон, тэр салбараас ордог татаасны мөнгөнөөс хусдаг тулдаа л ажиллаад байгаа юм. Тэгээд ийм үнэнийг нь хэлэхээр “Хямдхан цахилгаан, төрийн оролцоо байх ёстой” гээд байдаг. Манай цахилгаан станцууд чинь сарампай шдээ. Удахгүй бид цахилгаан, дулаангүй болоход ойрхон байна. Сүйрэл, ангалын ирмэг дээр ирчихсэн мөртлөө л бид үнэнтэйгээ нүүр тулж чаддаггүй.

-Цаашлаад эрүүл мэнд, боловсролын салбарыг төр мэдэлдээ байлгаж, эдгээр салбарыг ашгийн бус байлгахад анхаарах хэрэгтэй гэдэг асуудал ч тавигдах боллоо.
-Жишээ авъя. Эрүүл мэндийн салбар дах төр хамгийн бага оролцдог, хувийн хэвшлийн өрсөлдөөн ихтэй салбар л хамгийн сайн урагшилж байна. Жишээ нь, шүдний эмнэлэг. Манай монголын шүдний эмнэлэгүүд дэлхийтэй харьцуулахад, маш хямд, оочер дугаар багатай, эмчилгээ үйлчилгээ сайн. Шүдний эмч нар ойролцоогоор 10 сая төгрөгийн цалин авч байна. Манай найз шүдний эмнэлэгтэй учир би мэдээд байгаа хэрэг. Яг ижилхэн Анагаахын их сургууль төгссөн өөр нэг найз маань зүрхний мэс заслын эмч. Улсын эмнэлэгт ажилладаг. Зүрхний тэлэгч хийдэг буюу маш нарийн мэс ажилбар хийдэг хүн. Энэ найз маань 1,2 сая төгрөгийн цалинтай, татвараа төлөөд 900 мянган төгрөг гар дээрээ авдаг. Одоо эрүүл мэндийн салбарт орж ирж байгаа маш их ирээдүйтэй, цаашид хурдацтай хөгжих салбар бол гоо сайхны мэс засал. Гэмтлийн эмнэлэгийн цэвэрхэн оёдог мэргэжилтнүүд улсын ажлаа тараад хувийн эмнэлэгт очиж ажиллаж байна.

Нэг салбарт ажиллаж байгаа мөртлөө улсын, хувийн секторын ялгаа маш их байгаа биз? Ийм байхад “Чи ашиг олох ёсгүй” гэж хэлэх юм уу? Тэр хүн чинь гэр бүл үр хүүхэдтэй, хүсэл мөрөөдөлтэй, өвөлдөө Тайланд яваад амарчихмаар л байгаа. Тэр хүн бусдын төлөө төрөөгүй биз дээ? Ийм гажуудлаас болоод салбар дотор нүүдэл бий болдог.

Хүмүүс “Социализм гоё байсан” гэж ярьдаг. Тэгвэл яагаад баруун, зүүн Герман байхад хүмүүс амь насаа золиослон байж Берлиний ханыг давж баруун Герман руу дүрвэдэг байсан юм бэ? Яагаад тэр жилүүдэд баруун Германаас зүүн Герман руу нэг ч хүн дүрвээгүй юм бэ гэж асуумаар байдаг. Эмнэлэг, сургууль ашгийн төлөө бус байх нь гоё байсан юм бол яагаад эмч, багш, ажилтнууд нь улсын байгууллагаасаа гараад хувийн эмнэлэг, сургуульд ажиллах гэж тэмүүлээд байгаа юм бэ?

Харин эрүүл мэндийн салбарт Эрүүл мэндийн даатгалын системийг хувьчлах ёстой л гэж боддог. Жил бүр хэдэн зуун тэрбумын ашигтай гардаг мөртлөө эмч нар нь "улных" хэвээрээ энэ салбарыг хувьчлах нь зөв.

-Либертари үзлийн нэг алдаа нь тэгш бус байдлыг нийгэмд гааруулж, баян ядуугийн ялгааг ихэсгэдэг биш үү гэдэг асуултаа дахиад тавьмаар байна.
-Хамгийн эхний хэлмээр байгаа зүйл бол хорвоо угаасаа тэгш бус. Бид тэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгшитгэе гээд явбал эцэг, эхээс нь эхлэх ёстой шд. Эцэг, эх нь хүртэл тэгш амьдрах ёстой. Сэтгүүлчид хүртэл ур чадвартай нь дээшээ гараад, ур чадваргүй нь доороо үлддэг. Энэ шударга шүү дээ, яагаад энэ шударга биш гэж? Хоёрдугаарт, хүмүүсийг тэгшитгэх гээд ирэхээр нийгмээрээ амьдралын түвшин нь доошилж эхэлдэг. Яагаад гэвэл, хийж байгаагаас нь илүү ихийг аваад, хийхгүйд нь өгөөд байхаар хүн ерөөсөө ажил хийх сонирхолгүй болдог. Социализмын үед тийм л байсан биз дээ. Ажлаа хийсэн ч 600 төгрөг авна, хийгээгүй ч 600 төгрөг авна. Тэгэхээр ганц нэг хөдөлмөрийн баатар зэрэг нөхөд нь л ажиллаад, бусад нь хулгай хийгээд, архиа уугаад суух сонирхолтой.

Ингэж тэгшитгээд байвал нийтээрээ амьдрал нь урууддаг. Харин либертари үзлээр бол амьдрал дээр ядуу нь ч, баян нь ч жигд дээшилдэг.

Жишээ авъя. Социализмын үед амьдарч байсан монголын дундаж амьдралтай айл капиталист оронд амьдардаг хамгийн ядуу амьдралтай айлаас дор амьдарч байсан. Социализмын үеийн монгол айл төмөр ортой, телевиз зарим айлд нь байхгүй, тэгээд өдөртөө нэг гамбир хийж иднэ хоол хүнс муутай, мах сүүгээ авахын тулд заавал оочерлоно. Машинтай айл маш ховор. Гэтэл капиталист гэх орнуудад ядуу айл байлаа гэхэд, машинтай, идэх хоол хүнс нь олон төрөл, хоол хүнсээ авахын тулд оочерлоод байх шаардлагагүй гэх мэт. Амжиргааны түвшин ингэж жигд дээшилдэг.

Либерал үзлийн хамгийн чухал нь нийгмийг ромбо хэлбэртэй болгодог. Баячууд, ядуус нь цөөн, нийгмийн дундаж давхарга нь харин олон. Тэгшитгэе гээд байгаа үзэл чинь бол нийгмийг пирамид хэлбэртэй болгодог. Ядуу давхарга нь “дундаж” нэртэй ч үнэндээ ядуу, нийгмийн ихэнх нь тэгшхэн ядуу болдог.

Элит хэсэг нь маш баян. Яг л социализмын үе шиг, баячууд нь тусдаа хороололтой, тэндээ дарга нар нь амьдардаг, тусдаа дэлгүүртэй. Тэдний хүүхдүүд л гоё сургуульд сурдаг.

-Хүмүүнлэг байх гэдэг үзлийг яриад байна? Хүмүүнлэг, энэрэнгүй байх үзэл хаана нь байх юм бэ?
-Тэгшитгэж байгаа нийгмийг яагаад хүмүүнлэг гэж үзэж байна вэ? Нийгмээр нь тэгшитгэсэн газар үнэхээр хүнлэг байж чадаж байна уу? Куба байна, хүмүүнлэг үү? Хойд Солонгос? Манай Монгол Улс хүмүүнлэг байсан уу. Социалистууд “Нийгмээрээ тэгш, тэгш эрх” гэж гоё ярьдаг боловч амьдрал дээрээ эсрэгээрээ байдаг.

Тэгшитгэхийн тулд хүмүүст заавал албадлага, хүч хэрэглэнэ шүү дээ. Албадлага хүмүүнлэг биш шүү дээ. Бид бол хүчирхийлэл ашиглахгүй. Нийгэм өөрөө органикаараа хөгжиж байх ёстой л гэж үзээд байгаа юм.

Баруун зүүний үзлийг маш энгийнээр тайлбарлавал, нэг нь төвлөрсөн эрх мэдлээр дамжуулан нийгмийг өөрчлөх тухай. Нөгөөх нь эрх мэдлийг задлах замаар нийгмийг өөрчлөх тухай. Бид эрх мэдэл, хүчирхийлэл, албадлага хэрэггүй ээ л гээд байгаа юм. Социалистууд болохоор хүйсийн тэгш эрхийг хангахын тулд эмэгтэйчүүдэд хүчээр квот өгье, энэ их ажилласны татварыг энэ ажиллаагүйд нь өгчихье гэж л хүч хэрэглэдэг.

-Ардчилсан намд орж болоогүй юм уу?
-Ардчилсан нам ямар ч үзэл баримтлалгүй, хүмүүст тааруулаад “Амьдралд нь тохируулаад өөрчилчихье, хүссэнийг нь өгчихье” гэдэг л нам шүү дээ. Одоо тэгээд Х.Баттулга нь гараад ирчихсэн “Бид баялгийнхаа эзэн нь байх ёстой” гээд бас нөгөө зурагдсан пянз шиг юмаа ярьж байна. У.Хүрэлсүх энэ пянзыг тавьлаа, Х.Баттулга өөрөө хэд хэдэн удаа тавьлаа. Одоо наад пянз чинь явахаа больчихлоо шдээ, больё л доо. Иргэд ч яасан хууртаж ханадаггүй юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Чингэлтэй дүүргийн нэг цонхны үйлчилгээ 24 цагаар ажилладаг болно
Чингэлтэй дүүргийн нэг цонхны үйлчилгээ 24 цагаар ажилладаг болно
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.