/2023.06.27/: Вагнер группээс бямба гарагт хийсэн бослогын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр “Зэвсэгт бослогыг ямар ч байсан дарах байсан” гэж мэдэгджээ.
Путин "зөв шийдвэр" гаргаж, давшилтаа зогсоосон Вагнерын дайчдад талархал илэрхийлээд тэднийг "Батлан хамгаалах яам болон бусад хууль сахиулах байгууллагатай гэрээ байгуулан ОХУ-д үргэлжлүүлэн ажиллах эсвэл гэр бүл, найз нөхөддөө буцаж очих боломжтой гэв. Мөн дайчид хэрвээ хүсвэл Беларусь руу явах боломжтой" гэлээ.
Тэрээр Пригожины нэрийг дурдаагүй боловч "бослого зохион байгуулагчдыг" "эх орон, ард түмнээс урвасан" гэж буруутгалаа.
ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын эх сурвалжийн мэдээлснээр, бослогын дараа Пригожин мөрдөн байцаалт өгч байгаа аж.
Путин бослогын дараа дээд албан тушаалтнуудтай уулзав: Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй аюулгүй байдлын агентлагуудын дарга нартай уулзсан гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагийн орой мэдэгдэв. Пригожин өмнө нь Шойгу болон Оросын дээд генерал Валерий Герасимов нарыг цэргүүддээ сум өгөхгүй байна гэж буруутгаж, Украин дахь мөргөлдөөнийг хэрхэн зохицуулж байгааг шүүмжилж байсан юм. Путин мөн АНЭУ-ын Ерөнхийлөгч Мохамед бин Заед Аль Нахайянтай бослогын талаар ярилцсан гэж Кремль мэдээллээ.
Вагнер дарга өөрийн үндэслэлээ тайлбарлав: Даваа гарагийн өглөө Пригожин Орос хүний цусыг урсгахаас сэргийлэхийн тулд жагсаалыг болиулсан бөгөөд бослого бол засгийн газрыг унагах оролдлого гэхээсээ илүүтэй эсэргүүцлийн хөдөлгөөн байсан гэж мэдэгдэв.
"Зэвсэгт бослогод" АНУ-ын хариу арга хэмжээ: Оросыг цочирдуулсан бослоготой тулгарах үед Цагаан ордны албаны хүмүүс дэлхийн нефтийн тэргүүлэгч гүрний нэгэнд болж буй нөхцөл байдлын талаар гадаад, дотоодын газрын тос үйлдвэрлэгчдэд хандсан гэж АНУ-ын албаны хүн ярьжээ. Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үндэсний аюулгүй байдлын багийнхаа гишүүдэд бослого өрнөж байх үед "олон янзын хувилбаруудад бэлтгэх" заавар өгсөн гэж мэдэгдэв. АНУ болон түүний холбоотнууд Орост өнгөрсөн бямба гарагт болсон үйл явдалтай ямар ч холбоогүй гэдгээ Байден онцолжээ.
Лукашенко асуултад хариулна: Беларусийн төрийн хэвлэлүүд Ерөнхийлөгч Александр Лукашенког мягмар гарагт сэтгүүлчдийн асуултад хариулна гэж Оросын төрийн мэдээллийн РИА Новости мэдээлэв. Путины ойрын холбоотон Лукашенкогийн зуучлалын дагуу Пригожин Оросоос Беларусь руу явахаар бямба гарагт тохиролцсон гэж Кремль мэдэгдсэн юм. Вагнерын ахлагч хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
АНУ-ын тагнуулын ажилтнууд мэдэж байсан: АНУ-ын тагнуулын ажилтнууд Пригожинийн богино хугацааны бослогын өмнөх төлөвлөгөөний талаар маш нарийн бөгөөд үнэн зөв таамгийг дэвшүүлж чадсан, тэр дундаа Вагнер хаана, хэрхэн урагшлахаар төлөвлөж байсан талаар CNN-д мэдээлж байсан юм.
ОХУ-ын доод парламент батлан хамгаалах хүчин бүрэн хяналтад байна гэж мэдэгдэв: Оросын Төрийн Дум буюу доод парламент Вагнерын зэвсэгт бослогын үеэр батлан хамгаалах хүчин бүрэн хяналтаа хэрэгжүүлсэн гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС мэдээлэв. Думын Батлан хамгаалах хорооны дарга Андрей Картаполов “Зэвсэгт бослого гаргах оролдлогын үеэр Оросын батлан хамгаалах хүчинд эмх замбараагүй байдал үүсээгүй, байлдааны хяналт нэг минут ч алдагдаагүй” гэж мэдэгдэв.
Зеленский Украины зэвсэгт хүчин давшилт хийсэн гэж мэдэгдэв: Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины цэргүүд бүх фронтод ахиц дэвшил гаргасан гэж мэдэгдэв.