/2023.6.24/ Украинд оросын армийг удирдаж байсан Пригожиныг Путин буруутнаар цоллож, үүнийг нь эсэргүүцсэн Пригожин "Пуужингаар харвасан" хэмээн уурссан.
Ингээд Пригожин цэргүүдээ Ростов руу хөтөлж, улмаар Москва орно хэмээв. Удалгүй Ростовт Вагнерын цэргүүд нэвтрэн орлоо. Тэгвэл энэ бүх үйл ажиллагааны цаана байгаа Пригожин гэж хэн бэ гэдгийг Политико.ком бичсэнээр орчуулан хүргэж байна.
ТЭР ХЭН БЭ?
Евгений Пригожин 1961 онд төрсөн, оросын олигархиудын нэг. Кремльд рестораны үйл ажиллагааг хариуцдаг байсан бөгөөд түүнийг "Путины тогооч" хэмээн хочилдог. 18 наснаасаа эхлэн хулгай, дээрэм зэрэг хэргээр хэд хэдэн удаа хоригдсон. Бараг 30 нас хүртлээ шоронд өнгөрөөжээ.
ВАГНЕР ГРУПП ЯМАР УЧИРТАЙ ВЭ?
Дээр өгүүлсэнчлэн Евгений Пригожин Украинд хувийнхаа Вагнер группийн хөлсний армитайгаар дайтаж байв.
Украинд дайтаж буй Вагнер группийн цэргүүдийн тоог 50 мянга гэдэг. Харин эдгээрийн 80 хувийг шоронгийн хоригдлууд эзэлдэг гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ оны эхэнд мэдээлж байв.
Вагнер групп анх 2014 онд Крымд эхэлсэн Орос Украины зөрчлийн үеэр ил болсон. Түүний бэлтгэгдсэн цэргүүд Судан, Сири, Ливи зэрэг африкийн улсуудад болсон мөргөлдөөний үеэр дайтсан гэх мэдээллийг америкийн зарим эх сурвалж мэдээлдэг.
Пригожиний цэргийн эрх мэдэл, Вагнер группийн хурдтай тэлэлт нь В.Путинтэй шууд холбоотой гэдэг. Барууны улс орнууд Вагнерын тэлэлтэд санаа зовниж, ирэх жилүүдэд дэлхийн бас нэг "шүдний өвчин" болох вий гэхээс эмээдэг.
Пригожиний хувьд Вагнер групп бол мэдлийнх нь үйл ажиллагааны зөвхөн нэг хэсэг нь. Үүнээс гадна түүнд IT-ийн хүчтэй арми байх бөгөөд тролл арми зэрэг нь бусад улс орны сонгуульд нөлөөлсөн байж болзошгүй гэж үздэг. Тэрээр Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдсон хэргээр АНУ-аас онцолсон Оросын троллийн фирмтэй холбоотой байсныг медианууд мэдээлж байв.
ПОЛИТИКО Вагнерын үйл ажиллагаа Африкт хэрхэн өрнөдгийг эрэн сурвалжлах нийтлэлээрээ гаргаж байжээ.
ПРИГОЖИН ПУТИНТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ?
Путин, Пригожин нар Ленинградад төрж, өсчээ. Энэ хотоос Путин КГБ, улмаар Оросын төрийн тэргүүн болсон бол харин Пригожин өсвөр наснаасаа эхлэн шоронгийн хаалга татсан юм. АНУ-ын албаныхан
"Тэр бол гэмт хэрэгтэн. Гэмт хэргийн үйл ажиллагаа нь улам томорсноос өөрөөр түүний юу ч өөрчлөгдөөгүй" хэмээн нэгэнтээ мэдээлж байв.
Путины анхаарлыг хэзээнээс татаж эхэлсэн нь сонирхолтой. Пригожин нийтийн хоолны салбарт амжилттай ажиллаж байв. Ингээд 2006 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн Москвад хийсэн айлчлалын үеэр тэрбээр Путины үдийн зоогийг зохион байгуулан ажилласан байна. Ж.Буш түүнд "Путины тогооч" гэдэг хоч өгчээ.
Улмаар Путин түүнд төсвийн мөнгөнөөс зээл олгож, сурагчдын үдийн хоолыг бэлтгэх том үйлдвэр нээхэд нь тусалжээ. Харин 2016 онд Трампыг нэр дэвшсэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажилласан байж болзошгүй гэх тролл арми бүхий Конкорд менежмент компанийг Пригожин эзэмшдэг байж болзошгүй гэх мэдээлэл цацагдав.
ШҮҮМЖЛЭЛТ ПРИГОЖИН
Тэр Украинд Вагнер группийнхээ цэргүүдийг удирдаж байсан. Харин сүүлийн үед тэрбээр оросын удирдагчид, тэр дундаа Путин, Шойгу нарыг ихээр шүүмжлэх болсон юм.
Байсгээд сошиал сүлжээгээр харааж зүхсэн, шүүмжлэлт видеонуудыг постлох болов. Ингээд өчигдөр тэрбээр Путин түүний цэргүүд рүү пуужин харвасан хэмээсний дараа Кремль түүнийг "дайны гэмт хэрэгтэн" хэмээв.
Мөн "Пригожиний үйлдэл нь Оросын газар нутагт зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайн болоход уриалж байна" хэмээн буруутгасан юм.
Эх сурвалж: Политико