/2023.06.16/: Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулав.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулах ажил эхэлсэн. Мастер төлөвлөгөөг “Престиж инженеринг”, “Хайдродизайн прожект” ХХК-ийн түншлэл боловсруулсан бөгөөд зургаан үндсэн чиглэлээр гүйцэтгэжээ. Төлөвлөлт нь Улаанбаатар хотын суурьшил, зуслангийн бүс, Налайх, Багануур, Багахангай дүүрэг зэрэг 89,475 га талбайг хамарсан.
Улаанбаатар хот орчмын хуурай сайр, жижиг голуудын нийт урт 314 км. Харин үерийн хамгаалалтын 168 км барилга, байгууламж байна. Үерийн далан сувгийн 67 хувь буюу 100 км-ийг нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км-ийг нь 1987-2020 онд барьжээ.
Зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ нийт 169 км байгаагаас гол 18 шугамын 80 хувийг 1970-1980 онд барьсан. Эдгээр шугам сүлжээний ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан, засвар шинэчлэл хийх шаардлагатай байна. Мөн хөрсний ус зайлуулах шугам сүлжээ нийт 18.3 км, газрын доорх усны мониторингийн хяналтын цооног 53, идэвхтэй булгийн тоо 133 байна.
Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан “Престиж инженеринг” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал М.Далайцэрэн “Мастер төлөвлөгөөг 70 орчим инженер, мэргэжилтнүүдийн оролцоотой боловсруулсан. Мөн таван байршилд үерийн халилт их байгаа тул үерийн хамгаалалтын далан байгуулах шаардлагатай тооцоо гарлаа. Туул голын цутгал болох Сэлбэ голд ус хуримтлуулах сан байгуулснаар үерийн эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэж үзэж, гурван усан сан төлөвлөсөн. Цаашид суурьшлын бүс нэмэгдсэнээр үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн хүчин чадал хүрэхгүй тул нэмж байгуулах, өргөтгөх зайлшгүй шаардлагатай” гэдгийг хэлж байлаа.
Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн мастер төлөвлөгөөг 2023-2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн зам, талбайн борооны ус зайлуулах 250 км шугам сүлжээ төлөвлөх шаардлагатай үр дүн гарсан байна.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, мастер төлөвлөгөөг НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.
Эх сурвалж: НЗДТГ