/2023.06.16/: Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Парламентын номын сангийн төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэвлүүлсэн “Үндсэн үлгэр” номыг өчигдөр Үндэсний номын санд гардуулж өглөө.
Мөн нийслэл, аймаг орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах номын дээжийг хүлээлгэн өгөв.
“Үндсэн үлгэр” нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн талаарх суурь ойлголтуудыг хүүхэд багачуудад ойлгомжтойгоор хялбаршуулан тайлбарласан ном юм.
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан бөгөөд Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн талаар талууд санал солилцлоо.
“Хамтын ажиллагааны санамж бичиг”-т цахим номын сангийн КОХА систем нэвтрүүлэх, сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, хамтран ашиглах, сэлбэн засах, сэргээн засварлах болон мэдээллийн сан, каталог хөтлөх талаар харилцан мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан юм.
Энэ хүрээнд талууд Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг ном, хэвлэлийн ном зүйг Үндэсний цахим ном зүйн нэгдсэн мэдээллийн санд оруулах, Улсын Их Хурлаас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг цахимжуулж, метадата үүсгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, шаардлагатай ном хэвлэлийг сэлбэн засах, ариутгах чиглэлээр хамтран ажиллах, шинэ ном, хэвлэлийн мэдээ болон номын сан хоорондын ном солилцоо хийх талаар төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.
Эх сурвалж: УИХ