УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн ЗАРДЛЫГ ХЭРХЭН БУУРУУЛАХ вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн ЗАРДЛЫГ ХЭРХЭН БУУРУУЛАХ вэ?

/2023.06.08/: УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн нэгтгэсэн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцлээ.

Хуулийн төсөлд заасан өөрчлөлтөөр нэр дэвшигчийн зардал буурах эсэх нь ихээхэн сонирхол татаж буй.

НЭР ДЭВШИГЧИЙН ЗАРДАЛ

Зардлын бүтэц нь хуульд зааснаар:

  • хандив;

  • намын өөрийн хөрөнгө;
  • нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө.

Зардлын дээд хэмжээг сонгуулийн жилд Үндэсний аудитын газраас зарладаг. 2020 оны сонгуулиар нам эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 5,9 тэрбум төгрөгөөр тогтоож байв.

Үндэсний аудитад өгсөн мэдээллээр 2020 оны сонгуульд нийслэлд нэр дэвшигч дунджаар 630 сая төгрөг зарцуулсан бол, хөдөө орон нутагт нэр дэвшигчид 405 сая төгрөгийг зарцуулсан байдаг.

Гэвч бодит байдал дээр сонгуульд нэр дэвшигчийн зардал тэрбум төгрөг давдаг гэх. Хамгийн их зардал гаргаж байгаа нь:

  • ухуулагч ажиллуулж, сурталчилгааны материал тараах,
  • гудамжинд самбар байрлуулах,
  • радио тв ашиглах
  • цахим орчин ашиглах орж байна.

САР БҮР АВТОМАТААР МӨНГӨ ХУРААДАГ 17 ТЕЛЕВИЗИЙН
АШИГ ТУСЫГ СОНГУУЛИАР ХҮРТЬЕ

Нэр дэвшигчдийн зардлыг бууруулах нэг арга хэлбэр бол телевизийн зар сурталчилгааг үнэ төлбөргүй болгох юм. МҮОНТВ хуулийн дагуу үнэ төлбөргүйгээр нэр дэвшигчдийн мэдээллийг хүргэдэг.

Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулиар өөр нэгэн давуу тал гарч байгаа нь сар бүр өрхүүдээс 2500 төгрөг татан авдаг өргөн нэвтрүүлгийн 18 суваг юм. Ойролцоогоор 700 мянган өрхөөс автоматаар төлбөрийн таталт хийдэг гэж үзвэл, нэг суваг сард 90 гаруй сая төгрөгийг "зүгээр" авдаг гэсэн үг.

Тэгэхээр эдгээр сувгууд сонгуулийн үеэр сонгогчдын боловсролд зориулсан контент гаргах, нэр дэвшигчдэд зориулсан мэдээ, нэвтрүүлгийн үнэ төлбөргүй болгох үүргийг хуулиар хүлээлгэснээр нэр дэвшигчдийн хувьд томоохон боломж бий болох юм.

Латви улс 2016 онд энэ зохицуулалтыг хийж, сурталчилгааны 30 хоногт төлбөртэйгээр тв контент цацахыг хориглосон байдаг.

ЦАХИМ ОРЧИН ДАХЬ СУРТАЛЧИЛГААГ ХЯЗГААРЛАЯ

2020 оны сонгуулиар 606 хүн нэр дэвшсэн. Тэдгээрийн 480 гаруй нь Үндэсний аудитын газарт зардлын тайлангаа илгээжээ.

Эдгээрээс хамгийн их, дунд, бага хэмжээгээр зардал гаргасан тус бүр 10 нэр дэвшигчид чухам ямар үйл ажиллагаанд хамгийн их мөнгө зарцуулсныг харцгаая.

Түрээсийг эс тооцвол хамгийн их зардал гаргасан нэр дэвшигчдийн хувьд цахим орчинд, дунд зэргийн зардал гаргасан нэр дэвшигчид радио телевизэд, хамгийн бага зардал гаргасан нь гудамж талбайд зурагт самбар байрлуулахад хамгийн их мөнгө зарцуулжээ.

Эндээс харвал сонгуульд нэр дэвшигчдийн зардал нь дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаа дэмжиж, сэтгүүлзүйн хөгжилд хувь нэмрээ оруулах байтал эсрэгээрээ гадагшаа буюу фэйсбүүкт орлого оруулдаг байх нь.

Тэгвэл хуулийн төсөлд фэйсбүүкт зарцуулах төлбөртэй сурталчилгааны хэмжээг зөвхөн тухайн нэр дэвшигчийн албан ёсны пэйж хуудас (тэрхүү пэйж нь СЕХ-д урьдчилан бүртгүүлсэн байх)-т байрлах, ингэхдээ бүүст хийх мөнгөний хэмжээнд нь мөн хязгаарлалт хийх нь зүйтэй юм.

Хэрэв өөр хуудсаас тухайн нэр дэвшигчийн сурталчилгааг төлбөртэйгээр сурталчилсан байвал түүнийг зөрчилд тооцон торгох, энэ үйл ажиллагаанд хяналт хийх боломжийг иргэний нийгмийн байгууллагуудад олгож, торгуулийн төлбөрөөс иргэний нийгмийн байгууллагуудад хувь ноогдуулах байдлаар шийдэх нь зүйтэй мэт.

УХУУЛАГЧИЙН ТООГ ЦӨӨРҮҮЛЬЕ

Сонгуулийн тухай хуулийн төсөлд "200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно" гэж зааж өгч байна.

Нэг тойргийн сонгогчдын дундаж тоо 70 мянга байх бөгөөд энэ нь нэг нэр дэвшигч 350 орчим ухуулагчтай байж болохыг илэрхийлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр (550 мянга) тооцвол нэр дэвшигчийн зүгээс зөвхөн ухуулагчид зарцуулах мөнгө 192,5 сая төгрөг болно.

Тойргоосоо олон ухуулагч ажиллуулах нь тэдгээрийг болон тэдгээрийн гэр бүлийн саналыг худалдаж авч буй нэг хэлбэр болдог байж болзошгүй.

2020 оны сонгуульд нэр дэвшигчтэй ярилцахад "Нэг нэр дэвшигч дунджаар 100-200 ухуулагч ажиллуулдаг. Чингэлтэй дүүрэгт 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигч Т.Аюурсайхан 700 ухуулагч ажиллуулж байсан" гэв.

Харин СХД-т 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчтэй ярилцахад:

-500-600 ухуулагч ажиллуулсан. Цалин нь 500-600 мянган төгрөг. Хэрэв өрсөлдөгч чинь 500-г ажиллуулж байхад чи 100-г ажиллуулвал тойрогтоо ”харагдахгүй” болж эхэлнэ. Тиймээс 300 орчим саяыг зөвхөн ухуулагчид зарцуулсан. Хэрэв цөөн ухуулагчтай бол “Нэрээ татах гэж байгаа" гэдэг цуу яриа тараадаг гэв.

Ингээд бодвол ухуулагч бол сонгуулийн зардлыг нэмдэг маш том хүчин зүйлийн нэг юм.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад анхаарах асуудлаар сургалт явуулжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад анхаарах асуудлаар сургалт явуулжээ.
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.