ChatGPT болон Midjourney зэрэг бүтээлч AI-н хөгжүүлэлт эрчимжсэн нь NVIDIA компанийн хувьд томоохон өөрчлөлт авчрах төлөвтэй байна.
Учир нь хиймэл оюуны хөгжүүлэлт нь асар их хэмжээний GPU(Graphic Processing Unit) болон AI хурдасгагч чип шаардаж байгаагаас үүдэн, тус компанийн ашиг орлого нэмэгдэж, улмаар компанийн зах зээл дээрх үнэлгээ өнгөрсөн 7 хоногт 1 их наяд ам.доллар хүрлээ.
Тус компанийн 1-р улирлын тайлангаас үзэхэд ашиг өндөр, цаашдын ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа ч нэгэн цаг үед компанийн зорилтот хэрэглэгчид байсан компьютерийн тоглоомчид удахгүй хоёрдугаар зэрэглэлийн худалдан авагчид болохоор дүр зураг тодорч байна. Хэрэв технологийн ертөнц өнөөдрийнх шиг хиймэл оюунаар амьсгалсан хэвээр байвал тоглоомонд зориулсан видео карт үйлдвэрлэхэд NVIDIA компани нэг их ач холбогдол мөддөө өгөхгүй бололтой.
Хиймэл оюун ухааны салбарт хувьсгал хийгдэж, технологийн аварга компаниуд битгий хэл, стартап компаниуд ч энэ давалгаанаас хоцрохгүйг дор бүрдээ хичээж байгаа нь NVIDIA-ийн хөрөнгө оруулагчдын хувьд чихэнд чимэгтэй мэдээ юм. Учир нь сүүлийн үед томоохон дата төвүүдэд зориулсан олон мянган GPU болон AI хурдасгуур чипний эрэлт нэмэгдсэн нь тус компанийн ашиг орлогод сайнаар нөлөөлж, улмаар хувьцааны ханш нь оны эхэн үеэс 2,6 дахин өсч, компанийн үнэлгээ 1 их наяд долларт хүрэх шалтгаан болов.
Тус компанийн дата төвд зориулсан бизнесийн өсөлт нь өнгөрсөн оны эхний 1-р улиралтай харьцуулахад 14 хувиар илүү явж байгаа бөгөөд энэ өсөлтийн ард AI салбарын шинэ технологи, ололтууд байгаа нь маргаангүй юм. Харьцуулалт хийж үзвэл, ижил үйл ажиллагаа явуулдаг Intel Корпорацийн дата төв хариуцсан нэгж болон AI Group компанийн 1-р улирлын ашиг нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39 хувиар багассан бол AMD компанийн дата төв хариуцсан нэгжийн ашиг орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхтэйгээ яг ижил хэвээр байна.
Дээрх графикаас харвал, сүүлийн нэг жилийн хугацаанд NVIDIA компанийн орлогын талаас илүү хувь нь дата төвд зориулсан чип үйлдвэрлэлээс орж ирсэн байгаа нь харагдаж байгаа. Тус компани байгууллагын хэрэглэгчдэд зориулсан зах зээлээс 4,28 тэрбум ам.доллар олсон нь мэргэжилтнүүдийн таамаглаж байсан 3,9 тэрбум ам.доллараас хавьгүй илүү байгаа юм.
Орлогын задаргааны энэхүү үзүүлэлтээс харвал тус компани яагаад GeForce RTX 4090 тоглоомын график карт үйлдвэрлэх түүхий эд болон нөөцөө Hopper H100 бизнес чип үйлдвэрлэлийн салбар руугаа шилжүүлсэн нь ойлгомжтой болох байх. Учир нь Microsoft, Oracle, OpenAI, Twitter, Amazon, болон Google гээд технологийн салбарын тэргүүлэгчид бүгд энэ H100 чипийг бүтээлч AI сургах, ажиллуулахын тулд хэдэн мянгаар нь захиалж, худалдан авч байгаа билээ.
Нэмээд, энгийн тоо бодлого хийж үзэхэд, цоо шинэ RTX 4090 карт зах зээл дээр 1600 ам.доллараар зарагдаж байхад, “нэг гараар гамтай эдэлсэн” 1 ширхэг H100 чипийг eBay дээр 40000 ам.доллараар худалдаалж байна. Intel корпорацийн 4-р үеийн Xeon Scalable Sapphire Rapids буюу хамгийн үнэтэй чип нь 17000 ам. доллараар зарагдаж байгаатай харьцуулаад үзэхээр NVIDIA компани үнэхээр хиймэл оюуны чип үйлдвэрлэлд хамаг хүч хөрөнгөө зарцуулах нь ойлгомжтой болж байна.
Microsoft, Meta, Amazon, болон Google компаниуд дор бүрдээ өөр өөрсдийн AI-д зориулсан силикон чипний судалгаа, хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт хийж байгаа ч нэгэнт эрчээ авсан NVIDIA-г гүйцтэл их хугацаа орохоор байгаа учир NVIDIA -ийн GPU-ний эрэлт мөддөө буухааргүй шинжтэй байгаа юм. Өнгөрсөн лхагва гарагт болсон хувьцаа эзэмшигчдийн хурал дээр компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг илтгэл тавихдаа NVIDIA компанийн техник технологи болон программ хангамжийн хөгжүүлэлтэд сүүлийн 15 жилийн туршид хөрөнгө оруулалт хийж ирснийг дурдаад, өнөөдөр хиймэл оюуны судалгаа хөгжүүлэлт хамгийн халуун сэдэв болж, технологийн салбарын компаниуд том, жижиггүй AI-д суурилсан үйлчилгээ гаргахаар шамдах болсноор тэдний зарсан хүч хөрөнгө зөв цагтаа, зөв газраа зориулагдаж байгааг онцолжээ.
Бүтээлч AI нь ийнхүү дэлхий даяарх дата төвүүдийг “ажлаар дарах” болсонд компанийн удирдлагууд туйлын сэтгэл хангалуун байгаа ч энэ хэрээр RTX 40 цувралын график картны үйлдвэрлэл хойшилж байгаа нь NVIDIA-н хамгийн гол худалдан авагчид байсан компьютер тоглоомын хорхойтнуудыг гонсойлгож байгаа нь дамжиггүй. Гэхдээ нөгөө талд RTX шинэ график картууд хүчин чадал нь дорвитой нэмэгдэхгүй байгаа хэрнээ өндөр үнэтэйгээр худалдаалагдаж байгаа нь тоглоомын GPU картны эрэлт буурахад нөлөөлжээ. Тиймээс компани одоогийн загваруудаасаа ялимгүй хямд үнээр RTX 4060 Ti загварын график карт гаргана гэж мэдэгдээд буй.
Тоглоомын график картнаас олсон орлого нь энэ улиралд 2,24 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 38 хувиар буурсан үзүүлэлт юм. Удирдлагын зүгээс энэ бууралт нь дэлхий даяар эдийн засгийн орчин сайнгүй байгаагаас болоод RTX 40 цувралын борлуулалт бага байсантай холбоотой гэж тайлбарлаж байна. Гэвч techspot.com сайтын сэтгүүлчид судалж үзэхэд, хямд гаргасан гэгдэж буй RTX 4060 Ti карт л гэхэд 400 ам.доллараар зарагдаж байгаа нь өндөр үнэтэйд тооцогдож байгаа ба түүнээс өндөр хүчин чадалтай картууд нь 600 болон 800 ам.доллараар зарагдаж байгаа тул эдийн засгийн нөхцөл байдал гэхээсээ илүүтэй хэрэглэгчдийн хувьд энэ цувралын картууд хэтэрхий үнэтэй тусч байна гэсэн таамаглал дэвшүүлж болохоор байна.
Нэг зүйл тодорхой байгаа нь сүүлийн хэдэн жилд явагдаж буй хиймэл оюун ухааны “халуурал” нь технологийн салбарыг шилжилт хийхэд хүргэж байгаагаас өндөр хүчин чадалтай чип үйлдвэрлэхийн хажуугаар зөвхөн тэдгээр чипний өндөр бүтээмжийг хариуцан ажилладаг CUDA багц программ хангамжаа хамт борлуулж буй NVIDIA компанид энэ шилжилт хамгийн ашигтай тусч байгаатай маргах хүн гарахгүй биз. Өрсөлдөгч компаниуд нь чип, картуудаа хангалттай сайн зохион бүтээж байгаа ч холбогдох программ хангамжийн хөгжлөөрөө NVIDIA-аас хамаагүй хол хоцорчээ. Үүнд Intel, AMD компаниудын ROCm болон oneAPI программууд орно.
Энэ бүгдээс үзэхэд NVIDIA компанийн ирээдүй өнгөлөг харагдаж байгаа ба энэ улиралд л гэхэд 11 тэрбум ам.долларын орлого олох урьдчилсан таамаг гараад байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 64 хувиар давсан үзүүлэлт юм. Юу болохыг харах л үлдлээ дээ.
Эх сурвалж:techspot