/2023.05.25/: Хүүхдүүдийн бохирдуулаад хаясан хуучин живхийг хямдхан, мөн байгальд ээлтэй барилгын материал болгоно гэвэл та итгэх үү?
Хачирхалтай сонсогдож байгаа хэдий ч саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар хаясан живхийг ариутгаад, бетон зуурмаг болон цементэн зуурмагтай хамт барилга барихад дахин ашиглаж болох нь нотлогджээ. Хэрэв энэ аргыг амжилттай нэвтрүүлж ашиглаж чадвал барилгын болон живхтэй холбоотой хог хаягдлын асуудлыг шийдэхэд томоохон түлхэц болж болох юм.
Нэг хүүхэд л өдөртөө 4-5 живх хэрэглээд хаядаг гээд бодохоор бүхэл бүтэн улс орны хэмжээнд ямар өндөр тоо гарах нь тодорхой.
Японы Китакюшюү их сургуульд барилгын инженерийн чиглэлээр доктор хамгаалахаар суралцаж буй Сисванти Зурайда нь Scientific Reports сэтгүүлд өнгөрсөн 7 хоногт нийтлэгдсэн дээрх судалгааны ажлын ахлагч нь. Тэрээр охиныхоо хэрэглэсэн живхнүүдийг цуглуулан, судалгааны таамаглалаа батлах туршилтын загвараа барихаар шийдэж байжээ.
Ингээд судалгааны дүнд жижгэвтэр байшин барихад ашиглах бетон, цементэн зуурмагт хийх нийт элсний 8 хүртэлх хувийг нь хуучин живхээр орлуулан ашиглаж болно гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Мэдээж энэ чиглэлийн анхдагч судалгаа учир цаашид олон судлаач нар гүнзгийрүүлэн судалж байж, барилгын ажилд нэвтрүүлэх нь мэдээж. Гэхдээ энэ аргыг амьдралд нэвтрүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай зүйл нь одоогоор газар булагдаж, энд тэнд хаягддаг живхийг бүрэн цуглуулж авдаг систем бий болгох явдал юм.
Зурайда анх судалгааны ажилдаа зориулан, айл өрхүүдээс хуучин живх цуглуулах бодолтой байсан ч ковидын хөл хорионоос болоод айлуудаар орох боломжгүй болж, зөвхөн өөрийнхөө охины хэрэглэсэн живхийг цуглуулж ашиглажээ.
Ингэхдээ хуучин живхийг сайтар угаагаад, ариутгаад, 28 хоногийн турш наранд хатааж тавьсан байна. Бэлэн болсон хуучин живхнүүдээ хайчаар жижиг хэсгүүдэд хяргаж, жижиглэх ажилд ахыгаа татан оролцуулсан аж.
Алслагдмал нутагт болон бага орлоготой өрхүүд өөрсдийн хэмжээнд цуглуулсан живхээ ийнхүү гараараа жижиглэж, барилгын материал бэлтгэх бололцоотой бол том хотуудад тусгай тоног төхөөрөмж ашиглаж хэрчихгүй бол олон сая хуучин живхийг гараар хэрчиж жижиглэх нь боломжгүй зүйл. Живхээ ариутгахдаа давсны хүчлийн уусмал ашиглаж болно гэжээ.
Хүүхдийн живх нь үндсэндээ пластик болон тэлдэг нялцгай материалаас бүрддэг тул эдгээр материалыг дахин ашиглах нь ундааны хуванцар савыг мяндсан утас болгон дахин боловсруулж, түүгээрээ хивс нэхэхтэй тун төстэй гэж Зурайда ярьжээ.
Живх нь супер шингээх чадвартай полимер мяндас агуулдаг тул эдгээр мяндасууд чийгийг өөртөө шингээснээр барилгын бетоны насжилтад сайнаар нөлөөлөх юм байна.
Судалгааны багийнхан 6 өөр төрлийн зуурмагийн хольц бэлдэж туршсан бөгөөд энэ нь хэдэн живх ашигласан тохиолдолд зуурмаг нь сайн бэхжиж, барилгын чанарыг муутгахгүй байгааг олж тогтоох зорилготой байв.
Ингэж туршилт хийсний үндсэн дээр тэд 36 мкв талбайтай байр барихад ашиглах бетон болон цементэн зуурмагийн элсний 8 хувийг хуучин живхээр орлуулж болно гэсэн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, барилгын багана болон дам нурууны бетонд ашиглах элсний 27 хувийг, дотор тусгаарлах ханын цементэн зуурмагт орох элсний 40 хүртэл хувийг живхээр орлуулж болно гэсэн үг ажээ.
Хэрэв яг дээр өгүүлсэн хэмжээгээр ашигласан тохиолдолд энэхүү 36 мкв талбайтай байр нь 1,7 мкуб хэмжээтэй хуучин живхийг газарт булахаас сэргийлж чадах юм байна.
Багийнхан энэ удаагийн судалгаагаар хуучин живх ашиглах нь хүлэмжийн хийн ялгарлыг хэдэн хувиар бууруулж байгааг судалж амжаагүй хэдий ч булсан хог хаягдлаас метан хий ялгардаг дээр нэмээд нийт дэлхий даяар тархсан хог хаягдлын үлэмж хувийг пластик эзэлдэг гээд бодохоор яах аргагүй байгальд ээлтэйд тооцогдох материал болж байна.
Мөн дэлхий даяар барилгын салбар эрчимжсэн нь хаа сайгүй элсний хомсдол үүсгээд байгааг ч бодолцох хэрэгтэй. Ялангуяа энэхүү судалгааг хийсэн Индонези улсад хүн амын өсөлт нэмэгдэж, хотжилт, төвлөрөл хурдтай явагдаж байгаа тул дээрх асуудлууд илүүтэй ажиглагдах болсон ажээ.
Бидний судалгаа хүмүүсийн амьдралд тус нэмэр болохын зэрэгцээ улс орнууд энэ төрлийн хог хаягдалд тодорхой үнэ цэн шингэсэн байгаа олж харахад түлхэц болно гэж найдаж байна хэмээн докторант Зурайда The Verge мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Эх сурвалж: theverge