/2023.05.08/: Вьетнамд урьд өмнө байгаагүй хамгийн өндөр температур буюу 44.1С халуун бүртгэгджээ.
Цаг уурын шинжээчид уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ температурыг удахгүй давна гэж таамаглаж байгаа аж.
Энэ дээд амжилтыг Вьетнамын хойд нутгийн Тхань Хоа мужид тогтоосон бөгөөд албаны хүмүүс өдрийн хамгийн халуун цагт гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.
Бүс нутгийн бусад орнуудад ч хэт халуун цаг агаар ажиглагдаж, Тайланд улсын баруун Мак мужид 44.6С хэмтэй тэнцэж мөн дээд амжилт тогтоосон байна.
Үүний зэрэгцээ Мьянмарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зүүн нутгийн нэгэн хотод 43.8 хэмд хүрсэн нь сүүлийн арван жилийн хамгийн өндөр температур болсон гэж мэдээлэв.
Баруун зүгт Бангладешийн нийслэл Дака хотод 1960-аад оноос хойших хамгийн өндөр температур бүртгэгдсэн бол Энэтхэгийн эрх баригчид тус улсын зарим хэсэгт энгийн үеэс 3-4 хэмээс дээш температуртай байгааг мэдэгдлээ.
Дөрөвдүгээр сард Испанид энэ сарын хамгийн халуун температур бүртгэгдэж, тус улсын өмнөд хэсэгт орших Кордоба нисэх онгоцны буудалд 38.8 хэм хүрчээ.
Засгийн газрууд өмнө нь дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэмээс хэтрүүлэхгүйн тулд арга хэмжээ авахаар тохиролцсон. Гэвч дэлхий аль хэдийн 1.1С-ээр дулаарсан бөгөөд 2030 оны үед 1.5С-ийг давах магадлалтай гэж мэргэжилтнүүд хэлж байна.