/2023.05.08/: Насанд хүрээгүй хөвгүүд зогсоолд байсан тээврийн хэрэгслийг хулгайлж мөн бусдын автомашинаас эд зүйлсийг хулгайлсан хэрэг өнгөрөгч амралтын өдрүүдэд гарчээ.
Тодруулбал, тавдугаар сарын 7-ны өдөр буюу өнгөрөгч ням гарагт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна”, "Зогсоолоос Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад тус тус бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу хэргийг шалгахад "Ц"-ын эзэмшлийн "Toyota Prius" маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж, иргэн "М"-ийн эзэмшлийн "Toyota Corolla" маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан болохыг тогтоожээ.
Улмаар хэргийг 14-15 насны эрэгтэй Н, Ш нар үйлдсэнийг тус дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.