/2023.05.05/: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цахим хяналт, удирдлагын төвийн дарга, хурандаа Э.Дүүрэнцэнгэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Тус ялын зорилго, хууль, эрх зүйн болон бодлогын түвшинд шийдвэрлэсэн байдал, өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээллийг өгөхгүй юу?
-Дэлхийн улс орнуудялын бодлогыг нийгмийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлснээр багагүй үр дүн, ололтыг бий болгож хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг түгээмэл хэрэглэх болсон.
Монгол Улсын хувьд хорихоос өөр төрлийн ялыг илүү өргөн хэмжээнд ашиглах, нийгмийн ач холбогдлыг өсгөх зорилгыг эрх зүйн шинэтгэлдээ тусгахаар ажиллаж байгаа билээ. Үүний нэг жишээ бол хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуульдаа тусган,хэрэгжүүлсэн явдал юм.
Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Эрүүгийн хуульд Зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр тусгасан хэдий ч хэрэгжилтийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн. Энэ хугацаанд уг ялыг хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлыг хангасан юм. Гэтэл зарим иргэн уг ялын хэрэгжилтийн талаар олон нийтэд санаатайгаар ташаа мэдээлэл өгч байна.
-Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн хүн тус ялаар шийтгэгдээд байгаа вэ?
-Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 4136 ялтан шийтгэгдсэн. Тодруулбал, шүүхээс шийтгэгдэж ирсэн 2998 ялтан, “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1138 ялтан байна.
-Энэ ялыг нийгмийн зүгээс төдийлөн сайн ойлгохгүй байх шиг. Тухайн ялын үр нөлөөг товчхон тайлбарлаж өгнө үү?
-Хэрэгт холбогдсон хүний зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн байдал, нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан үзэж энэ төрлийн ялаар шийтгэдэг. Заавал хорих ял оноож, бусад гэмт хэрэгтнүүдтэй хорихгүй гэсэн үг. Энэ ял тухайн хүний өөрийнх нь нийгэмд болон гэр бүлдээ хүлээж байгаа үүрэгтэй салшгүй холбоотой юм. Нийгэм, хамт олныхоо дунд ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр хорих ялаар шийтгүүлсэн хүмүүжигчийн тоо буурахаас гадна давтан гэмт хэргийн тоо ч буурна. Мөн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.
Тухайлбал, ял эдлүүлэх ажиллагааны зардлын хувьд улсын төсөвт үзүүлэх ачааллыг багагүй хувиар бууруулсан. Хорих ялтай харьцуулахад 10-15 хувиар, бусад урсгал зардлаас 25-30 дахин бага зардлаар хэрэгжүүлж байна. Энэ нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн цаг үед төсвийн хэмнэлтийг бий болгоход маш чухал үүрэгтэй юм.
-Зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэрхэн тогтоодог вэ. Тогтоосон бүсийг өөрчлөх боломжтой юу?
-Эрүүгийн хуульд 144 төрлийн гэмт хэрэгт уг ялыг оногдуулахаар заасан байдаг. Зорчих эрхийг хязгаарлана гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс нэг сараас таван жил хүртэлх хугацаагаар тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээдэг бөгөөд өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг нь хориглодог юм.
Шүүх тухайн ялтны бүсийг тогтоохдоо хувийн болон үйлдсэн хэргийн хэв шинж байдлаас шалтгаалан гэрийн хаяг, баг, хороо дүүрэг, аймаг, нийслэл, улсын нутаг дэвсгэрийн хилийн заагаар бүсийг тогтоож өгдөг.
Тогтоосон бүсийг өөрчлөх эрх бүхийн байгууллага нь прокурор. Тухайн ялтны гаргасан хүсэлтийг аймаг, нийслэлийн ШШГГ, хэлтсийн хариуцсан алба хаагч хүлээн авч бүрдүүлсэн нотлох баримтыг Прокурорын байгууллагад хүргүүлдэг.
-Хяналтыг хэрхэн тавьдаг вэ?
-Цахим хяналт, удирдлагын төвөөс тусгай зориулалтын программ хангамж, техник хэрэгсэл ашиглан 24 цагаар хяналт тавьж байгаа. Мөн шийдвэр гүйцэтгэгч, техник хяналтын ажилтан нар биечилсэн хяналт тавьж ажилладаг.
-Цахимбугуйвч нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн баталгааг хангаж чадаж байгаа юу?
-Цахим бугуйвч нь хүний биед харшил үзүүлэхгүй материалаар хийгдсэн, ус, шороо зэрэг зүйлээс хамгаалагдсан, халуун, хүйтэнд тэсвэртэй, хөнгөн жинтэй, цэнэгээ удаан барих, цэнэглэхэд хялбар, аюулгүй байдлын үүднээс тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Бид энэшаардлагад нийцсэн, олон улсад ашиглаж байгаа цахим бугуйвчуудаас сонголт хийж ашиглаж байна.
-Норгох, хагалах зэргээр гэмтсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Цахим бугуйвч нь өөрөө усны IP67 хамгаалалттай энэ нь тоос шороо, чийг шүршүүрийн уснаас хамгаалдаг. Норгож, хагалсан тохиолдолд техник хяналтын ажилтан үзлэг хийж, дүгнэлт гаргана. Уг дүгнэлтээр цахим бугуйвчийг санаатай болон санамсар болгоомжгүйгээс гэмтээсэн эсэх цаашид ашиглах боломжтой эсэхийг тогтоох бөгөөд санаатайгаар гэмтээсэн, тасалсан нь тогтоогдвол тухайн ялтнаар хохирлыг төлүүлнэ гэсэн хуулийн заалттай.
-Цахим бугуйвчинд зөвшөөрөгдсөн бүсээс гарсан талаарх мессеж ирдэг. Үүнийг зөрчилд тооцох уу?
-Ялтан зөвшөөрөгдсөн бүсээс гарсан, бүсийн хязгаарт 200 метр ойртсон, цэнэг нь дуусаж байгаа тул цэнэглэхийг анхааруулсан болон яаралтай үеийн дуудлага зэрэг анхааруулгууд мессеж хэлбэрээр ялтны цахим бугуйвч болон Цахим хяналт, удирдлагын төвд нэгэн зэрэг ирдэг. Зөвшөөрөгдсөн бүсээс гарсан гэх мессежийг шууд зөрчилд тооцдоггүй бөгөөд хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь бүсээс гарсан шалтгаан нөхцөлийг тогтоож, зөрчил гаргасныг тогтоовол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170.1.1-т зааснаар зөрчлөөр бүртгэнэ. Бусад мессеж анхааруулгын шинжтэй юм.
-Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар сольдог вэ. Ийм тохиолдол хэр их гарч байна?
-Шүүхээс зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдэж ирсэн ялтанд эрх үүрэг, техник ашиглах зааварчилгаа зэргийг нэг бүрчлэн танилцуулж, мэдээллээр хангадаг ч хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй ялаас зайлсхийх тохиолдлууд гарч байна.
Тухайн ялтан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хорих ялаар солих үндэслэл болдог. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явах зэрэг үүрэг хүлээдэг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр журмыг ноцтой зөрчсөн тохиолдолдхорих ялаар солих үндэслэл болдог.
-Цахим бугуйвчийг хэрхэн худалдан авдаг вэ?
-Зорчих эрхийг хязгаарлах ялын хяналтын системийн программ хангамж, сервер, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд хамаардаг учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааг явуулдаг.
-Цахим бугуйвчны эдэлгээ, чанарын талаар?
-Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг хаанаас авах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх гээд тал бүрийн судалгаа хийсэн. Цаг хугацааны хувьд ч, үнэ өртгийн хувьд БНХАУ-ын ашиглаж буй төхөөрөмж илүү тохиромжтой байсан. Өнөөдрийн байдлаар цахим бугуйвчний иж бүрдэл нь 420-780 мянган төгрөгийн үнэтэй байна.
-Зорчих эрхийг хязгаарлах ялын бусад төрлийн ялаас ялгагдах онцлог юу вэ?
-Технологийн дэвшлийг ашиглан цахим төхөөрөмжөөр гэм буруутай нь тогтоогдсон хүний биед зүүж байршлыг тогтоон, хөдөлгөөнд хяналт тавих зарчмаар хэрэгждэг онцлогтой.
Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүнд ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх, суралцах, гэр бүр, үр хүүхдээ асран хамгаалах боломжийг олгож байдаг онцлогтой.
-Ялын хэрэгжилт, цахим бугуйвчтай холбоотой гомдол хэр ирсэн бэ?
-Хуулийн хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойш гомдол 1 ирсэн. Ер нь бол зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд тогтмол дүн шинжилгээ хийж, иргэд болон ялтан, түүний гэр араас санал асуулгыг авч ял эдлүүлэх ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй байхад анхааран ажиллаж байна.
Тухайлбал, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн хяналтад байгаа нийт ялтнаас ялын хэрэгжилт, ач холбогдлын талаарх судалгааг түүврийн аргаар авлаа. Судалгаанд оролцсон ялтны 88 орчим хувь нь оноосон ялын төрөл, онцлог нь хувийн амьдралд нь эерэг нөлөө үзүүлсэн, 12 хувь нь тодорхой хариулж мэдэхгүй байна гэх хариултыг өгсөн. Мөн ар гэрийнхэн болон иргэдээс асуулгын аргаар судалгаа авахад 81.1 хувь нь шинэ төрлийн ялыг хэрэгжүүлж байгаад сэтгэл ханамж өндөр,19.8 хувь нь зорчих эрхийг хязгаарлах ялын талаар тодорхой үнэлгээ өгөөгүй гэх дүн гарсан.