/2023.05.04/: Сар бол нарны аймгийн бусад гарагууд руу хүрэхийн тулд эхлээд зайлшгүй дамжих ёстой шат юм.
Тийм ч учраас Хятад улс сарны өмнөд туйл орчимд хүн ажиллаж, амьдрах боломжтой бааз байгуулахаар зориг шулууджээ.
Зарим улс орны сансар судлалын агентлагууд Ангараг гараг дээр хүн буулгахыг туйлын зорилгоо болгон ажиллаж байхад зарим нь бусад гарагуудыг судлахын тулд саран дээр дамжин өнгөрөх бааз барих нь зөв гэсэн байр суурьтай байна. Татах хүч сул байдгаас гадна саран дээрээс ус ихээр олдож байгааг ашиглан, пуужингийн түлш үйлдвэрлэж, Ангараг руу хөөргөх нисгэгчтэй сансрын хөлгийг цэнэглэх нь зөв гэж тэд үзэж байгаа юм.
Тухайлбал, АНУ олон улсын хамтрагчид болон хувийн хэвшлийн тусламжтайгаар саран дээр бааз байгуулж, урт хугацаанд ажиллуулах төлөвлөгөөтэй гэдгээ зарласан боловч хамтрах улсуудын тоонд нь Хятад улс орох магадлал тун бага байна. Учир нь Хятад улс өөрөө сансар судлалын салбарт амбицтайгаар түрэн орж байгаагийн дээр сүүлийн үед өрнөөд байгаа геополитикийн зөрчил маргаан зэргээс харахад энэ хоёр улс сарыг хамтран судлах нь тун эргэлзээтэй.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын сансар судлалын эрдэмтэд сарны өмнөд туйл орчимд байнгын хүн ажиллаж амьдрах боломжтой бааз байгуулах хөтөлбөрөө танилцуулав. Энэ хөтөлбөрийн гол цөм нь сарны хөрсөн дээр барилга байгууламж барих 3 хэмжээст хэвлэлийн технологид суурилсан байх ажээ.
Энэ талаар Хятадын Үндэсний Сансар судлалын төвийн нөлөө бүхий эрдэмтэн Ву Вайрен China Daily сонинд ярилцлага өгөхдөө “Хэрэв бид саран дээр урт хугацаанд байрлан судлах хүсэлтэй байгаа бол сарны хөрснөөс бүтсэн материалаар барилга байгууламж барих нь оновчтой. Бид 3 хэмжээст хэвлэгчийн түүхий эд болгож, сарны хөрсөн дэх материалуудыг ашиглах бодолтой байна” гэсэн юм.
Сарны хөрс буюу реголит ашиглан барилга барих санаа нь анх удаа яригдаж байгаа тохиолдол биш бөгөөд АНУ-ын Техас мужийн ICON компани өнгөрсөн оны 12-р сард сарны хөрсийг түүхий эд болгон, 3D хэвлэх машин бүтээх шалгаруулалтад тэнцэж, 57 сая ам.долларын санхүүжилтийг NASA-гаас авсан билээ.
Харин Хятад улсын хувьд 2028 онд хөөргөх Chang’e 8 газардах хөлгөөр саран дээр тоног төхөөрөмжөө хүргэж, сарны хөрсөн дэх материалыг ашиглан анхдугаар үеийн сарны бааз барих туршилт хийнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт зохиогдсон Сансар судлалын зөвөлгөөн дээр зарлалаа. Мөн өнгөрсөн сард зохион байгуулсан энэ салбарын өөр нэг уулзалт дээр Хуажон Технологийн их сургуулийн судлаач Дин Леюн энэхүү даалгаврын үеэр ашиглагдах технологийн танилцуулгыг хийсэн ба тэдний баг сарны хөрснөөс 3 хэмжээст хэвлэх аргаар тоосго хэвлэж, түүнийг өрөх чадвартай “супер өрлөгчин” нэртэй 8 хөлтэй робот бүтээж байгаагаа мэдэгдсэн юм.
Эдгээр нь Хятад улсын санаачилж, бусад улсуудтай хамтран хэрэгжүүлэхээр зорьж байгаа Олон Улсын Сарны судлалын станц нэртэй төслийн нэг хэсэг бөгөөд уг барилгын төсөл нь 3 үе шаттай хэрэгжиж, 2030 он гэхэд нэгдүгээр шатыг Chang’e 8 хөлгийн тусламжтайгаар амжилттай дуусгана гэж эрдэмтэн Ву Вайрен мэдэгджээ.
2030-2040 он хүртэлх хугацаанд уг станцыг өргөтгөн сайжруулж, улмаар олон улсын эрдэмтдийн судалгааны төв болгох, мөн Queqiao нэртэй(Хятад хэлээр “Шаазгайт гүүр”) бүлэг хиймэл дагуул сансарт хөөргөх төлөвлөгөөтэй байгааг ч мөн танилцуулсан байна. Энэхүү бүлэг хиймэл дагуулын станц нь сар болон сансрын гүнийг судлах бусад нисгэгчтэй сансрын аяллуудын чиглүүлэг, харилцаа холбооны үүргийг хариуцан гүйцэтгэх ажээ.
Энэ хугацаанд саран дээр байгуулсан станцыг эхний ээлжинд роботууд ажиллуулж, сансрын нисгэгчид түр хугацаагаар байрлахад тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх бөгөөд 2040 оноос хойш судлаачдад зориулсан төрөл бүрийн туршилт судалгааны төв байдлаар ашиглагдана гэдгийг мөн Ву Вайрен танилцуулгадаа дурдсан байна.
Энэхүү станцыг хоёр том зорилгод ашиглахаар байгуулна гэж БНХАУ-ын Сансрын гүнийг судлах төвийн эрдэмтэн Лю Жизонг мэдээлэлдээ онцолсон юм. Нэгдүгээрт, тус бааз дээр сансрын нислэгийн үед өргөнөөр ашиглагддаг нислэгийн чиглүүлэг, эрчим хүч, харилцаа холбоо, роботуудын теле-удирдлага зэрэг чухал технологиудыг хөгжүүлэх, сарны гадарга дээр турших зорилготой. Хоёрт, сарны хөрснөөс төрөл бүрийн эрдэс түүхий эд олборлох, турших станц болгохоор зорьж байгаа гэжээ. “Эдгээр үйл ажиллагааны тусламжтайгаар судлаачид сарны үүсэл, хувьсал, ертөнц үүсэх эхэн үеийн үйл явдлууд, дэлхий, сар хоёрын уялдаа холбоог илүү нарийвчлан судлах, нээлт хийх боломжтой болно” гэж мөн тэрээр мэдэгдсэн юм.
Хэдийгээр хэрэгжих хугацаа нь хол байгаа ч Хятад улс энэ мэдэгдлийг хийснээр АНУ, Хятадын хоорондох сансрын өрсөлдөөн ширүүсч, дэлхийн тойрог замаас цааших судалгаанд хэн нь давамгайлах вэ гэдэг тулааны эхлэл болж болох юм. Одоогийн байдлаар хэн нь давуу байдалтай байгааг нарийн тодорхойлох боломжгүй ч, нэг зүйл тодорхой байгаа нь ойрын 20 жилд сарны гадарга дээр маш олон хүн бууж, суух нь ойлгомжтой болоод байна.
Эх сурвалж: singularityhub