/2023.05.01/: Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газрын хамтарсан эргүүл хяналтын бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Өнгөрсөн долоо хоногт хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ногоон бүсэд үүрэг гүйцэтгэж байхдаа 17 шар өвсний гал түймрийг бүрэн унтрааж, хашааныхаа шар өвсийг шатаасан, гагнуур хийсэн 6 зөрчлийг илрүүлж газар дээр нь арилгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллалаа.
Мөн ногоон бүсэд зорчсон 161 автомашин, 567 иргэнд ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн, гал түймэр гарч болзошгүй 12 зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг чанга яригчаар иргэд, олон нийтэд хүргэж, 150 ширхэг зурагт хуудас тарааж ажиллалаа.