Долоодугаар сард Афганистанаас Америк болон НАТО-ийн цэргүүд гарснаас хойш Талибанууд тус улсыг бага багаар эзэлсээр өнөөдрийн байдалд хүрсэн билээ.
Одоогоор Афганистаны Засгийн газар унаж, Ерөнхийлөгч нь дүрвэсэн.
Талибанчуудын хүчирхийлэл нэмэгдэж, охид эмэгтэйчүүдийн хувьд аюул нүүрлэж байгаад дэлхий дахин санаа зовинож байна. Талибанчууд долоодугаар сарын эхээр Бадахшан, Тахар мужуудыг хяналтандаа авсны дараа “Талибаны дайчидтай гэрлэх 15-аас дээш насны охид, 45-аас доош насны бэлэвсэн эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргаж өгөх”-ийг нутгийн удирдлагаас шаардаж байжээ. Нутгийн удирдлагууд энэ хүсэлтийг нь хангаж өгсөн эсэх мэдээлэл олдоогүй байна.
Хэрвээ энэ мэт охид эмэгтэйчүүдийг хүчээр гэрлүүлэх асуудал газар авбал охид эмэгтэйчүүдийг Пакистан руу аваачиж, “жинхэнэ ислам шашинтан” болгох хичээлд хамруулах аюултай гэж The Conversation сайт мэдээлжээ. Энэ нь афган эмэгтэйчүүдийн хувьд маш том айдас юм.
ТАЛИБАНУУДЫН БУРАНГУЙ ДҮРЭМ
Талибанчууд эмэгтэйчүүдийн талаар маш бурангуй дүрэм журамтай байдаг. 1996-2001 оны хооронд Талибанчууд эмэгтэйчүүдийг ажил эрхлэх, боловсрол эзэмшихийг хатуу хориглож, зөвхөн гивлүүртэй болон эрчүүдийн хамтаар гудманд гарахыг зөвшөөрдөг байв.
Харин өдгөө талибанчууд 12-оос доош насны охидыг боловсрол эзэмших, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг хориглосон хуулиа сэргээхийг шаардаж байгаа юм.
Эх сурвалж: The Conversation.com