Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.
-Дотоодын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүний үнэ нэлээд нэмэгдэж байна. Яагаад үнээ нэмэх болсон шалтгааных нь талаар ШӨХТГ тайлбар авах эрхтэй байдаг уу?
-Байлгүй яахав. Манай байгууллагын зүгээс гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор дотоодын болон импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг ААН-үүдээс зарим нэг судалгааг авч байна. Тухайлбал, “Талх чихэр ХК”, “Өгөөж чихэр боов ХХК”, “АПУ ХК”, “Сүү ХК” зэрэг компаниудаас судалгаа авахад хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор цалингийн зардал нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан болсон гэж тайлбарлаж байгаа. Тухайлбал, ээлжийн ажилчдын цалин нэмэгдэж, шөнийн ээлжинд гардаг ажилчдадаа мөн нэмэгдэл цалин олгодог болсон гэсэн тайлбарыг өгч байна. Түүнчлэн зарим гаднаас орж ирдэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор түүхий эд, сав, баглаа боодлын үнэ өссөн нь үнэ нэмэгдэх шалтгаан болсон гэж байна. Тиймээс бид энэ бүх тайлбар дээр судалгаа хийж бодит үндэслэлээр үнээ нэмсэн эсэхэд хяналт тавьж ажиллаж байна.
СҮҮ БЭЛТГЭЛ, БОРЛУУЛАЛТАД АШИГЛАДАГ ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЗАРДАЛ 900 САЯ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ
-Хамгийн ойрын жишээ татахад хайрцагтай литрийн сүүний үнэ өнгөрсөн жилээс 30 хувиар нэмэгдсэн байгаа харагдаж байна. Үүний шалтгааныг тодруулсан уу?
-Сүүний үнийн өсөлттэй холбоотой судалгааг бид дөрөвдүгээр сард авсан. Зуны улиралтай холбоотойгоор одоо л сүүний нийлүүлэлт нэмэгдэж эхэлж байна. Хамгийн гол нь задгай сүү л зарахгүй бол сүү үйлдвэрлэгч компаниуд хүссэн үнээ тогтоох асуудал гарч байна. Хамгийн том хоёр компани нь "АПУ ХК", "Сүү ХК" хоёр л байна. Ингэхээр өрсөлдөөн бий болохгүй байна гэсэн үг. Зах зээлийн зарчмаараа үйл ажиллагаа явуулж байгаа бол тухайн компани үнээ нэмэх эрхтэй. Бизнесийн компани учир мэдээж ашиг олохын тулд үнээ нэмнэ. Гэхдээ хэт өндөр үнэ тогтоож болохгүй. Хэт өндөр үнэ тогтоох юм уу, зохиомлоор хомстол үүсгэж байгаа тохиолдолд хариуцлага тооцох боломжтой.
Гэхдээ хэт өндөр үнэ гэдгийг хэрхэн яаж тогтоох вэ гэдэг асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Өрсөлдөөний тухай хуульд хэт өндөр үнийг хориглоно гэсэн заалт байдаг. Гэтэл тус хуулийн 7.1.2-т хэт өндөр үнэ тогтоохыг хориглочхоод 7.2-т хэт өндөр үнийг тогтоох журмыг Засгийн газар батална гээд заачихсан байдаг. Гэвч тэр журам нь өнөөдрийг хүртэл батлагдаагүй 12 жил болчихсон байна. Тиймээс тус журмыг батлах ажлын хэсэг гаргаж журмаа боловсруулаад Засгийн газраар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Яг одоо бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тулгамдсан асуудал болоод байгаа учир Засгийн газар хурдан хугацаанд хэлэлцээд батална гэж найдаж байна.
Хэрэв энэ журмыг батлуулчихвал хэт өндөр үнэ тогтоож байгаа компанид Эрүүгийн хууль юм уу Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулах боломжтой болох юм. Тухайлбал, хууль бусаар олсон орлогыг нь хураах. Давамгай байдалтай ААН буюу зах зээлд 30 хувийг эзэлдэг компаниуд гурван удаа зөрчил гаргасан тохиолдолд татан буулгах хүртэл арга хэмжээ авч болно. Тиймээс өнөөгийн энэ нөхцөлд дээрх журмыг яаралтай батлах хэрэгтэй байна.
-Үнийн өсөлтийг харахаар Сүү, АПУ дэйри компаниуд ижил цаг хугацаанд, ижил байдлаар үнээ нэмсэн харагдаж байна. Үүнд танайхаас ямар нэг хяналт шалгалт хийсэн үү?
-"Сүү ХК"-ийн хувьд дизель түлшний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57,6 хувиар өссөн гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, сүү бэлтгэл, борлуулалтын ажиллагаанд ашигладаг дизель түлшний зардал 900 сая төгрөгөөр өссөн. Мөн нэгжийн зардал 2 066 төгрөг байсан бол 2022 оны гуравдугаар сарын байдлаар 3 129 төгрөг болсон байна.
"АПУ дэйри" компанийн хувьд мөн л адилхан валютын хомстол үүсэж, хуурай сав баглаа боодол, тоног төхөөрөмжийн сэлбэгийн үнэ өссөн гэсэн тайлбарыг тавдугаар сарын 3-ны өдөр ирүүлсэн. Бид дотоодын хэрэглэгчдээ мэдээж дэмжинэ. Гэхдээ ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр үнэ нэмсэн бол хяналт тавьж ажиллана.
МАХНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙГАА НЬ ӨРСӨЛДӨӨН БАЙХГҮЙ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ
-Махны үнийн өсөлт бас өндөр байна. Энэ дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Манайх үнэ тогтоодог байгууллага биш. Үнэ өсөж байгаа бол өрсөлдөөн байхгүй байна гэсэн үг. Тиймээс өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн бодлогын баримт бичгийг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлдэг.
Махны үнэ өсөөд байгаа нь жилийн дөрвөн улиралд мах боловсруулдаг фермерийн аж ахуй байхгүй байгаатай холбоотой. Бэлчээрийн мал аж ахуйгаас мал бэлтгэх гэхээр хавар мал туранхай байдаг учир малчид малаа гаргадаггүй. Одоо иргэдийн гар дээр очиж байгаа нөөцийн махнууд нь бүгд өвөл бэлтгээд хадгалчихсан бүтээгдэхүүнүүд байгаа. Засгийн газраас махны үнийг өсгөхгүйн тулд нөөцийн мах бэлтгэдэг. Иргэд уг нь нөөцийн мах авбал хамаагүй хямд тусна. Нөөцийн мах зах дээр хөлдөөгөөд зарж байгаа махнаас ямар ч ялгаагүй. Гэтэл иргэд нэрэнд нь ач холбогдол өгөөд арай өөр мах юм шиг ойлгоод байдаг.
Цаашид жилийн 4 улиралд шинэ мах бэлтгэж иргэдэд нийлүүлдэг болох ажлыг холбогдох албаныхан судалж байна. Үүнийг дагаад хавар болохоор махны үнэ өсдөг асуудал шийдэгдэх байх гэж харж байна.
-Ченж нарын гараар дамжиж байгаа нь махны үнэ нэмэгдэх нэг үндсэн шалтгаан болдог гэж ярьдаг. Танай байгууллага энэ тал дээр ажиллах эрх зүйн чадамжтай юу?
-Шууд очоод ченж нарыг хориглоод байх боломжгүй. Учир нь зах зээлийн зарчмаар иргэд нэгнээсээ худалдаж авч цаашаа дамжуулан борлуулж байна л гэсэн үг.
БУДААНЫ ҮНЭ ӨСӨӨД БАЙГАА ШАЛТГААНЫГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА
-Будааны импортод ямар нэг хязгаарлалт тавьсан уу? Үнэ өсөж байгаа шалтгаан юуных вэ?
-Будааны импортод хязгаарлалт тавиагүй. Манайх дотооддоо будаа тариалдаггүй болохоор ямар нэг хязгаарлалт тавина гэсэн зүйл байхгүй. Аль болох оруулж ирж өрсөлдөөнийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Тухайлбал, будааны гаалийн татварыг тэглэж, Засгийн газраас Монголбанканд чиглэл өгч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортолдог ААН-үүдэд валютын эргэлтийг нь зохицуулж өгөхийг даалгасан. Мөн хөнгөлөлттэй зээлд хамруулах, дэмжих чиглэлээр ажиллаж байна.
-Будаа импортлогч компаниудыг гаалийн татвараас чөлөөлж, тулгамдсан асуудлыг нь шийдэхээр ажиллаж байгаа юм байна. Гэтэл яагаад үнээ улам нэмээд байна вэ?
-Тус компаниуд яагаад үнээ нэмээд байгаа асуудалд ШӨХТГ-аас яг одоо судалгаа хийж байна. Ойрын хугацаанд танилцуулж, мэдээлэл хүргэнэ.
-Манайд будаа импортлогч хэчнээн компани байдаг вэ?
-Нарийн тооцоог нь хэлэхэд хэцүү. Нэг компаниас оруулж ирж байгаа ААН-үүд дотооддоо хэд хэд хуваагдаж өөр нэр, шошготойгоор зах зээлд нийлүүлж байгаа асуудал нэлээд байна. БНХАУ, Тайвань зэрэг орноос оруулж ирдэг. Орж ирсэн үнэ нь өсөөд байна уу эсвэл дотоодод дахиад зохиомлоор үнэ өсгөж байгаа эсэх асуудлын нарийвчилсан судалгааг хийж байна. Будаа, сахартай холбоотой уг судалгааг удахгүй танилцуулна.
-Баярлалаа.