/2022.6.3/ Иргэний нийгэм хүчтэй дуу хоолой болж, үйл ажиллагаа нь идэвхтэй байж гэмээ нь тухайн нийгэм эрүүл саруул орших нөлөөлөл болж байдаг. Иргэний нийгмийн чиглэлээр олон жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, Иргэдийн оролцооны нэгдэл намын үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэлээс хоёр асуултад хариулт авснаа хүргэж байна.
-Монгол Улсад иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахад ямар асуудал тулгардаг вэ?
-Хамгийн том асуудал бол хүн хүч, хөрөнгө санхүү байдаг. Иргэний нийгмийн байгууллагад цалин бага, сайн дураар хөдөлмөрлөдөг учир тэр бүр жилийн 12 сарын турш орон тоогоор ажилтан ажиллуулж чаддаггүй. Үүнээс үүдээс боловсон хүчний дутагдалд байдаг. Бас сайн дурын ажил учраас тайлан тооцоо, татвар, НДШ гэх мэт хуулийн этгээдэд тавьдаг шаардлагуудыг байнга хангахад төвөгтэй байдаг.
Гэхдээ тогтвортой бус үйл ажиллагаатай байна гээд татан буулгах шаардлагагүй гэж үздэг яагаад гэвэл иргэдийн сайн санааны санаачилга жилийн цөөхөн хоногт ажилласан байлаа ч нийгэмдээ их тус болж байдаг.
Хөрөнгө санхүүжилт босгох нь ТББ-ын байнгын толгойны өвчин гэж хэлж болно. Монгол улс энэ тал дээр 2020 оноос хойш нэлээд ухралт гаргасан. Гадаадын болон олон улсын байгууллагаас санхүүжилт авч болно гэдэг заалтыг Төрийн бус байгууллагын тухай хуулиас сэмхэн авч хаясан байсан, одоо ч нөхөж оруулаагүй байгаа. Энэ нь бараг улс төрийн захиалгаар хийгдсэн хулгайн заалт болсон.
Олон улсын хүний эрхийг хамгаалдаг нээлттэй зараар зарлагддаг санхүүжилтээс Монголын төрийн бус байгууллагуудыг таслах шийдвэр болсон харагддаг юм. Иймээс тэр заалтыг хуулинд буцааж оруулах шаардлагатай.
Бас нэг том асуудал нь иргэний нийгмийн байгууллагууд шүүхэд төрийн шийдвэрийг заргалдъя гэхэд дэндүү өндөр шаардлага тавигддаг. Үүнээс болоод орон нутгийн төрийн бус байгууллагууд нутгийн иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг шүүхээр хамгаалуулж чаддаггүй. Аргаа барсан иргэд Улаанбаатарт ирж хэвлэлийн бага хурал хийдэг аргад шилждэг.
-Иргэний нийгмийн байгууллагуудын эрхийг хэн, хэрхэн хамгаалах вэ?
-Иргэний нийгмийн байгууллагуудын эрх эрх чөлөөг хаахгүй байж чадвал тэд өөрсдийнхөө эрхийг маш сайн хамгаалж чаддаг. Мөн хэвлэл мэдээлэл байна.
Хэвлэлийнхэн иргэдийн суурь эрх хаана буурч байна гэдэг дээр их соргог манадаг байгаасай. Иргэний нийгэм байхгүй бол ардчилалын суурь байхгүй болно шүү дээ. Иймээс нэг ч гэсэн төрийн бус байгууллагын эрхийг хамгаалж байх хэрэгтэй.
Төр бол иргэний нийгмийн дарга биш юм. Иргэний нийгмийн нэг гайхамшиг нь тэнд хэн ч хэндээ дарга биш байдаг.
Иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдээд, өөрсдийн болон бусдын эрх ашгийн төлөө ажиллахыг л иргэний нийгэм гээд байгаа юм. Эрх ашиг нь юу вэ гэдгийг төр тогтоохгүй. Төр тогтоохыг оролдох нь өөрөө иргэний нийгмийг устгадаг.
Харин иргэн тодорхойлно. Иргэн өөрөө эрх ашгаа олж харж, өөрсдөө ажлын чиглэлээ тодорхойлж байгаа нь иргэний нийгмийн хамгийн гайхамшигтай эрх мэдэл, эрх чөлөө нь байдаг юм. Энэ эрхийг иргэний нийгмээс салгаж, төр өөртөө аваад хуулинд "нийгмийн сайн сайхны төлөө үйлс" гэж гарчиглаж томьёолж оруулж ирж байгаа нэг оролдлого байна, энэ бол маш буруу юм.
Тийм ч учраас төрөөс одоо хэлэлцэх гээд байгаа "Холбооны эрх зүйн байдлын тухай", "Сангийн эрх зүйн байдлын тухай" хуулиудыг иргэний нийгмийнхэн эсэргүүцэж байгаа. Энэ хоёр хууль батлагдвал "Төрийн бус байгууллага" гэдэг үг монголын бүх хуулиас хасагдаж, иргэний нийгэм юу хийх, юу хийхгүй вэ гэдгийг төр заадаг болох гээд байгаа юм билээ.
Энэ бол том ухралт болно. Иймээс энэ хоёр хуулийг батлуулахын эсрэг тэмцэхийг эрх чөлөөний мэдрэмжтэй бүх УИХ-ын гишүүдээс уриалж байна. Тэд иргэдээ хамгаалах үүрэгтэй, бас тэд хорлох эрх мэдэлтэй. Тэдний ямар байхаас иргэний нийгмийн хувь заяа энэ өдрүүдэд хамаарч байна.