/2022.6.3/ Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй талаар дараах 10 үндэслэлийг нэрлэж болох юм. Үндэслэл тус бүрд маш олон судалгааг эшилж болох тул залхаахгүй үүднээс товчхон дурдъя.
1. Ёс суртахуун, иргэн хоорондын асуудал Доромжлох нь аль ч бүлгийн хүрээнд илрэн гарч болдог үйлдэл. Ахуйн, ажил гэрийн, авгай нөхрийн гээд хил хязгааргүй. Хэл яриа үүсэхээс ч өмнө үйлдлээрээ доромжлох боломжтой. 2007 оны УДШ-ийн 40 дугаар тогтоолд ч ёс суртахуун, зан заншил, уламжлалын онцлогтой болохыг дурдсан.
Харилцааны явцад гарах доголдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь яавч оновчтой шийдэл биш. Нөгөө талаас төрийн хүчтэй албадлагын механизм үйлчилж гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад баривчлах, саатуулах гэх мэтээр үйл тамыг нь үзэж, үстэй толгойг нь бууралттал залхаан цээрлүүлэх бололцоотой. Үүндээ ч гаргууд улс.
Ялангуяа сонгуулийн жилүүдэд онош олноор тавигдана. Бурангуй нийгэм, социалист дэглэмд харц ард, жирийн иргэд хаант төр, төр улсыг удирдан жолоодогчдынхоо эсрэг дуугарах эрхгүй үед доромжлох хэмээх ойлголт нь "мода"-ны сэдэв байв. Одоо төр өөр, соёл сэтгэлгээ шинэ тутам. Хуучны юм ул болов. Улмаар дуугарах эрхээ эдэлсэн ардчилсан дэглэмд шинэ үе өсөж өндийлөө. Ёс суртахуун, ёс зүй, зан суртахуунтай холбоотой асуудал бүрийг хуулиар шийдвэрлэх гэж оролдох нь муйхар хүний үйлдэл, муухан улс төрчийн дэвшүүлэх санал билээ. Үндсэн асуудалдаа оръё.
2. Иргэний журмаар шийдвэрлэж боломж Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17 дахь хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Мөн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэн бүрийн үүрэг.
Гэвч дээрх эрхийг төрөөс эдлүүлэх баталгаа нь Эрүүгийн хуулийн хариуцлага биш юм. Иргэний журмаар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, учруулсан гэм хороо арилгуулахаар шаардах нь зөв юм.
Дэлхийн жишиг нь ч судлаач, шинжээч, тусгай илтгэгч нарын байр суурь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийг санал болгож байгаа цаг үед бид амьдарч байна.
3. Хуулийн давхардал Одоогийн Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт гүтгэх, доромжлохыг ч хамаатуулан ойлгож ял шийтгэл оногдуулж байна. Тэгэхээр зохицуулалтгүй биш, зохицуулалттай. Монгол Улсын хэмжээнд 2020, 2021 онуудад тус гэмт хэргийн дагуу нийт 32 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэснээс харж болно.
4. Тусгай субъект шаардахгүй Сэтгүүлч, комедиануудад доромжлох заалт хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хууль зүйн техникийн хувьд боломжгүй. Хууль зүйн анхан шатны мэдлэг, ойлголтгүй улс төрчийн үг. Олон нийтэд таалагдах гэсэн явцуу оролдлого. Учир нь хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Доромжлох гэмт хэргийг ажил, үүргийн хувьд итгэмжлэн хариуцсан тусгай субъектүүд сэтгүүлч, комедианууд биш.
5. Уран сайхны арга хэлбэр маш өргөн Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний түгээн дэлгэрүүлэх арга хэрэгслийн нэгээхэн төрөл болох "уран сайхны" хэлбэр нь маш өргөн хүрээтэй. Шог зураг, уран сайхны кино, меме, зохиол бүтээл, үлгэр туульсаараа дамжуулан элэглэх, шүүмжлэх, ёгтлох, егөөдөх зэрэг асуудлыг хэрхэх тухайд шийдэл болж чадахгүй. Нөгөө талаас, эрүүл саруул шударга шүүмжлэл, академик эрх чөлөөг юу гэж ойлгох уу?
6. НҮБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжүүд бий НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд 4.5 жил тутамд өгдөг (UPR) зөвлөмжид “гүтгэх”, “доромжлох” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас халах чиглэл өгсөн.
Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэгт хорих ялын шийтгэл хэрхэвч байж болохгүй тухай дурдсан. Гэвч худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэдээ 2-2-53 хоногийн хугацаатай цагдан хорьсон тохиолдлууд нэлээд байна.
Монгол Улсын Засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сард тогтоолоороо биелүүлэх боломжтой гэж үзсэн. (2020 оны зөвлөмжтэй холбоотойгоор одоогоор тогтоол гараагүй санагдаж байна) Хэлбэрийн төдий биелүүлэх гэсэн оролдлого нь Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйл Гүтгэх зохицуулалт байв. Хоёр жил хагасын хугацаанд хэрэгжсэн. Мөн л шийдэл биш байсан тул Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шинээр Эрүүгийн хуульдаа 2020.01.10-ны өдөр оруулсан.
7. 90/10 дүрэм Үнэхээр л олон улсын жишиг, чиг баримжаа судлах гээд байгаа бол үүнийг ашиглаарай. Испани, Герман, Австри, Япон, Финланд, зэрэг орнууд Доромжлохыг тодорхой тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульдаа бичсэн. Дээрх улсын тухайд ихэвчлэн засаглалын дэглэм нь онцлог байдаг.
Хаант, эсхүл шашны уламжлалаас хамаарч (ихэвчлэн лалын шашинтай) орнууд гэмт хэрэг гэж үзэж байна. Харин ардчилсан улсын тухайд доромжлох зохицуулалт нь урт хугацааны турш хэрэгжээгүйгээрээ онцлогтой байдаг.
Тухайлбал, Норвег улс дахь доромжлох зохицуулалт 1933 оноос хойш, Герман, Канад дахь зохицуулалт 1980-аад оноос хойш гэх мэт. Тэгэхээр эдгээр улс, орнуудын эрх зүйн соёл манайхаас тэс өөр өндөр түвшинд байгааг ойлгоно уу. Үнэхээр л дэлхийн жишиг судалмаар санагдаж байгаа бол. Нөгөө талаас, доромжлох зохицуулалтыг гэмт хэргээсээ халсан орнууд маш элбэг бий. 2000 оны эхний арванд Гүрж, Украйн, Тонго, Гана, Шри Линка, Босни-Герцеговин, 2000 оны хоёр дахь арванд Өмнөд Африк, Зимбабве, Буркина-Фасо гэх мэтээр маш олон орны жишээг нэрлэж болно.
8. Цахим орчин дахь хүүхдийн эрх Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалж, /bulling/ хийх зэргээс сэргийлэхийн тулд доромжлох заалтыг Эрүүгийн хуульдаа бичдэггүй юмаа. Жаахан юм уншиж, судалж мэдээлэлд ойр байх хэрэгтэй.
Австрали улс Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай. Герман улс цахим дарамтын эсрэг хуультай. Сингапур цахим орчин дахь худал мэдээлэл, хууран мэхлэлтээс хамгаалах тухай хуулиудтай. Манай улс ч Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай 2016 онд баталсан хуулиудтай.
Эрүүгийн хуульдаа хүүхдийн эсрэг гэмт хэрэг хэмээх бүлэгтэй. Нөгөө талаас, хүүхдийн эрхийг хамгаалах гэж байна гээд хүүхдүүддээ төрийн албадлагын механизм хэрэглэж гэмт хэрэгтэн болгох уу? Хүүхэд хүүхдийнхээ эсрэг л үзэн ядсан үг хэллэг түлхүү ашиглах нь бий.
Тэгэхээр 14-18 насны өсвөр үеэ гэмт хэргээс хамгаална гэх нэрийдлээр гэмт хэрэгтэн болгож, бүх насаар нь хохироох уу?
9. Тайлбар бас дахин тайлбар Өнөөдөр илт, худал, тараах, түгээх нь юу болох талаар албан ёсны тайлбар алга. Хууль хэрэглэх хэмээх хөлгүй далайд живж явна.
Хэрэг шалгаж буй албан тушаалтан өөрийн үзэмжээр шийдвэрлэх боломжтой. Гэтэл худал мэдээлэл хэчнээн төрөлтэй болох тухайд дэлхий нийт тогтсон ойлголтод хүрчихлээ.
ЮНЕСКО-гоос үндсэн гурван төрөлтэй болохыг авч үзсэн. (dis, mis, mal-information) Зарим нь хор уршиг, хохирол шаардаагүй хөөрөгдсөн, дэгсдүүлсэн мэдээллүүд бий. Баримтын бага зэргийн алдаа ч байж болно. Харамсалтай нь, Архангай аймгийн засаг даргыг 13 удаа гадаадад томилолтоор явсныг 15 удаа гэж бичсэн сэтгүүлчийг буруутгасан шийтгэвэр гарч байв. Тэгэхээр худал мэдээлэл гэдгээ нарийвчлан заах, хуулийн тайлбар хийх зэрэг шийдлүүд өнөө хүртэл алга.
Хувийн фэйсбүүк аккаунтаараа лайв хийсэн эсхүл сайтын мэдээн доор коммент бичсэн иргэнийг буруутгасан, хариуцлага оногдуулсан шийдвэр Эрүү, Иргэний аль аль шүүхээс гарч байна. Тухайн мэдээллийг бэлтгээгүй, үзэл бодлоо оруулаагүй, анхдагч эх сурвалж биш байсаар байтал.
Гэтэл шэйр хийж хуваалцах, линк заах, дахин жиргэх болон тухайн мэдээллийг татаж уншсан нутаг дэвсгэрийн хил хязгаар үйлчлэх зэрэг нарийвчилсан асуудалд хуулийг хэрхэн зөв тайлбарлаж хэрэглэх талаар дэлхийн улс орнууд анхаарч буй цаг үед бид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг доромжлох зохицуулалтаар хязгаарлах, айдас-хүйдэс авчрах асуудалд анхаарал хандуулж байх жишээтэй. Маш их ялгаатай байгаа биз. Мөн түүнчлэн, илт гэх үгийг эрүүгийн хуулиасаа хасах нь ч иргэнд ашигтай хувилбар биш. Урьдчилсан нөхцөл дурдах тусам хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүнд ашигтайгаар тайлбарлаж хэрэглэгдэх боломжтой.
Иймд цаг агаарын мэдээний хөтлөгч маргааш +26 градус дулаан байхыг 10 градусаар андуурч хэлэх төдийд л эрүүгийн хариуцлага хүлээх болж байгаа юм.
10. Улс төрийн зорилгоор гэхээс өөр юу гэх билээ. Гүтгэсэн, доромжилсон, худал мэдээлэл тараасан, нэр төр, алдар хүндэд нь халдсан гэж үзэж гомдол, нэхэмжлэл гаргаж буй хүмүүс бол улс төрчид өөрсдөө юм. Ялангуяа сонгуулийн жилд огцом өсдөг.
Хуулийн төсөл санаачлах эрх бүхий субъектийг төлөөлж ярьж буй этгээд ч 2020 онд хангалттай гомдож, гоншигносон. 1999-2021 оны хугацаанд нийт Эрүү, Иргэний шүүхээс шийдвэрлэгдсэн 1146 хэрэг байгаагийн 1/3 тохиолдолд төрийн албан хаагч, төрийн байгууллага эсхүл улс төрчдөөс гаргасан гомдлын дагуу эцэслэн шийдвэрлэгдсэн хэргүүд байдаг. Хариуцлага хүлээсэн этгээдүүдийн 42% нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага дангаараа байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээдүүд гомдол гаргах эрхгүй болохыг хуульчлан оруулах боломжтой байсаар атал одоог хүртэл зугтсаар. Улс төрийн ов мэхээ олон зүйлд гаргасаар ирэв дээ... Хэвлэлийн эрх чөлөөг энэ удаад дурдах ямар ч шаардлага алга. Ганцхан жилд 22 байр ухрахад хангалттай их үүргийг улс төрчид гүйцэтгэсэн.