/2022.6.2/ Өнгөрөгч долоо хоногт болсон "Тогтолцоогоо өөрчилье" хэлэлцүүлгийн үеэрх УИХ-ын гишүүн Т.Доржхандын яриаг нийтэлж байна.
-Та яагаад энэ хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гээд байгаа юм бэ? Ямар үндэслэлээр?
-Өнөөдрийг тогтолцоогоор энэ улс хөгжихгүй нь ээ. УИХ-ын чуулганд нь орж сууж үзлээ. Төсвийг хоёр удаа батлалцлаа. Нэлээд олон хуулийг баталлаа. Хөгжихгүй юм байна гэдгийг нь мэдлээ. Төрийн хэмнэлтийн хуулийн төсөл орж ирсэн. Энэ их зөв хууль байна гээд сайжруулах юм байх гэж бодсон гэтэл бүр дордуулчихсан. Яагаад гэхээр дахин сонгогдохын тулд мөнгө хэрэгтэй байнашдээ. Монгол Улсын төсвийн тодотгол орж ирсэн. Төсвийн алдагдал нь 2,3 их наяд төгрөгийн алдагдалтай, 18 их наяд буюу түүхэндээ байгаагүй хамгийн өндөр төсөв. Энэ үеэр залуус "Ажлаа хий" гэж жагслаа. "Иргэд маань ийм ухаалаг байхад, төсвөө хэмнэе" гэтэл төсвөө яг хэвээр нь баталсан. Яагаад гэхээр тойргийн эрх ашиг тэнд үйлчлээд байна аа.
Өнөөдөр Монгол Улсын нийт эдийн засгийн 40 хувь нь төсөв, 20 хувь нь төрийн өмчийн компаниудын худалдан авалт, 20 хувь нь төрийн өмчийн компаниудын хулгайд алдсан сүүдрийн мөнгөнүүд байна. Өөрөөр хэлбэл, нийт эдийн засгийн зарлагын чинь 80 хувь нь төр болчихсон. Асуудал нь юу вэ гэхээр Монгол Улсын өр байгаа юм.
30 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг 15 дахин өссөн. Гэтэл төсөв, төрийн зардал 55 дахин өссөн. Улсын өр нь 70 дахин өссөн. Үнэндээ бол улсын биш Засгийн газрын өр. Ингээд цаашдаа яваад байвал Монгол Улс хөгжихгүй ээ. 100 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль барьдаг хэвээрээ, нэг хүүхдэд зориулаад 200 ортой эмнэлэг барьдаг хэвээрээ, сүм дугана, хөшөө барьдаг хэвээрээ. Төр гэж явсаар байгаад өнөөдөр манай нийгэм үрэгдлээ. Ажил эрхэлж байгаа хүмүүсийн 1/4 нь төрд ажилладаг, нийт хүн амын 1/3 нь ядуу, хүүхдийн мөнгө өгөхөө больчихвол 1/2 нь ядуу. Ирээдүй байхгүй, итгэл найдваргүй, эдийн засгийн хөгжилгүй ийм улс болчихоод байна. Одоо нэг ч төгрөг зарцуулахгүйгээр өөрчлөх боломж нь тогтолцооны өөрчлөлт юм.
Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлтийг яг одоо л хийх ёстой. Ялангуяа хойд хөрш завгүй байгаа энэ үед яг өнөөдөр хийх ёстой. Энэ бол алтан боломж л гэж хэлж байгаа юм.
-Гэхдээ өнөөдрийг хүртэл бий болсон эрх мэдэл, албан тушаал, эдийн засгийн хуваарилалт тийм амархан өөрчлөгдөхгүй шүү дээ. Та ямар өөрчлөлт гарна гэж найдаад байгаа юм бэ?
-Өөрчлөлт гарна гэж найдахгүй бол болохгүй нь. Монгол залуучуудын орон юм. Бидний үеийнхэн, ахмад настнуудын шийдвэрээр 30 жил амьдарсан. Бодит амьдралаа харцгаая. 30 жилийн дотор хөгжчихсөн маш олон орон бий. Солонгос 25 жилийн дотор хөгжсөн байдаг.
Дэлхийн банк, НҮБ-ын ангиллаар бодит орлого нь 3800 доллараас дээш бол дундаж түвшинд авч үздэг. Манай улсынх 4200 доллар. Гэхдээ татвар, өрхийн судалгааг аваад үзэх юм нэг хүнд ноогдох бодит орлого нь 1600 доллар байгаа шүү. Сүүлийн 10 жилд эдийн засаг нь тэлдэггүй, байсгээд хямардаг. Үүнээс гарах ганц гарц нь системийн өөрчлөлт. Тэнд мянган Оюун-Эрдэнэ, Доржханд байлаа гээд нэмэргүй юм байна. Ямар ч ялгаа алга.
Тиймээс эр зоригтойгоор одоо хийх ёстой. Гэхдээ хийх эрх нь эрх баригч намд байна. 57 кнопоор өөрчилнө. Тиймээс эрх баригчийг шахаж байгаа юм. Яагаад өөрчлөх ёстой вэ гэхээр бас нэг шалтгаан нь аюулгүй байдал байхгүй юу. Парламентын ардчиллаа бэхжүүлсэн улс орнууд бүгд хөгжчихсөн байна. Аюулгүй байдлын асуудал яг хажууд байна. Орос, Украины асуудал, Казакстаны асуудал биднийг тойрохгүй ээ.
Энэ бүхнийг өөрчлөхөд эдийн засгийн хөгжлийн суурь нь сонгуулийн тогтолцоо байна. Монгол Улс 76 жижиг тойрог биш нэг том тойрог болоод жижигхэн тойргийн феодал зангаар биш улсын бодлого ярьдаг, бодлогын мэтгэлцээн хийдэг болмоор байна. Монгол Улсад 30 жилд хоёрхон нам байсан. Одоо ганцхан нам болчихсон. Төрж гарч ирсэн намуудыг тайрч унагаадаг нь монголын түүх. Тиймээс цаашид олон намын тогтолцоотой, хүчирхэг парламентын улс болох ёстой. Бид нэг хүний засаглал руу орж болохгүй, эдийн засгийн хараат байдлаа шийдэхгүй бол болохгүй.
Иргэдтэй уулзаж, 140 мянга гаруй гарын үсэг цуглуулаад явж байна. Иргэд дэмжиж байна шүү. Эхэндээ тэд “Юун 76 гишүүнээ яая гэж байхад” гэж байна. Учирлаад тайлбарлаад хэлэхээр ойлгож, бүр дэмжиж байна аа.
-ҮХНӨ-ийн талаар иргэдээс санал авахдаа хайрцаглахгүй байсан уу? Тухайлбал, ҮХНӨ-өөр бид ийм л өөрчлөлтийг хийнэ гэдэг ч юм уу. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд гоё нэртэй хуулийн төсөл дотор эрх ашгийнхаа заалтыг оруулж батлуулах тохиолдол гардаг шүү?
-Манай санал асуулга заалтуудаа тавьчихсан байгаа. Санал асуухад бүх мэдээллээ өгсөн. Өдөр бүр яриа хийж байгаа. Маш их мэдээлэл өгсний үндсэн дээр гарын үсгээ зурж байгаа. Би энэ УИХ-ын гишүүдэд “Иргэддээ тайлбарлаж, ойлгуулаач ээ” гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Долоо хоногт 100 мянгыг цуглуулж чадаж байгаа бол бид нэг сая, хоёр сая хүнээс гарын үсгийг нь авч чадна. Үндсэн хууль бол нийгмийн бичиг баримт учир иргэдээс саналыг нь авах ёстой, мэдээлэл өгөх ёстой юм. УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө гурван удаагийн албан ёсны санал асуулгыг авна. Ирэх долоо хоногоос төрийн өмчийн байгууллагууд руу очно. Иргэд болон бизнесийн байгууллагууд дэмжиж байгаа.