/2022.5.31/ Өнгөрөгч баасан гарагт “Тогтолцоогоо өөрчилье” хэлэлцүүлэг болсон юм. Хэлэлцүүлэгт ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан нар оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын хэлсэн үгийг буулган хүргэж байна. Та бүхэн видеог бүрэн эхээр нь хүлээн авахыг хүсвэл ЭНД ДАРЖ эсвэл доорх видеог үзэх боломжтой.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Өнөөдрийг тогтолцоогоор энэ улс хөгжихгүй нь ээ. УИХ-ын чуулганд нь орж сууж үзлээ. Төсвийг хоёр удаа батлалцлаа. Нэлээд олон хуулийг баталлаа. Хөгжихгүй юм байна. Үндсэн хуульд өөрчлөлтийг яг одоо л хийх ёстой.
-Та ямар өөрчлөлт гарна гэж найдаад байгаа юм бэ?
-Өөрчлөлт гарна гэж найдахгүй бол болохгүй нь. Монгол залуучуудын орон юм. Бидний үеийнхэн, ахмад настнуудын шийдвэрээр 30 жил амьдарсан. Бодит амьдралаа харцгаая. 30 жилийн дотор хөгжчихсөн маш олон орон бий. Солонгос 25 жилийн дотор хөгжсөн байдаг.
Дэлхийн банк, НҮБ-ын ангиллаар бодит орлого нь 3800 доллараас дээш бол дундаж түвшинд авч үздэг. Манай улсынх 4200 доллар. Гэхдээ татвар, өрхийн судалгааг аваад үзэх юм нэг хүнд ноогдох бодит орлого нь 1600 доллар байгаа шүү. Сүүлийн 10 жилд эдийн засаг нь тэлдэггүй, байсгээд хямардаг. Үүнээс гарах ганц гарц нь системийн өөрчлөлт. Тэнд мянган Оюун-Эрдэнэ, Доржханд байлаа гээд нэмэргүй юм байна. Ямар ч ялгаа алга.
Тиймээс эр зоригтойгоор одоо хийх ёстой. Гэхдээ хийх эрх нь эрх баригч намд байна. 57 кнопоор өөрчилнө. Тиймээс эрх баригчийг шахаж байгаа юм. Яагаад өөрчлөх ёстой вэ гэхээр бас нэг шалтгаан нь аюулгүй байдал байхгүй юу. Парламентын ардчиллаа бэхжүүлсэн улс орнууд бүгд хөгжчихсөн байна. Аюулгүй байдлын асуудал яг хажууд байна. Орос, Украины асуудал, Казакстаны асуудал биднийг тойрохгүй ээ.
Энэ бүхнийг өөрчлөхөд эдийн засгийн хөгжлийн суурь нь сонгуулийн тогтолцоо байна. Монгол Улс 76 жижиг тойрог биш нэг том тойрог болоод жижигхэн тойргийн феодал зангаар биш улсын бодлого ярьдаг, бодлогын мэтгэлцээн хийдэг болмоор байна. Монгол Улсад 30 жилд хоёрхон нам байсан. Одоо ганцхан нам болчихсон. Төрж гарч ирсэн намуудыг тайрч унагаадаг нь монголын түүх. Тиймээс цаашид олон намын тогтолцоотой, хүчирхэг парламентын улс болох ёстой. Бид нэг хүний засаглал руу орж болохгүй, эдийн засгийн хараат байдлаа шийдэхгүй бол болохгүй.
Иргэдтэй уулзаж, 140 мянга гаруй гарын үсэг цуглуулаад явж байна. Иргэд дэмжиж байна шүү. Эхэндээ тэд “Юун 76 гишүүнээ яая гэж байхад” гэж байна. Учирлаад тайлбарлаад хэлэхээр ойлгож, бүр дэмжиж байна аа.
-ҮХНӨ-ийн талаар иргэдээс санал авахдаа хайрцаглахгүй байсан уу? Тухайлбал, ҮХНӨ-өөр бид ийм л өөрчлөлтийг хийнэ гэдэг ч юм уу. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд гоё нэртэй хуулийн төсөл дотор эрх ашгийнхаа заалтыг оруулж батлуулах тохиолдол гардаг шүү?
-Манай санал асуулга заалтуудаа тавьчихсан байгаа. Санал асуухад бүх мэдээллээ өгсөн. Өдөр бүр яриа хийж байгаа. Маш их мэдээлэл өгсний үндсэн дээр гарын үсгээ зурж байгаа. Би энэ УИХ-ын гишүүдэд “Иргэддээ тайлбарлаж, ойлгуулаач ээ” гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Долоо хоногт 100 мянгыг цуглуулж чадаж байгаа бол бид нэг сая, хоёр сая хүнээс гарын үсгийг нь авч чадна. Үндсэн хууль бол нийгмийн бичиг баримт учир иргэдээс саналыг нь авах ёстой, мэдээлэл өгөх ёстой юм. УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө гурван удаагийн албан ёсны санал асуулгыг авна. Ирэх долоо хоногоос төрийн өмчийн байгууллагууд руу очно. Иргэд болон бизнесийн байгууллагууд дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд яагаад өнөөдөр хийх гээд байгаа өөрчлөлтийг оруулаагүй вэ. “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэгчлэн тэр үед ковид гараагүй, дэлхий дахинд ийм дайны нөхцөл үүсээгүй байжээ.
Өнөөдөр эдийн засаг ч хүндэрч, хүмүүсийн амьдрал ч хэцүүдсэн байна. Улсын өр ч хэцүүдсэн. Тиймээс тогтолцоогоо өөрчилье гэж бүгдээрээ л шийдэж байна. Шри Ланкын асуудал үнэхээр аймшигтай байна шүү дээ. Бүгдээрээ л сэрдхийлээ.
Улстөрийн намууд болон өөр бусад салбаруудад хэлэлцүүлэг хийлээ. Бүгдээрээ л тогтолцоогоо өөрчилье гэж байна. Тогтолцоогоо өөрчилвөл эмэгтэйчүүд олноороо гарч ирэх боломж ч нэмэгдэнэ. Залуучууд олноороо орж ирнэ. Одоо байгаа системээр энэ залуус гарч ирж чадахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс оруулж ирэх ёстой.
-ҮХНӨ гэж ярьж байхаар дээд, доод танхимтай буюу шинэ Үндсэн хуулийг ярьвал яасан юм бэ?
-Хэрвээ миний хувийн бодлыг асуувал шинэ Үндсэн хуулийг дэмжихгүй. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө яаралтай хийе л гэсэн бодолтой байна. Яагаад гэхээр олон улсын нөхцөл байдал өөр болчихлоо. Бид дотроо бол учраа олчихдог юм. Гадаадын парламентын төлөөлөл ирж, бид хоол идэх үед биднийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагат яагаад элсэхгүй байгаа талаар асууж байсан. Бид “Манай ард түмэн мэднэ шүү дээ, бид мэдэхгүй. Манай парламентаар хэлэлцээд дэмжихгүй гэсэн” гэж хариулсан. Гэтэл хамт явсан нэг гадны хүн нь “Эд өөрсдийгөө 76 Чингис гэж боддог юм билээ” гэж хэлж байсан. Тэгэхээр бид гишүүдийнхээ тоог нэмээд, хүчтэй парламенттай, олон намын төлөөлөлтэй болмоор байгаа юм.
Өнөөдөр, УИХ-ын 76 гишүүний 20-иор нь л хууль батлагддаг. Гэтэл тэдний 10 нь хуулийнхаа төслийг уншаагүй л байдаг байхгүй юу. Дээрээс нь “Бүлэг шийдсэн” гээд л кнопдчихдог.
Гишүүдийн тоог нэмбэл зардал өснө гэдэг бол үнэхээр “70 дугаар асуудал” юм шүү.
Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно гэдэг дээр бол харин жаахан эргэлздэг. Нэг номерын асуудал бол сонгуулийн тогтолцоогоо л өөрчлөх ёстой. Улстөрийн намын хуулийг бол Ерөнхийлөгч өргөн барьж байгаа. Нам өмчгүй болж, нэг феодалын ханлиг шиг байдаг ийм заваан зүйлийг халах хэрэгтэй.
-Танай намын дотоод уур амьсгал, байр суурь ямар байгаа вэ?
-Ер нь 76 гишүүнээсээ бас урьдчилан асуух ёстой юм. “Та үнэхээр ҮХНӨ-ийг үнэхээр хүсэж байна уу” гэж. Хэрвээ тэд хүсэхгүй байвал Үндсэн хуульд гар хүрч яах юм бэ, тийм биз дээ. Манай нам учраа олохгүй, хуваагдаж хагаралдаад байгаа нь мажоритар системийн гай байхгүй юу. Холимог системийн үед улстөрийн нам төлөвшдөг. Гишүүд нь “нэг завин” дээр суудаг. Манай нам бол ҮХНӨ буюу холимог систем зөв юм байна гэдэг дээр санал нэгдэж байгаа. Харамсалтай нь хоёр хуваагдсан байдал нь арилахгүй байна. Сонгуулийн өмнө манай нам нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр жил намаа нийлүүлэхийн тулд зөндөө гүйлээ. Гэхдээ би ҮХНӨ-ийг оруулж, батлуулчихъя, Улстөрийн намын тухай хуулийг нь зөв болгоё гэж ажиллаж байна.
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан:
Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэж яриад байна. Дүгнэлт хэлэхэд өрөөсгөл. Боломж олдож байгаа бол хүлээж бай, бид 7 жилийн дараа боломжтой болно гэж хэлэх эрх аль ч улстөрийн хүчин, төрийн институцид байхгүй болов уу. Өмнө нь өөрчлөлт хийгдсэн. Энэ өөрчлөлт иргэдийн хүлээлтэд хүрээгүй учир “Дордохын долоон өөрчлөлт” гэдэг нэр авсан. 2019 онд хийсэн өөрчлөлт нь хэлэлцүүлгүүд хийгдэж, өмнөх өөрчлөлтөөсөө илүү байсан. Гэхдээ дутуу зүйлс байсан. Улстөрийн үл ойлголцол, зарим улстөрчдийн ашиг сонирхлоос болоод өөрчлөлтүүд хийгддэггүй. Зайлшгүй шаардлага байгаа бол, ард иргэд, улстөрийн намууд, эрдэмтэн судлаачид өөрчлөлт зайлшгүй гэж үзвэл эрх баригчид бид саад болохгүй гэж хэлж байгаа юм. Бид хөгжих замын гацаа болохгүй. Үндсэн хууль судлаачдаас гаргаж байгаа шаардлагууд ч бий.
Энэ улсын тусгаар тогтнол, бие даасан байдал гэж юун дээр оршиж байна вэ? Бид өнөөдөр парламентын засаглалтай тулдаа бид өнөөдөр амьсгалах агаартай байна гэж шууд хэлж болно. Гэхдээ 76 гэдэг тоо хангалттай юу, үгүй юу. Хэчнээн гишүүнд ямар дарамт шахалт нөлөөлөл үзүүлж болох юм бэ гээд нөлөөлөлд орох харвал маш хэврэг. Маш цөөхөн улстөрчдөд гадаад, дотоодын хүчин зүйлийн нөлөөлөл үзүүлэхэд бидэнд бүрэн эрхэт байдлаа алдах магадлал руу явах зам ойрхон гэж харагдаж байна.
Тэгэхээр улстөрийн намуудын ярьж байгаачлан парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, холимог тогтолцоог оруулах нь парламентын ардчилсан тогтолцоогоо хадгалах боломж гэж бид харж байна.
-Яг одоо байгаа тогтолцоогоор бол танай нам 2024 болон 2028 оны сонгуульд ялна. Гэтэл энэ ялалтаасаа татгалзах шалтгаан, үндэслэл чинь юу вэ?
-Шууд татгалзаад байгаа юм ч алга л даа. Улстөрийн намууд эрх баригчдаас шаардаж байна. Нөгөө талдаа ардчилсан парламентын засаглалаа хамгаалж авч үлдэж чадах уу гэдэг цаг үед ойртож байгаа нь судалгаануудаас харагдаж байна. Энэ тогтолцоогоороо бид сонгуульд ороход асуудал алга. Гэхдээ бид намаа бодох ёстой юу, төрөө бодох ёстой юу. Шинэчлэл хийж байгаа цаг үе. Шинэчлэл гэдэг хүн солих асуудал биш. Түүнээс даргаа сонгохын тулд, сонгогдохын тулд явах чухал биш. Бид 30 жил ингэж явсан. Парламентын нэр хүнд 2018 оны эхэн үеийн хэмжээнд очиж унасан байна лээ. Олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ энэ байдал алдагдаад ирвэл ард иргэд “Нэг хүчтэй лидер тэнгэрээс буувал амьдралаа даатгана” гэх хүсэл сонирхол нь төрж эхэлнэ. Тэгэхээр бид хаашаа явж, юугаа хадгалж үлдэх ёстой вэ гэдгээ бодох ёстой. Сонгуульд ялж ялагдах гэдэг бол хоёр дах асуудал.
-Танай нам доторх өөрчлөлтийн талаарх уур амьсгал ямар байгаа вэ. Тухайлбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт?
-Саяын дурьдсан хүмүүстэй чинь хамт улстөрийн шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр ч хамт шинэчлэлтийн төлөө явж байна. Нам дотор улстөрийн томоохон асуудал үүсээд явж байгаа зүйл байхгүй. Гэхдээ манай нам бол дотоод ардчилалтай, олон ургальч үзэл бодолтой. Одоо нэг хүний үзэл бодол, бодлогоор нам, улстөр, улс орныг удирддаг цаг үе өнгөрсөн. Тийм ч учир парламент дархлаатай болох ёстой гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох уу, үгүй юу гэдгийг бид маш сайн ярих хэрэгтэй. Өнгөцхөн байдлаар ҮХНӨ-ийн хэмжээнд хийгээд болчихно гэж харахад бүрэн итгэлтэй биш байна. Хууль эрхзүйн талаас нь сайтар судлах ёстой. Судлаачдыг сонсъё. Хэлбэр төдий алхмыг хийж болох боловч зохицуулалт хийх шаардлагатай олон зүйл бий. 2-3 жил судалж байж хийх ёстой зүйл.
-Хэрвээ иргэдийн санал асуулгын дүн, эрдэмтэн судлаачид, улстөрийн намуудын шахалтаар ҮХНӨ хийх боллоо гэж бодъё. Ингээд асуудал УИХ-д очжээ. Гэтэл танай намаас тодорхой тооны гишүүд эсрэг кноп дарвал тэдгээр гишүүдтэй танай нам хариуцлага тооцох боломжтой юу?
-Намд байгаа. Төрд бол байхгүй. Намд намын гишүүнд улстөрийн хариуцлагыг хүлээлгэх бүх боломж нь бий. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхэд буюу кноп дарах эрхэд нь халдана гэдэг байж болохгүй зүйл. Гагцхүү энэ өөрчлөлт үнэхээр амин чухал юм гэж үзэж байгаа бол эх оронч хүн байгаа тохиолдолд бүгдээрээ л дэмжих ёстой байх. Хэрвээ ҮХНӨ-ийг дэмжье гээд улстөрийнхөө хувьд шийдвэр гаргасан бол улстөрийн намыг төлөөлж байгаа этгээдүүд улс орны эрх ашгийн төлөө энэ үүргээ биелүүлэх байх гэж бодож байна. Гэхдээ МАН бодно, тунгаана, улстөрийн шийдвэр нэгэнт гарчихсан бол хөнгөн хуумгай алхам хийхгүй нь тодорхой шүү дээ.
-Улстөрийн намын талаарх таны байр суурийг сонирхвол?
-Манай улс парламентын засаглалтай мөртлөө нам хэрэггүй гээд байдаг хүмүүс шүү дээ. Парламент юунаас бүрддэг вэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Сүүлийн 20 жилд улстөрийн намуудын шилэн байх, төрөөс санхүүжих, ил тод байх бүх боломжийг хаасан. Хандив авч болохгүй, санхүүжилт авч болохгүй гэж хаасаар байгаад улстөрийн намуудыг “далд санхүүжилт” рүү шилжүүлчихсэн. Одоо дахиад өмч хөрөнгөгүй байна гээд байгаа юм. Манай сөрөг хүчнийхэн энийг МАН-д л зориулж хэлээд байх шиг байгаа юм. Ардчилсан намынхан талбай тойроод баахан үл хөдлөхтэй. Зүүн талд нь нэг байртай, урд талд нэг байртай, ордны ард бас нэг байртай, ямар ч байсан талбай тойроод өмчтэй шүү. Улсаас авахдаа Ардчилсан нам гээд авчихдаг, зарах болохоороо хувь хүмүүсийн асуудал болчихдог. Энэ бол улстөрийн намын хариуцлагын асуудал юм.
Би саяхан Германд социал демократ намын урилгаар ажлын айлчлал хийгээд ирлээ. Германы улстөрийн намын санхүүжилт маш ойлгомжтой. Хоёр урсгалаар санхүүжилт орж ирдэг. Нэг нь нам босгох, нөгөөх нь намын босгосон санхүүжилтийн 1 евро тутмыг нь 0,45 центээр бодож төр нь нэмэлт санхүүжилт өгдөг. Нам өөрөө босгохдоо, нэгдүгээрт хатуу гишүүнчлэлтэй. Гишүүд нь сар бүр 2,5-1000 еврогийн татвар төлдөг. Хоёрдугаарт, хандивын хэмжээ нь 10 мянган евро авбал тайландаа тусгана, 50 мянгыг хандивлавал зарлана, түүнээс дээш бол олон нийтэд мэдээлнэ. Гуравдугаарт, сонгуульд авсан саналынхаа тоогоор жил бүр санхүүжилт авна. Дөрөвдүгээрт, бундесдагт эзэлж байгаа суудалд хуваарилсан мөнгө. Тавдугаарт, бизнесийн орлого. Жишээ нь, социал демократ нам гэхэд 40 орчим бизнест хувь эзэмшдэг юм байна. Ингээд улстөрийн намын бодлого үйл ажиллагаа олон нийтэд таалагдвал хандив дэмжлэг нь нэмэгдэнэ, тэр хэмжээ нэмэгдсэнээр улсаас өгөх дэмжлэг нь мөн нэмэгдэнэ. Хуулиараа улстөрийн нам бүр хажуудаа судалгааны хүрээлэнтэй. Тэр хүрээлэнгээ өөрсдөө дэмжиж ажиллуулдаг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр парламентын засаглалаа хөгжүүлэхийн үндсийн үндэс нь улстөрийн нам юм. Тийм ч учир Улстөрийн намын тухай хуулийг бидэнд тааруулсан хэлбэрээр биш, бидний хүрэх оргилд тааруулж хийгээч гэж л явж байгаа юм. Улстөрийн намуудыг улстөрчид өөрсдөө муулаад байдгаа боль. Улстөрийн намын хэлэлцүүлэг дээр сууж байхад МҮАН-ын дарга Цогтгэрэл, АН-ын УИХ-ын гишүүн Батсуурь хоёр “Аймаг, сумдад намын хэрэг алга” гэж л яриад байх юм. Тэнд нам байхгүй бол бид хаашаа явах юм бэ? Өнөөдрийнхөө асуудалд орооцолдож ингэж ярихаа болих хэрэгтэй. Харин бид намуудыг анхан шатны түвшинд нь илүү хариуцлагатай болгохын тулд ажиллах ёстой юм.