/2022.05.17/: Фэйсбүүк цахим орчинд Oyunchimeg Enkhbat гэсэн хаягаас “Hoshuunuud bgaa zarna” гэсэн зар мэдээлэл байршуулсныг Экологийн цагдаагийн албанаас шалгахад Монгол Улсын иргэн Э гэгч Казакстан улсын иргэний тухайн улс орондоо олж авч хадгалж байгаа хотон шувууны хошууг авчирч худалдахаар ярилцан төлөвлөж, зар байршуулсан бөгөөд хотон шувуунуудыг Монгол Улсын нутаг дэвсгэрт агнасан нь тогтоогдоогүй байна.
Дээрх иргэнд ховор амьтны эд эрхтнийг хууль бусаар зарж борлуулбал хуульд зааснаар хариуцлага хүлээх учрыг тайлбарлан өгч, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар сануулж, цахим сүлжээнд байршуулсан зар мэдээллийг устгуулж ажиллаа.
Хэрэв нэн ховор ангилалд хамаарах Борцгор хотон шувууг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан байдаг.
Эх сурвалж: ЭЦА