/2022.04.07/ "Монголын эдийн засгийн чуулган-2022"-ыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэллээ.
Хэлсэн үгэндээ “Вакцинжуулалтыг цаг алдалгүй хийснээр 40 гаруй мянган хүний амийг аварсан хэмээн Эрүүл мэндийн салбарынхан хэлсэн.
Монгол Улсыг нэг айл гэж бодвол бид хамтдаа 40 их наяд төгрөгийг бүтээж байгаагаас 9.4 нь урсгал зардалд зарцуулагдаж байна. Бид орлого биш зарлагадаа түлхүү анхаарч ирсэн. Бидний эдийн засгийн багтаамж 40 их наяд байгаа юм. Үүнийг яаж 2-3 дахин тэлэх вэ гэдэг нь Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн агуулга юм.
Бид 2030 онд хангана гэж харж байсан боломжийг 2-3 жилд бүтээх боломжтой. Эдийн засгийн чуулганыг Монгол Улсын түүхэнд үлдэх арга хэмжээ байгаасай гэж хүсэж байна.
ХАА, газар тариалангийн салбартай холбоотой томоохон өөрчлөлт хэрэгтэй. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж, 2023 оны эхний хагас жилээс бүтэн хүчин чадлаар ажиллах тооцоо бий. Энэ нь олон улсад Монгол Улсыг хөрөнгө оруулагчтайгаа хамтарч, тогтвортой ажиллаж чаддагийг харуулж чадсан болов уу. Гүний уурхайн аргаар олборлолт хийж эхэлснээр экспортыг 2 дахин тэлж, агууламжийн хувьд өөрчлөлт гарна. Мөн 2023-2027 онд бүтэн ашиглалтад орсноор Монгол Улс зэс нийлүүлэгч дэлхийн эхний 5 нийлүүлэгчийн нэг болно. Оюутолгой компани болон хөрөнгө оруулагч нартай хамтран зэс боловсруулах үйлдвэр барих зэрэг төслүүдэд хамтын ажиллагааг өрнүүлж байна.
Цаашдаа бид “Эрдэнэт” зэсийн ордыг иж бүрэн ашиглах, газрын тосны үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх, нүүрсний ордуудыг иж бүрэн ашиглах, угаах үйлдвэр барих, аж үйлдвэрлэлт технологийн парк цогцолбор барих зураг төсвүүдийг хийж байгаа. Цар тахалтай байсан ч Засгийн газар зураг төсөв болон ТЭЗҮ боловсруулах боломжтой байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд Барилга, хот байгуулалтын яам болон бусад яамд ТЭЗҮ-д бүх цагаа зарцуулсныг хэлэх хэрэгтэй. Монгол Улс зураг, төсөв, ТЭЗҮ-гээр баян болсон гэдгийг хөрөнгө оруулагч нарт тэмдэглэн хэлье.
Хотын асуудлыг шийдэх нь хөдөөгийн хөгжил юм. Хөдөө хөрөнгө оруулалт хийх эрхзүйн цогц шинэчлэлтийг хийнэ гэж үзэж байна. Ингэснээр төвлөрөл багасна гэж тооцоолж байна.
Хөшигийн хөндийг дагуул хот болгон хөгжүүлэхээр гаднын мэргэжилтнүүдтэй ТЭЗҮ-ийг хийхээр ажиллаж байна. Төр захиргааны байгууллага буюу Засгийн газрын зарим яамыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын шийдвэрийг Ерөнхий сайдын хувьд гаргасан. Нийслэлийн байр Яармаг руу нүүсэн. Ингээд дэд бүтэц хоорондоо холбогдол үйл явцыг богино хугацаанд хийнэ.
Хамгийн сүүлд тулгууртай, хөнгөн галт тэрэг Монголд хамгийн их тохирно гэдэг шийдэлд хүрсэн. ТЭЗҮ гарсан. Үүнийг УИХ-д нээлттэй оруулж шийдвэрлэх нь зүйтэй. Татварын болон, эрхзүйн томоохон асуудлууд үүнийг дагаж шийдвэрлэгдэх ёстой” гэлээ.