/2022.03.31/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:
-Нүүрсний экспортод онцгой анхаарахгүй бол цаашид байдал хүндэрнэ. Өмнөговь аймгийн Ганшуунхайтыг хариуцаж байгаа хүн хэн бэ гэхээр тодорхой эзэн байхгүй байна. Цаад талын Баяннуур аймагтай ижилхэн бүтцээр ажиллуулж болохгүй юм уу.
Гашуунсухайт боомт дээр далд эдийн засаг бодитоор бий болчихлоо. Уул уурхайн амнаас гарч байгаа нүүрс 120-130 доллар байдаг бол 10 км тээвэрлэж буй тээврийн үнэ үүнээс үнэтэй байна. 1 тонн нь 150-200 доллар болсон. Үүнийг хаана, хэн хянаж байгаа вэ. Энэ татвар нь монголд орж ирж байгаа юу.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Сангийн яам үүнийг нэгдүгээр асуудал болгосон. Ковидтой холбоотойгоор уртын тээвэр зогсох хүртэл далд эдийн засаг сүүлийн 7-8 жил маш бат бөх байсан.
Цаашид энэ далд эдийн засгийг үргэлжлүүлж, авч үлдэх маш хүчтэй ашиг сонирхол тэнд байгаа. Үүнийг халах нь бидний зорилго юм. Ковидын үед тээвэр зогссон нь бидэнд шинэчлэлт хийх боломж өгч байна. Цаашид тээвэрлэлтийг уртаар эхлүүлэх, амнаас нүүрс зардаг байдлыг халж, ядаж хил нөхцөлөөр нүүрсээ экспортолдог байх тогтолцооруу шилжинэ. Тэгж байж одоо байгаа тогтолцоог хална.
Бидний тооцоолсноор жилд 1,5-1,7 тэрбум долларын далд эдийн засаг тэнд эргэлдэж байна. Бүх төлбөр тооцоо хийлийн цаана явагддаг.