/2022.03.29/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, энэ онд нийслэлд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцсэн юм.
Д.Сумъяабазар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн онцлогт тохирсон ямар ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа, тулгамдсан бэрхшээл юу байгаа талаар тодрууллаа.
Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Гуравдугаар сарын 17-ноос хойш нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын хувьд зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 200 гаруй ажил тендерийн шатандаа байгаагийн дээр сонгон шалгаруулалтад орох аж ахуйн нэгж цөөн байна гэдэг чамлалтай хэрэг.
Хэрэв эдгээр ажлуудыг энэ ондоо багтаан хийхгүй, он дамжихад хүрвэл илүү их алдагдалд орно гэдгийг онцгойлон анхааръя. Урьд өмнөх жилүүдээс он дамжин орж ирсэн ажлуудын хувьд нийслэлд ч, аж ахуйн нэгжид ч хүндрэл учруулдаг. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үр дүнг нарийвчлан тооцъё” гэсэн юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:
-Энэ жилийн хувьд 103 ажлыг шинээр эхлүүлж буй бол он дамжсан 30 ажил байна. Түүнчлэн замын сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх 50 төсөл бий. Эдгээрээс зураг төслөөс шалтгаалан хүлээгдэж буй зургаан ажил байна. Үнэ ханшийн өсөлт манай салбарын бүтээн байгуулалтад нөлөөлөхөөр байгаа. Тиймээс үнийн өсөлтийг 25 хувиар нэмж бодсон хэдий ч аж ахуйн нэгжүүд зарим ажилд оролцохгүй, санал өгөхгүй байна. Манай салбарын гол бүтээгдэхүүн битум байдаг. Гэтэл битум тасалдахад хүрсэн. Битум нийлүүлэгч компаниудад үнийн тогтворжуулалт хийх санал боловсруулж салбарын яам руу илгээгээд байна.
Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг:
-Томоохон төслүүд болоод авто замын төслүүдийн хувьд тулгамдаж буй асуудал бол газрын нөхөн төлбөр. 2020 онд нөхөн олговрын индекс 0.71 байсан бол Барилга, хот байгуулалтын яамнаас 0.81 болгох саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Үүнээс шалтгаалан газар чөлөөлөлтөд олгодог нөхөн олговрын зөрүү 20 тэрбум гаруй төгрөгт хүрч байна. 43 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч 68 тэрбум төгрөг болон нэмэгдэхээр байгаа. Сангийн яам индексийг батлах юм бол нөхөн олговорт дахин төсөв хөрөнгө шаардлагатай болно.
Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар:
-Бараа материалын үнийн өсөлт хил гаальтай холбоотойгоор үүссэн бол дахин нэг асуудал тулгамдаж байна. Энэ нь валютын нөөцийн хязгаарлалттай холбоотой хүндрэл юм. Аж ахуйн нэгжүүд бараа материал, түүхий эдээ татах гэхээр ам.доллар, юань, рубль олдохгүй байна гэсэн гомдол мэдүүлж байна. Тиймээс бид хөрөнгө оруулалтад оролцож буй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж, гаднаас бараа материал оруулж ирэх, худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхгүй бол зураг төсөл, зөвлөх үйлчилгээ замын ажлаас бусад ажлууд, тэр дундаа барилгын ажил зогсох эрсдэл үүссэн. Дотооддоо хийж буй арматур, бетон зуурмаг, каракас, суурь угсралт хийгдэхээс бус, барилгын гадна фасад, дотоод засал гэх мэт ажлууд хийхэд бэрхшээлтэй болно. Орон сууцны нөөц хомс байна.
Эх сурвалж: НЗДТГ