н.Алтанхуяг: Би донтогч байхдаа 7 хоног тасралтгүй архи уудаг байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

н.Алтанхуяг: Би донтогч байхдаа 7 хоног тасралтгүй архи уудаг байсан

Архинд донтох эмгэг гэдэг нь ганцхан сэтгэцийг гэмтээдэггүй. Давхар дотор болон мэдрэлийн өвчин үүсгэдэг талаар Наркологийн эмнэлгийн дарга, клиникийн профессор Д.Ганбат ярилаа.

Архины хэрэглээ ба эмгэг, тусламж үйлчилгээний талаарх "Асуудалд гарц бий" сэдэвт уулзалт энэ сарын 29-ны өдөр боллоо. Уулзалтад Наркологийн эмнэлгийн дарга, клиникийн профессор Д.Ганбат, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Д.Чулуунболор тэргүүтэй мэргэжлийн хүмүүс оролцсон юм.

АРХИНД ДОНТОХ БОЛ СТРЕССИЙН ШАЛТГААНТ ӨВЧИН

ЭМГ-ын харъяа Наркологийн эмнэлгийн дарга Д.Ганбат архины хамаарлыг дараах байдлаар тайлбарласан юм. Тэрбээр,

Архинд донтох бол стрессээс үүдэлтэй өвчин юм. Энэ нь харилцаанаас үүдэлтэй эмгэг. Тиймээс нээлттэй, чөлөөтэй харилцаатай байдаг гэр бүлд энэ асуудал үүсэхгүй. Хүн гэдэг амьтан өглөөнөөс эхлээд орой унтах хүртлээ тайвшралыг хүсэж байдаг. Өглөөг сайхан үг сонсож эхлүүлсэн хүн өдөржингөө эрч хүчтэй байдаг. Тиймээс архинд донтох бол ярилцаж байж эдгэрдэг өвчин юм.

Архинд донтох нь 5 үе шаттай. Манай эмнэлэгт ихэвчлэн тавдугаар шат буюу нэлээд хүндэрсэн хүмүүс ирж хэвтэн эмчлүүлдэг. Гэхдээ энэ нь тийм ч сайн зүйл биш. Хамгийн архины донтолтыг эрт илрүүлэх нь чухал байдаг. Манайхан архинд донтсон нэгнээ гэр бүлийнхээ хүрээнд нуучихдаг. "Манай хүнийг архичин гээд хэлчих вий" гэсэн хандлага түгээмэл байдаг. Үүнийг өвчин гэж хардаггүй.

Иргэн н.Алтанхуяг

Багаасаа асуудлаа дэлгэж, нээлттэй ярилцаж сураагүй эрчүүд стресс, уур бухимдлаасаа салахын тулд архи уудаг байна.

АМССАН ЦАГААС Л АРХИНД ДОНТОЖ ЭХЭЛДЭГ ЮМ БИЛЭЭ

Өнөөдрийн өглөөний уулзалтад архинд донтох эмгэг буюу хорт зуршлаасаа салж, өөрийгөө ялан дийлж чадсан иргэн н.Алтанхуяг ирж өөрийн туршлагаа хуваалцсан юм. Тэрбээр "Хүннү аялгуу" сургалтын төвийн үүсгэн байгуулагч бөгөөд сүүлийн 5 жил архи огт хэрэглээгүй талаараа ийнхүү ярьсан юм.

-Би морин хуурын багш мэргэжилтэй. 20 гаруй жилийн хугацаанд 300 гаруй хүүхэд, залууст морин хуур бариулсан байна.

Ер нь архинд донтоно гэдэг амссан цагаас л эхэлдэг юм билээ. Амсах бол архинд донтохын эхлэл. Би одоо 45 настай. 20-30 насны хооронд бол архийг хааяа нэг найз нөхөд, гэр бүлийн хүрээнд хэрэглэдэг байсан. Харин 30 гараад миний архины хэрэглээ эрс нэмэгдэж, 35-40 нас буюу 5 жилийн хугацаанд архинд донтсон.

Архинд донтсоны дараа би сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалтай, аливаад цочимтгой аймхай болсон. Архинаас гармаар байв ч гарч чаддаггүй. Архинд донтсон байхдаа хамгийн ихдээ нэг сар л архи уухгүй тэвчиж чаддаг байсан. Гэхдээ нэг уувал 7 хоног тасралтгүй архи уудаг. Бүр аймшигтай байгаа биз. Гэр бүлийн харилцаа ч мөн маш төвөгтэй болдог юм билээ. Эхнэр маань айдас, бухимдалтай байдаг болсон.

Гэхдээ би сүүлийн 5 жил архи огт уугаагүй. Архинаас гарч, хүнд хэцүү цаг хугацааг ардаа үлдээгээд 5 жил болж байна. Морин хуурч хүн учир маш олон найр наадамд уригдаж очдог ч архи уухгүйгээр баярлаж цэнгэж болдог юм байна гэдгийг ойлгосон. Архинаас гарсны дараа миний хувьд бүхий л зүйл эерэг болж эхэлсэн. Гэр бүлийн уур амьсгал сайжирч, миний эхнэр хүүхэд надад итгэдэг болсон. Архигүй орчинд бүх зүйл эрүүл явагддаг юм байна лээ. Мөн маш их эрч хүчтэй болдог. Миний бага охин одоо намайг архи уудаг байсныг огт мэдэхгүй. Том хүүхдүүд маань харин мэддэг. Одоо том охин маань надад "бага байхад үнэхээр хэцүү байдаг байсан" гэж хэлдэг юм.

20-30 нас бол эд хийж бүтээдэг, хүний хамгийн идэвхтэй байх цаг үе. Миний цэвэр архинд донтсон хугацаа гэвэл 2-3 жил гэж хэлж болно. Би энэ хугацаанд их дээд сургууль төгсөж, мэдлэг хуримтлуулж болох байсан. Одоо бодоод байхад хэмжээлшгүй их зүйлийг алдсан байна.

Залуучууддаа хандаж хэлэхэд архийг заавал над шиг хэтрүүлэн хэрэглэж, сэтгэл санааны гүн хямралд орж байснаас, эхнээс нь хэрэглэхгүй байвал урт насалж, эрүүл саруул сэтгэхүйтэй байна. Би одоо 5 хүүхэдтэй. Магадгүй амьдралынхаа нэгэн хэсгийг архи дарстай нөхөрлөж өнгөрүүлээгүй бол үүнээс олон хүүхэдтэй болж болох байсан байх хэмээн ярьсан юм.

НАРКОЛОГИЙН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ИРЖ БУЙ ХҮМҮҮСИЙН 20 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙНА

Наркологийн эмнэлэг өнөөдрийн байдлаар 50 ортой ч, ачааллаасаа хэтэрсэн үйлчлүүлэгчтэй байгаа талаар тус эмнэлгийн дарга ярьж байлаа. Тус эмнэлэг 2018 онд "Сайн санаа- Сайхан сэтгэл-4C" сэтгэл заслын эмчилгээг эхлүүлж, 303 хүнийг хамруулсан байна. Эмчилгээний үр дүн одоогоор 80,2 хувьтай байгаа гэсэн юм.

Дэлхий нийтэд архинаас гаргах үндсэн хоёр төрлийн эмчилгээг түгээмэл хийдэг байна. Тодруулбал, эмийн болон сэтгэл заслын эмчилгээ юм. Манай улсын хувьд сэтгэл заслын эмчилгээг нутагшуулахыг зорьж байна.

Монголд архины хамааралтай 90 мянган хүн байгаа гэх статистик мэдээ 2021 онд гарчээ. Мөн сүүлийн үед архины эмгэгтэй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тухайлбал Наркологийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирдэг хүмүүсийн 10 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бол одоо 20 хувьд дөхжээ.

Жилд 20 мянга орчим архины хамааралтай хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг ч өнөөдрийн байдлаар СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын тасаг, Наркологийн эмнэлэг нийт 3000 хүнд л үйлчилгээ үзүүлж чаддаг байна.

Нийт 87 тохиолдол бүртгэгдсэний 61 нь нийслэлд байна
Нийт 87 тохиолдол бүртгэгдсэний 61 нь нийслэлд байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.