Бодлогод ЗАЛУУСЫН ХЯНАЛТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бодлогод ЗАЛУУСЫН ХЯНАЛТ

“Нэг л өдөр бид хөдлөх, алхах боломжгүйгээр хуулийн тушаанд орсон байх вий гэж санаа зовдог. Ийм болохгүйн тулд өнөөдөр гаргаж буй хууль тогтоомжид иргэд, сэтгүүлчид анхаардаг байх ёстой” гэж Бодлогод залуусын хяналт ТББ-ын Захирал Т.Амарзаяа ярьдаг.

Бодлогод залуусын хяналт ТББ-ын Захирал Т.Амарзаяа

“Төр л аливаа шийдвэрийг гаргадаг, харин иргэд үг дуугүй дагах ёстой” гэж Та боддог уу? Хэрвээ ингэж боддог бол тун буруу.

Иргэд төрийн зөвхөн сонгуульд оролцоод зогсохгүй, бодлого шийдвэрт нь оролцож, хянах үйл явцыг ч хийж болох ажээ. Энэ бол төрд нөлөөлөх иргэний нийгмийн оролцоо. Хамтдаа нийгмээ хөгжүүлж, сайн сайханд тэмүүлэх нэг арга.

Иргэний нийгмийн байгууллага гэдэг нь холбоо, судалгааны байгууллага, олон нийтийн бүлэг, нийтлэг ашиг сонирхлын бүлэг, улс төрийн хөдөлгөөн, сонирхлын клуб гэх мэт байгууллагуудыг хэлнэ.

Манай улс 1990-ээд оноос шинэчлэгдсэн Иргэний нийгмийн байгууллагууд, бие даасан Төрийн бус байгууллагуудтай болж эхэлсэн юм. Манай улсад өдгөө 23 мянга гаруй иргэний нийгмийн байгууллага байна гэсэн статистик байдаг. Гэвч эдгээрээс байнгын, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь тун цөөн.

Тэдний нэг болох Бодлогод залуусын хяналт Төрийн бус байгууллагыг та бүхэнд товчхон танилцуулъя.

УТГА УЧИРТАЙ ОРОЛЦОО

Бодлогод залуусын хяналт ТББ нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2014 оноос идэвхтэй ажиллаж буй нам бус, ашгийн бус байгууллага юм.

Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд залуусын дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаагаа бид “УТГА УЧИРТАЙ ОРОЛЦОО” гэж нэрлэдэг.

Залуус өөрсдөдөө хамаатай асуудлаа судалж, тодорхой шийдлүүдийг санал болгон, бодлого боловсруулах үйл явцад нь оролцдог байхыг зорьж ажилладаг.

Хийж, хэрэгжүүлж буй үндсэн 4 хөтөлбөрийг танилцуулъя:

1.ЗАСАГЛАЛД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО


Алсын хараа: Сэтгүүлзүйн салбарыг чадавхжуулах, засаглал, ардчилал, хүний эрхийн талаар дүн шинжилгээ хийх чадвартай сэтгүүлчдийг бий болгох

2017 оноос “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь “Сайн засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах бөгөөд залуу сэтгүүлчдийг засаглал, хуулийн асуудлаар мэргэшин ажиллахад нь дэмжлэг үзүүлэх” юм.

Энэ хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлаг, Хууль зүйн яамны хамтарсан төсөл болох “Иргэдийн оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг.

Өнөөдрийг хүртэл 120 гаруй залуу сэтгүүлчийг чадавхжуулах сургалтад хамруулжээ.

УЛСТӨР ба СОНГУУЛЬ



Алсын хараа:
Сонгуулийн зардлыг бууруулах, улстөрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх

Иргэний нийгмийн 800 гаруй хараат бус ажиглагчдыг бэлтгэжээ. 2012, 2016, 2017, 2020, 2021 оны нийт таван удаагийн сонгуульд хөндлөнгийн хараат бус ажиглалтыг зохион байгуулжээ.

Сонгуулийн зардалд хөндлөнгийн хяналт хийж, сонгуулийн хуулиадад жил бүр саналаа боловсруулан илгээж байна.

Сонгуулийн зардлын тайлангийн маягтад дэвшилтэт өөрчлөлт гаргаж чадсан амжилттай.

ЗАЛУУСЫН ДАВАЛГАА КЛУБ


Алсын хараа: Гэр хороололд амьдардаг залуусын орчин нөхцлийг сайжруулах. Ингэхдээ асуудлыг залуус өөрсдөө олж хардаг, дуу хоолойгоо нэгтгэдэг, нөхцөл байдлаа сайжруулан өөрчлөх саналыг дүүрэг, хорооны удирдлагуудад хүргэж, өөрчлүүлдэг байх.

Гэр хорооллын залуусын дуу хоолойг нэгтгэж буй энэ клубт 15-22 насны залуус хамрагддаг байна. Тухайн орчимд нь тулгамддаг асуудлыг газрын зургийн аргачлалаар тодорхойлж, асуудлаа үе шаттайгаар шийдвэрлүүлж байна. Гүүгл мап ашиглан, харанхуй гудамж, хүүхдийн тоглоомын талбай гэх зэрэг олон шийдлийг хороо, дүүргийн түвшиндээ нөлөөлөл хийн ажиллажээ.

Ковидын үеэр хэн ч залуусын нөхцөл байдлыг ярьж, анхаарсангүй. Харин энэ залуус “Ковид ба залуус” кэйс судалгааг хийжээ. Залууст тулгамдаж буй асуудлыг энэ судалгаанаас тод томруунаар харах боломжтой.

Энэ жил мөн “Залуусын сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа”-г хийжээ. Энэ судалгаанаас тун ноцтой үр дүнгүүд гарсан байна.

OPEN DATA LAB

Алсын хараа: Хариуцлагатай засаглалын хөтөлбөр.

Иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд тал бүрээс энэхүү нээлттэй мэдээллийн өгөгдлийг ашиглаж, төрийн бүтцүүд, өндөр дээд албан тушаалтнуудыг хянадаг байх.

Энэ нээлттэй мэдээллийг ашигладаг байгууллагуудыг оруулсан “Дата эрх чөлөө” үзэсгэлэнг” 2021 онд зохион байгуулсан бөгөөд 2022 онд мөн зохион байгуулах төлөвлөгөөтэй.

Энэ жилийн хувьд Иргэдийн хурлын залуу төлөөлөгчдөд хандсан “Хуулиар засаглая!” гурван сарын хөтөлбөрийг хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөр нь Үндсэн Хуулиар тодорхойлсон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд залуу төлөөлөгчдийн оруулж буй хувь нэмрийг бэхжүүлэх, манлайллыг нь дэмжих, сүлжээ бий болгох зорилготой.

САНХҮҮЖИЛТ: Бодлогод залуусын хяналт ТББ-ын үндсэн санхүүжүүлэгч нь Нээлттэй нийгмийн форум байгууллага. Алсын хараандаа хүрэх зорилгоо биелүүлэхэд хөтөлбөрийн томоохон дэмжлэг үзүүлдэг.

Эх сурвалж: Иргэний нийгмийн мэдээ

Б.Мөнхбаатар: Шинэ Зуунмод хотыг ухаалаг, эко хот болгож хөгжүүлнэ
Б.Мөнхбаатар: Шинэ Зуунмод хотыг ухаалаг, эко хот болгож хөгжүүлнэ
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.