/2022.03.15/ Богдхан ууланд энэ сарын 11-ний орой гал гарсан билээ. Уг гал нь татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй байгаа юм.
Тухайн өдрийн 19 цаг 47 минутын орчимд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Зайсан толгойн зүүн талд Богдхан ууланд гал гарч байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан байсан бөгөөд галыг тэр даруй унтраажээ. Шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, 34 настай, эрэгтэй, "Э" гэгчийг тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан галын аюулаас сэргийлж ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.