/2022.03.09/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө.
Хурлаар Хөшигийн хөндийн асуудлаар хэлэлцсэн шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар:
-Хөшигийн хөндийд шинэ хот байгуулахаар төлөвлөж байгааг та бүхэн мэдэж байгаа. Сүүлийн 30 жил ийм том хэмжээний хот төлөвлөлт хийгдээгүй. Хөшигийн хөндийд өнгөрсөн хугацаанд бид байр зүйн зураг буюу уул, жалгыг судлаж гаргаж ирэх, газар хагалбарын мужийг тогтоох буюу 8 балл гэдгийг нь тогтоосноор баригдах байшингуудын даацыг тогтоож гаргаж ирэх, усны нөөцийг тогтоох зэрэг 150 мянган хүн багтах хот төлөвлөлтийг хийж байна. Одоогийн Дархан, Эрдэнэт хотууд бол 100 мянган хүний хот.
Энэ хоттой холбоотой өнөөдрийн гарсан гол шийдвэр бол төрийн захиргааны зарим байгууллагуудыг үе шаттай Хөшигийн хөндий рүү гаргах шийдвэрийг гаргалаа. Энэ бол төрийн захиргааны төв байгууллага биш төрийн захиргааны зарим байгууллагуудыг үе шаттай гаргахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Хөшигийн хөндийн төлөвлөлтөд таталцлыг бий болгож хүн амын төвлөрлийг бий болгоно гэж үзлээ.