/2022.03.01/: АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын эсрэг хүчтэй хориг арга хэмжээ авах тухай тогтоолд гарын үсэг зурснаар тус улсыг ам.доллар болон бусад улсын валютаар наймаа арилжаа хийх боломжийг хумьж, мөн нийтдээ нэг их наяд долларын хөрөнгөтэй Оросын 5 банкийг ч хоригт хамруулсан юм.
Мөн Оросын элитүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийн нэрсийг багтаахаа ч бас мартсангүй.
Гэхдээ төр засаг нь сүүлийн үед криптовалютийг хуульчлахаар зэхэж байгаагийн дээр иргэд нь аль хэдийнээ маш их хэмжээний криптовалют эзэмшдэг ОХУ-ын хувьд дээрх хориг арга хэмжээ үр дүнтэй байж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Эдийн засгийн хориг арга хэмжээ авагдсан улс орнууд, тухайлбал, Венесуэль болон Хойд Солонгос улсууд хориг арга хэмжээг зөрчихдөө илүү бодит, биет аргаар үздэг (тухайлбал, усан онгоцноос усан онгоц руу газрын тос шилжүүлэн юүлэх гэх мэт) бол крипто валют, цахим мөнгийг төвлөрсөн бус биржээр дамжуулан шилжүүлснээр эдийн засгийн хоригоос хөнгөхөн мултрах юм.
Хөрөнгө оруулалтын удирдлагын VanEck компанийн цахим хөрөнгийн судалгааны хэлтсийн ахлах ажилтан Мэтью Сигел хэлэхдээ “Биткойны сүлжээнд дарангуйлагч ч, хүний эрхийн төлөө тэмцэгч ч яг адил эрх хэмжээтэй. Тэнд ямар нэгэн хориг цензур байхгүй” гэжээ.
Угтаа бол АНУ болон холбоотнуудын тавьсан дээрх хориг нь Оросын баячууд, банкуудыг барууны ертөнцөөс тусгаарлах учиртай билээ. Гэвч хэрэв өнөөх баячууд блокчэйн технологи ашиглан, өөрийнхөө нэр усыг мэдэгдүүлэхгүйгээр шилжүүлэг хийх боломжтой криптовалют руу хөрөнгөө шилжүүлэх юм бол хориг тавьсны ач холбогдол сулрах юм. Цахим валют ашигласнаар тэд Оросоос гадна өөр улсад хөрөнгө оруулалт хийх, ямар нэг бараа, үйлчилгээ худалдан авах эрхтэй болно гэсэн үг. Мэдээж хэрэг тэдний гүйлгээг хянах, саатуулах эрх бүхий банк санхүүгийн байгууллагаар энэ бүх гүйлгээ дамжихгүй.
Quantum Economics санхүүгийн зөвлөх үйлчилгээний компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Мати Грийнспан “Хэрэв хоёр хүн арилжаа наймаа хийхдээ банкаар дамжуулах хүсэлгүй эсвэл боломжгүй байвал тэд гарцаагүй Биткойныг сонгох болно. Тиймээс хэн нэгэн чинээлэг эрхэм өөрийнх нь дансыг царцааж магадгүй нь гэж таамаглах юм бол мөнгөө түгжүүлэхгүйн тулд хөрөнгөө даруй Биткойнд шилжүүлэх болно” гэж ярьж байна.
Фиат мөнгө буюу төв банкны мөнгөн тэмдэгтийн гүйлгээг банк, санхүүгийн байгууллагууд мөшгих, хянах, саатуулах боломжтой байдаг бол цахим валютын онцлог нь эзэмшигчид өөр хоорондоо засгийн газар болон өөр бусад байгууллагын хориг саадаас үл хамааран шууд шилжүүлж болдогт оршино.
Мөн цахим валют ээмшигчид нь олон бирж дээр олон бүртгэл нээж, хооронд нь гүйлгээ хийснээр мөнгөний гарал үүслийг олж тогтооход улам хүндрэлтэй болгох ч боломжтой. Ингээд эцэст нь хориг арга хэмжээнд нэгдээгүй аль нэг улсын крипто биржээр дамжуулан хөрөнгөө гаргаж авч чадах юм. Гэвч ингэж шилжүүлсэн мөнгөө эргүүлээд бэлэн мөнгө болгоход нь тэдэнд хүндрэл үүснэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Хоригт нэгдээгүй аль нэг улсын банк буюу бирж рүү мөнгөө шилжүүлсэн ч гарал үүслийг нь тоочих шаардлага зайлшгүй үүсэх юм.
Ерөнхийлөгч Байден пүрэв гарагт шинэ хориг тавихдаа “энэ хоригт орсон хувь хүмүүс бол Кремлийн бодлогын ачаар баяжсан хүмүүс учир хамтдаа зовлонг нь амсах ёстой. Ирэх өдрүүдэд ч бид тэдгээр чинээлэг эрхэмүүдэд зориулсан өөр арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн. Харин одоогоор дээрх хоригт орсон баячуудаас хэн нэг нь цахим валют эзэмшдэг гэдгээ мэдэгдээгүй л байна.
Гэвч цахим валютаар дамжуулан мөнгө угааж болно гэдэг нь том эндүүрэл шүү гэж мэргэжилтнүүд сануулж байна. Тухайлбал, биржүүд хориг тавигдсан орноос мөнгө орж ирж байгаа биржийн хэрэглэгчийн дансыг хянах боломжтой болсон, мөн цахим валютыг төвлөрсөн биржээр дамжуулан баригдалгүйгээр төв банкны мөнгөн тэмдэгт болгох боломж бараг үгүй юм.
Хэрэв хориг арга хэмжээг сахиулагчид ажлаа нямбай хийх юм бол блокчэйн сүлжээнд хэн мөнгөө хааш нь шилжүүлж байгаа нь нээлттэй ил тод байдаг нь мөн тэдэнд хүндрэл үүсгэнэ. Сүүлийн үед засгийн газар, хууль хяналтын байгууллагууд цахим хөрөнгийн дансыг царцаах, битүүмжлэх захирамж гаргах болсон бөгөөд 2016 онд BitFinex биржийн дансанд хууль бусаар нэвтэрч, их хэмжээний цахим валют хулгайлсан хүмүүсийг барихдаа энэхүү мөшгих аргыг хэрэглэсэн байна.
Гэвч ОХУ-д крипто валютын хувь заяа яг одогооор тодорхойгүй байгаа юм. Засгийн газраас гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор крипто валютыг хуульчилж, зөвшөөрүүлэх хүсэлтэй байгаа бол тус улсын төв банкны үзэж байгаагаар цахим валют нь пирамид сүлжээний зарим нэг шинжийг агуулдаг тул хориглох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Путин өнгөрсөн сард талуудыг нэгдсэн шийдвэрт хүрэхийг үүрэг болгосон ч талууд криптог хэрхэн зохицуулах тал дээрээ тохироонд хүрээгүй л байна.
Гэвч тэдэнтэй тэдэнгүй олон сая Орос иргэд аль хэдийн цахим валют эзэмшээд эхэлсэн ба 2 их наяд рубль буюу 22,9 тэрбум ам.долларын үнэ бүхий крипто валют эзэмшиж байна. Мөн нийтдээ 17 сая Орос иргэд буюу нийт хүн амын 12 хувь нь цахим валют эзэмшдэг гэсэн судалгааны дүнг Сингапурын Tiple A компани мэдэгджээ. Америкийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ олон хүн засгийн газар нь албан бусаар зөвшөөрөөгүй бол ийм их цахим мөнгөн гүйлгээ хийх боломжгүй гэж байна. Хуучин ЗХУ-н бүрэлдэхүүнд багтаж байсан Оросын хөршүүд ч криптод анхаарлаа хандуулж байна. Жишээ нь, Украйн улс өнгөрсөн 7 хоногт криптовалютын тухай хууль баталсан бол Казакстан улс амжилттай хөгжиж буй крипто олборлолтын салбарыг оновчтой зохицуулж, татвар ноогдуулах талаар хэлэлцэж байгаа юм:
Эх сурвалж: bloomberg